Шатахууны үнийн өсөлт хямралын эхлэлийг тавив уу

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн өсөлт хямралын эхлэлийг тавив уу

Нефтийн асуудал өнгөрсөн баасан гаригт Засгийн газрыг түргэн авхуулж, амралтын өдрүүдийг тааруулдаг уламжлалт аргаараа импортлогчид шатахууны үнийг 270 төгрөгөөр огцом өсгөсөн нь эдийн засагт хямрал даллав уу гэлтэй угаасаа л эдийн засгийн өсөлт нь өрхийнхөө амьдралд нөлөөлж чадаагүй, цалин бага, амьдрал хэцүү байгаа монголчуудыг бүсээ чангалахад хүргэж магадгүй боллоо. Улстөр нь донсолгоотой байх үеэр Монголын эдийн засгийн суурийг ганхуулж мэдэх гаднаас улаабаатай нийлүүлэлтийн шок жагсаал цуглаан хийгээд ч цалингаа нэмүүлж чадахгүй байгаа, цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэдийн халаасыг юу ч үгүй хоослохоор болж, таксины жолоочид киломерт 1000 төгрөгийн хөлс нэхэж, 36 сая толгой мал тоолуулсан хэрнээ нэг килограмм мах 7000 төгрөгийн үнэд хүрээд байхад Газрын тосны газар нь газрын гаваар орсон мэт чив чимээгүй. Баасан гаригийн оройноос нэмэгдсэн шатахууны үнэ хайрцаг шүдэнзний үнийг 40-өөс 60 төгрөг болгож, 20 төгрөгөөр гэхчилэнгээр тараг, сүүний үнийг даруй 200 төгрөгөөр өсгөх шалтгаан болов. Тэгвэл оны өмнөхөн 65 сая, өнгөрсөн оны мөн үед 50 сая төгрөгийн үнэтэй байсан хоёр өрөө байр өнөөдөр 80 сая болтлоо хөөрөгдөж буйг, өнгөрсөн жил есөн сая төгрөгийн үнэтэй байсан машин 11 сая болтлоо өссөнийг зах зээлийн өсөлт гэж тодорхойлоход бас л бэрхтэй.

Эдийн засгийн хөгжил, суурь инфляцид сөргөөр нөлөөлдөг хоёр хүчин зүйлс нь нийлүүлэлтийн болоод эрэлтийн шок. Ялангуяа газрын тосны салбар нь гадаад эх сурвалжаас шууд хамааралтай Монгол оронд шатахууны үнийн өсөлт бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх дэвсгэр болж өгдгөөрөө хямрал даллах эхний дохио байж болох талтай юм. Өнгөрсөн оны хавар шатахууны хомсдол Монголыг хямрааж,  улсын тэргүүн нь хүртэл  айч­ла­лынхаа үеэр хөгжил дэвшил, хөрөн­гө оруулалт ярихаасаа өмнө нүүрээ ширлүүлэн байж айлаас гуйлга гуйхаас өөр аргагүй байдалд хүргэж байлаа.

Ам.долларын ханш 1400 төг­рөг давсан  гэх тайлбартайгаар валю­таар худалдаа хийдэг нефть импорт­логчдын хувьд шатахууныхаа үнийг шуудхан 270 төгрөгөө нэмж байхад хэрэглэгчийн нэрээр цалинждаг газар нь хэнэггүйхэн, дүлий дүмбэ оргиод сууж байгаа нь ажлынхаа үүрэг, өргөсөн тангарагтайгаа хэр уялдаж буй юм бол. Уг нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар дуулианаар шалтаглан ямар ч тооцоогүйгээр аман­даа орсон тоогоо хэлж, асуудал дээр асуудал үүсгэн, гал дээр тос нэмж буй үнийн өсөлтийг намжаах, бодит бас бодит бус үнийн өсөлтийн тооцоог аль хэдийнэ хийчихсэн, түүнийгээ олон ний­тэд одооноос эхлээдтайлбарлаж, суртал­чилж байх ёстой бус уу. Яагаад “Сод Монгол”, “Петровис” ком­па­ниуд шатахууныхаа үнийг өсгөөгүй байж болоод байхад бусад нь ямар зохи­цуу­лалтаар үнийг өсгөх болсон шалтгааныг ч Д.Мандах дарга олчих­сон, ард түмний уур бухимдал, асуултад өгөх хариултаа бэлтгэчихсэн, бодит бус үнийн өсөлтийг ард түмэнд шударга бусаар тулгаж буй нөхдүүдтэй хэдийнэ тэмцэл өрнүүлчихсэн байх  ёстой байлаа.  Чухамдаа тэдэнд шударга өр­сөл­­­­дөөнийг дэмжиж, шударга бустай хуу­­­лийн дагуу ярилцах, шийтгэх эрх үүр­­­гийг төрөөс  яах гэж олгосон билээ дээ.

