“Даяарчлалын үүрэг”

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

“Даяарчлалын үүрэг”

Ази, Номхон далайн бүсэд АНУ-ын цэргийн оролцоог нэмэгдүүлэх ёстой батлан хамгаалахын шинэ стратегийн төслийг өнгөрсөн пүрэв гаригт ерөнхийлөгч Барак Обама танилцуулсан байна. Цэргийн шинэ номнолоор Пентагоны албан хаагчдын тоог хорогдуулна. Европт ч тэр нь хамааралтай болж байна. Батлан хамгаалахын зардал 500 тэрбум ам.доллараар танагдах болжээ.

АНУ-ын цэргийн шинэчлэгдсэн номнолын үндсэнд хуурай замын цэргийн тоог хорогдуулах, Ази, Номхон далай, Ойрхи Дорнодод цэргийн оролцоог нэмэгдүүлэх зорилго тавигджээ. Америкийн цэргийнхэн өөрийн хүчнийг Өмнөд Хятадын тэнгис ба Ормузын хоолойд төвлөрүүлнэ. Үүндээ кибер цэрэг, нисгэгчгүй аппаратуудыг өргөн ашиглах ажээ.

 “Хятадын цэргийн хүчин чадлын өсөлт, стратегийн эрмэлзлэл бүс нутагт сөргөлдөөн гаргахгүйн тулд тодорхой хандлага дагалдах ёстой” гэж стратегийн дагалдах баримтад өгүүлжээ. Үүний зэрэгцээ АНУ нь “Энэтхэгтэй урт хугацааны  стратегийн түншлэл тогтоохыг эрмэлзэн бүс нутгийн эдийн засгийн тулгуур, Энэтхэгийн далайн өргөн бүсэд аюулгүй байдлын баталгаа болох чадварыг нь дэмжинэ” хэмээн уг баримтад суулгаж өгсөн байна.

Баримтыг бүтээгчид Оростой харилцах харилцааныхаа талаар бичихдээ хоёр орны сонирхол нийлж байгаа салбаруудад илүү нягт холбоо тогтоохыг эрмэлзэнэ гэж онцолсон байна. “Өргөн дэлгэр асуудлаар” олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад Оросын оруулж буй хувь нэмрийг АНУ хөхиүлэн дэмжихээ үргэлжлүүлэх ажээ.

Америкийн арми, тэнгисийн явган цэргийн тоог цаашид хорогдуулах учраас АНУ нэгэн зэрэг хоёр дайн явуулахгүй гэнэ. Ирак ба Афганистанд “терроризмтай хийсэн дайны” Жорж Бушийн төлөвлөгөөний  чухал хэсэг нь байсан батлан хамгаалахын зардлын хүчирхэг хөтөлбөр тийм ч чухал биш боллоо.


Одоо Пентагон өөрийн Зэвсэгт хүчний үүргийг бүдэгрүүлэн тайлбарлаж байна. “Америкийн цэрэг нэг бүс нутагт том хэмжээний ажиллагаанд татагдан орсон ч түрэмгийлэгчийн хоёр дахь бүс нутагт төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь саад тавих эсвэл түүнд хүчирхэг цохилт өгөх чадвартай байна” гэж баримтад онцолсон байна.

Хорогдуулалтад Европ дахь АНУ-ын цөмийн зэвсгийн хүчин  хамрагдана. “Цөмийн зэвсгийн тусламжтайгаар барин зогсоох салбар дахь манай зорилтыг өнөөгийнхөөс бага хэмжээнд гүйцэтгэх боломжтой” хэмээн  баримтыг зохиогчид үзэв. Үүнийг цөмийн зэвсгийн цэнэгийг хорогдуулах замаар хийхийг тэд санал болгож байна.

АНУ-ын Батлан хамгаалах яам 2013 оноос үйлчлэх төсвөө шинэчилсний дараа Америкийн цэргийн тоог нарийвчлан гаргах гэнэ. Цэргийн яам ойрын долоо хоногуудад төсвийн талаар саналаа гаргах ажээ. Барак Обамагийн захиргаа хуурай замын цэрэг ба тэнгисийн явган цэргийн тоог ирэх 10 жилийн дотор 10–15 хувиар хорогдуулахаар төлөвлөсөн байгаа. Одоо Америкийн арми нь 565 мянган цэрэг ба 2001 мянган явган цэргээс бүрэлдэж байна хэмээн Reuters тодруулжээ.
Пентагонд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Америкийн армийг аажмаар бүтцийн өөрчлөлтөд оруулах болно гэж Обама мэдэгдэв. Цэргийн шинэ номнол нь терроризмын эсрэг тэмцэх улс орны аюулгүй байдлыг хамгаалахад чиглэгдсэн байна. Мөн боломжийн байж болох түрэмгийлэгчдийн эсрэг зогсох чиглэлтэй. Үүний зэрэгцээ сүлжээний довтолгоог няцаах кибер армийн хөгжилд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажээ.

Пентагоны зардлыг хорогдуулахаар болж байтай холбогдуулан Барак Обама хэлэхдээ АНУ өөрийн  хүчний тэргүүллийг хадгалах эрмэлзэлтэй гэсэн байна. “АНУ-ын Зэвсэгт хүчин “шаламгай, уян хатан, гарч болох ямар ч нөхцөлд бэлэн байх болно” гэдгийг тэрээр онцлов.

Цэргийн шинэ номнолыг Обамагийн хяналт дор сүүлийн найман сарын турш боловсруулжээ. Төсвийн асар их алдагдал ба улсын өрийн хэмжээг бууруулах шаардлага улс орны өмнө гарч ирсэн учраас энэ номнолыг боловсруулах хэрэгтэй болсон юм. 2009 оноос эхлэн төсвийн алдагдал жилдээ 1,3 их наяд ам.доллараас буугаагүй ба улсын өрийн хэмжээ 15 их наядаас хэтрээд байна.

Барак Обама өмнө нь мэдэгдэхдээ 2013 оноос эхлэн 10 жилийн дотор батлан хамгаалахын зард­лыг бараг 500 тэрбум ам.доллараар бууруулна гэж байсан юм. Гэхдээ Америкийн стратегийн сонир­хол хор хөнөөлгүй байх ёстойг бас сануулж байв.

Обамагийн шинэ номнол Бүгд найрамдах намынхан дунд нэлээд дургүйцэл дэгдээлээ. Бие даасан сенатор Жо Либерман цэргийн зардлыг танах нь эсрэг талынханд АНУ-ын Зэвсэгт хүчнийг үнэлэхгүй болгох боломж бий болгоно гэж сануулав. Бүгд найрамдах намын Бакк Маккеон шинэ номнол дор Обама ухралтаа нуулаа гэж шүүмжилжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж