Зөвхөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар 774 өрхөд шал, хана, тааз, радиатор, зуухны цахилгаан халаагуурыг тавьсан гэж албаны хүмүүс хэлж байна. Нийт гэр хорооллын өрхийн 1/3 нь утаагүй зуух хэрэглэдэг болсон гэнэ. Цаашид гэр хорооллын 140 мянган өрхийг утаагүй зуух болон боловсруулсан түлшээр хангаснаар агаарын бохирдлыг 60 хувиар бууруулах боломжтой гэсэн. “Энэ жилийн хувьд агаарын бохирдлыг 30 хувиар бууруулна” гэж хотын дарга Г.Мөнхбаяр хэлж байлаа. Одоо харин ингэх боломжгүй болоод байгаа. Толгойноосоо том юм ярьдаг шахмал түлш үйлдвэрлэгчид хотынхнын жилийн байтугай 14 хоногийн хэрэгцээг хангаж чадахгүй нь нотлогдчихсон юм. Тэгээд ч нөгөө шахмал түлш нь гал асаах зориулалттай болохоос гэр халаах зориулалтгүй юм билээ. Дүрс хийгээд л дуусаа.
Хотын даргын орлогчийн хэлснээр нийслэлийн 180 гаруй мянган өрхийн 140 мянгыг нь сайжруулсан зуух болон цахилгаан халаагуурт шилжүүлснээр утаа буурна гэнэ. Wow /Монголоор бол хөөх/… Гэхдээ өнөөдөр эрчим хүчнийхээ ачааллыг яая даа гэж байгаа хот тав дахь эх үүсвэрийг бий болгодоггүй л юм бол цахилгаан халаагуурын талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Утаагүй зуухны хувьд асар их өртөгөөр босч байгаа. Нэг зуухны бодит үнэн нь 300 гаруй мянган төгрөг. Энэхүү зуухны үнийн дийлэнхийг нь Мянганы сорилтын сангийн Цэвэр агаар төслөөс санхүүжүүлдэг. Гэтэл оны өмнө энэ төслийг хариуцаж буй хоёр ч захирлыг энэ албан тушаалд ажиллуулах ямар ч боломжгүй гэж Мянганы сорилтын сангаас захидал илгээж халуулсан. Тэд ямар ч байсан цэвэр агаарыг бий болгохын төлөө ажиллаагүй учраас ингэсэн хэрэг л дээ. Үүнээс болоод санхүүжилтээ ч зогсоож болзошгүй байдал үүссэнийг санах л хэрэгтэй. Хэрэвзээ хотын даргын орлогчийн хэлээд байгаа шиг 140 мянган айлыг сайжруулсан зуухтай болгоно гэвэл 42 тэрбум төгрөг шаардлагатай. Өнөөгийн зах зээлийн ханшаар тооцвол энэ мөнгөөр 1000 орчим айлд хоёр өрөө байр худалдаж авч өгнө. Орон сууц баривал хэдэн мянган орон сууц барихыг хэлж мэдэхгүй юм. Лав л 1000-аас хоёроос гурав дахин ихийг барина гэдэгт итгэлтэй байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан тушаалтан “Баянгол дүүргийн 11 мянган айл түүхий нүүрс огт түлэхгүй байгаа” гэж гөрдөж байх юм. Сайхан молигодож байгаа биз. Шуудхан хэлэхэд, миний бие тэр дүүргийн хэдхэн гэр хорооллын нэгэнд нь амьдардаг юм. Манайх шахмал түлш биш нүүрс түлдэг. Уучлаарай, шахмал түлш түлье гэсэн ч олддоггүй шүү. Хүйтэрснээс хойш тэрийг чинь авах гээд олдохгүй байна. Манай гудамжныхан портероор нүүрс авчрах нь авчирч, жижиглэнгээр авдаг нь телевизийн эцсээс шуудайгаар нь авдаг юм.
Ганц миний өмнөөс биш бүхэл бүтэн 11 мянган айл өрхийн тухай ташаа мэдээлэл өгөхдөө ичээсэй. Ер нь эд нар ингэж л худлаа ажилласан болж, “цаас”-аар ажлаа хийгээд сурчихсан хүмүүс. Нэг нь танилцсан болж, нөгөө нь тайлагнасан болоод л гүйцээ. Телевизээр тэдний харахаар өмнөөс нь ичмээр юм. Ямартай ч улсын төсвөөс утааг бууруулахад, 2011 онд 20 гаруй тэрбум, 2012 онд 30-аад тэрбум төгрөг төлөвлөсөн гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байна. Өнгөрсөн хугацаанд утаанд 60-70 тэрбум төгрөг зарцуулжээ. Үр дүнг нь өөрсдөө дүгнэнэ биз.
Аливаа зүйл хотод нутагшихаараа л утгаа алдаад байх шиг. Хөдөөд хонь хариулдаг хүнийг хоньчин гэдэг. Хотод бол энэ үг цагаан утсаар яриулдаг хүнийг хэлнэ. Нийтлэг жишгээр махан идэштэнг махчин гэдэг бол хотынхон хүнсний захын мах зардаг худалдаачинг ингэж дуудна. Шувуу хүртэл буруу дэвчих гээд байдаг энэ хотын нэр томъёо бүхэн голдуу шууд утгаасаа эсрэг утгыг агуулдаг. Хамгийн сүүлд “утаачид” гэдэг томъёолол гарч ирж байгааг НИТХ-ын төлөөлөгч Д.Нямхүү хэлсэн. Энэ хүмүүсийг гэр хороололд амьдрагсадтай эндүүрэв. Гэр хорооллынхонд шахмал түлш шахдаг, утаагүй нэртэй уутаа үйлдвэрлэх зуух борлуулдаг, тэрийг нь үр дүнгээ өгч байгаа гэж гөрддөг төрийн албаны сүлжээ болсон нөхдүүдийг хэлдэг юм гэсэн. Түүний хэлж байгаагаар энэ нь хамгийн ирээдүйтэйгээс гадна тэрбум тэрбумаар нь олдог хамгийн ашигтай бизнес гэсэн. Агаарын бохирдлыг бууруулна гэж арваад жилийн өмнөөс ярьсан. Тэр нь эсрэг утга агуулж байсныг одоо л мэдлээ. Утааг улам өтгөрүүлэхэд энэ хөтөлбөр чиглэсэн юмсанж. Эрүүл мэндийн салбарынхан агаарын бохирдлын улмаас жилд дунджаар 1600 хүн хорвоогоос буцаж буйг мэдээлэхээр нь л мэдлээ.
Хоёр жилийн өмнө Хялганатад үртсэн шахмал түлшний үйлдвэр байгуулж гурав орчим тэрбум төгрөгийн татаас өгч байсан. Харин одоо энэ үйлдвэр ажилладаг эсэх нь ч эргэлзээтэй болчихсон. Дараагийн шахмал түлшний үйлдвэр нь “Төгрөг нуурын энержи” гээд компанид бас хоёр тэрбум төгрөг зарсан. Тэр нь “Арваад мянган тонн шахмал түлш үйлдвэрлэнэ” гэж тухайн үед хэлж байсан ч одоо 60-хан тонн түлш үйлдвэрлээд байгаа аж. Иймэрхүү байдлаар л утаатай тэмцдэг.
Энгийн нүдээр харвал утаа улам өтгөрөөд л байна. Өмнө нь Дэнжийн мянга, Телевиз, Баянхошуу руу явахад адаглаад өмнөөс ирж буй машины гэрэл харагддаг байлаа. Одоо бол юу ч харагдахаа байсан. Ингэж л ичгүүр сонжуургүй бизнес хийж байна. Төрийн бизнес шүү.
Энэ бүхнийг болиулж, янданг цөөлөх саналыг 2004 онд онд НИТХ-ын төлөөлөгч Д.Нямхүү тавьж байсан ч дэмжээгүй аж. Учир нь түүний санал хотыг жинхэнэ утгаар нь утаагүй болгох байв. 1000 янданг нэг яндан болгох энэ төлөвлөгөө хотынхнын бизнесийг дампууруулах учраас хэрхэвч хэрэгжүүлж болохгүй төлөвлөгөө. Уг нь өнөөгийн зарцуулаад байгаа мөнгөөр л энэ бүхнийг хийчих юм билээ. Энэ чиглэлийн компаниуд өөрсдөө тооцоо, судалгаагаа хийгээд хоёрхон жилийн дотор л бүх ажлыг хийгээд дуусгачихна гэж байсан. Хэрэв тэгж чадвал 180 мянган янданг 180 яндан болгох аж. Тэрхүү яндангуудад дээд зэргийн шүүлтүүр байрлуулснаар ямар ч утаагүй болгох аж. Гэхдээ энэ нь шахмал түлш, зуухны үйлдвэрүүдийг дампууруулна.
Тиймээс л хотын удирдлагууд XVII зуунд хэрэглэж байсан Солонгосын түлшийг ХXI зуунд Монголд нутагшуулж байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэн нэгдүгээр ангийн жаалын шулганадаг томъёог нийслэлийн удирдлагууд мэддэггүй шалтгаан нь өөрсдийнх нь бизнестэй холбоотой. Янданг цөөлбөл утааг дагасан бизнес дампуурах нь дамжиггүй учраас тэр. Нарны гэрэл лааны үйлдвэрлэлийг дампууруулж байна гэдэгтэй яг ижил ойлголт. Янданг яндангаар, зуухыг зуухаар, нүүрсийг нүүрсний хогоор солих нь хотын удирдлагуудын хамгийн эрхэм зорилго. Тэдний толгойд мянган янданг нэг болгох бус нэгийг мянга болгох санаа л эргэлддэг буй за.