Шатахууны үнэ 270 төгрөөр өсөх нь Засгийн газрын сайдууд болоод улстөрчдөд үнэндээ ямар ч хүндрэлтэй асуудал биш. Талхны үнэ өнөөдөр 300 төгрөг байгаа хэмээн  тэнэг хариулт хэлж,  энгийн иргэдийн идэж уудгаас тасарчихсан хэрэглээтэй Сангийн дэд сайд шатахууны үнэ 270 төгрөгөөр нэмэгдлээ гэхэд махны үнэ шууд 7000 төгрөгт хүрэх ёсгүй гэх олны өмнөөс дуугарах ёстой бас нэгэн обьект мөн. 

Шатахууны үнэ нэг хэсэгтээ тогтвортой байх болно хэмээн олон нийтийг хуурч, Оростой урт удаан хугацааны гэрээ байгуулсан учраас тус улсын дотоодод үүсээд байгаа татварын асуудал бидэнд хамаагүй хэмээн пээдийж суусан Газрын тосны газрын даргын ажлын хариуцлагыг ч бас дахин сануулах хэрэгтэй болох нь.  Учир нь өнгөрсөн оны намраас л яриад байсан газрын тосны үйлдвэр барих асуудал өнөөдөр ямар хэмжээнд байгаа, хэзээ баригдаж дуусах талаар мэдээлэл мөн л таг чиг. Яагаад иргэдийн ийнхүү хуурч, амралтын өдрүүдээр дандаа далимдуулдгийг нь асуух нь бас зөв байх.

Ам.долларын үнийн өсөлтийг шинэ жилийн баярын хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж, түр зуурын үзэгдэл хэмээн ярьж байсан Монголбанкныхан ам.долларын үнийн өсөлт буурахгүй байгааг, асуудал юунд бий ард иргэдэд хэлэх хэрэгтэй болжээ. Өнгөрсөн онд зэсийн ханш олон улсын захууд дээр 9000 ам.доллараас даруй 6000 болтлоо буурсан, энэ өсөлтийн зөрүү 2009 онд ам.доллар 1700 төгрөгтэй тэмцэх хүртлээ хөөрөгдөх болсон явдалтай холбоотой байсантай адил асуудал биш байгаа гэсэн хардлагыг эдийн засагчид эхнээсээ хийж эхэлжээ.  Макро эдийн засагт гарч буй үнийн өсөлт өнөөдрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хөөрөлтийг үүсгэж, он гаргаад эдийн засаг хямарч болзошгүй гэсэн олны яриаг үнэн байж болохыг эхлэл энэ байхыг үгүйсгэхгүй нь.

 Эдийн засагт хямрал нүүрлэж болзошгүй эхний энэ дохио яг Засгийн газрын сайдад, улстөрчид, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан болоод Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахад ямар ч падгүй байж болох юм. Яагаад гэвэл шатахууны үнийн нэмэгдэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт тансаг машин унадаг, өндөр хэрэглээтэй тэдний халаасанд чимхийн төдий ч өөрчлөлт үзүүлэхгүй.  Тэр ч бүү хэл махны ченж, валютын ченж, бүр адаглаад цайны газрын эзэнд үнийн өсөлт өөрчлөлт авчрахгүй. Учир нь үнэ өснө, тэд үнээ өсгөнө. Харин Засгийн газраас амалсан сая сая төгрөгийг горьдож суугаа хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цалингийнхаа нэмэгдлийг хүлээгсэд, цалингаас цалингийн хооронд амьдардаг ч жагсаал цуглаан хийж эзнээ дарамталдаггүй хувийн хэвшлийн ажилчдад, ажилгүй ядуу, эмзэг бүлгийнхэн энэ үнийн шуургад илүү өртөх болно. Инфляци хөрөнгийг ядуугаас нь баячууд руу хуваарилдаг аюултай  зэвсэг болохоор  л тэр. Хоёр жилийн өмнө Монголын ядуурлын хэмжээ 33 хувь байснаа өнгөрсөн онд 39 хувьд хүрсэн. Харин өнөөдөр энэ эгнээ рүү дундаж төвшнөөс хичнээн айл уруудаж орохын хэлэх аргагүй болжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн үргэлжлэл болгож Засгийн газраас зарласан “Өрхийн хөгжлийг дэмжих” жил ийнхүү үнийн өсөлтөөр үүдээ нээлээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж