Долларын ханшийг ченжүүд хөөрөгдсөн үү

Хуучирсан мэдээ: 2012.01.09-нд нийтлэгдсэн

Долларын ханшийг ченжүүд хөөрөгдсөн үү

Он гарснаас хойш валютын ханш нэлээд нэмэгдэх болсон. Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, тэр дундаа импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийг багагүй бухимдуулаад байгаа. Эдийн засагчид үүнийг “Он гараад валютын ханш өснө гэсэн сургаар ченжүүдийн хийж байгаа үнийн хөөрөгдөл. Хямд үнэтэй байхад нь худалдаж аваад үнэтэй болохоор нь зарж байгаа хэрэг” гэж тайлбарлаад байгаа. Харин нөгөө талаас “Монгол­банк ажлаа сайн хийгээгүй, төг­рөгийн ханшийг унагаж ам.дол­ларын үнийг хөөрөгдөж байна. Энэ нь хэдхэн тооны өндөр албан тушаалтнуудын хийж буй явуулга” гэх иргэдийн байр суурь ч байна. Тогтмол өсч иргэдийг багагүй бухимдуулах болсон ам.доллар болон юанийн ханш ямар байгааг сонирхохоор “Их найман шарга” валют арилжааны төвийг зорилоо. Өчигдрийн байдлаар ам.долларын ханш 1450, юань 236 төгрөг байв. Харин долоо хоногийн өмнө ам.доллар 1415, юань 226 төгрөг, нэг сарын өмнө ам.доллар 1388 харин юань 218.10 төгрөг байжээ. Энэ нь нэг сарын өмнөхтэй харьцуулахад ам.доллар 72 төгрөгөөр, юань 18 төгрөгөөр өссөн гэсэн үг. Валютын ханш яагаад өсөөд байгаа талаар тус төвийн ерөнхий теллер Д.Жамсрандоржоос асуухад:

-Сүүлийн үед валютын ханш нэлээд өсөөд байгаа.  Тэр дундаа ам.доллар болон юанийн ханш нэлээд өссөн. Энэ нь дэлхийн эдийн засагт ам.долларын ханш нэлээд өссөнтэй холбоотой. Түүнээс биш бид валютын ханшийг албаар хөөрөгдөөд байгаа хэрэг биш. Шууд хэлэхэд Монголбанк маш муу ажиллаж байгаа. Долларын ханшийг бууруулах дорвитой арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгаа нь үнэн шүү дээ. Юань ч мөн адил нэлээд өсөөд байна. Энэ нь Хятадын эдийн засгийн өөрчлөлт манайд маш хурдан нөлөөлдөгтэй холбоотой. Юань өсөхөөр өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээг­дэхүүний үнэ дагаад өсдөг. Ер нь нэмэг­дээд эхэлчихсэн байсан гэсэн юм. Арилжааны банкуудыг бодвол арай бага өртгөөр валют худалдаж авдаг блохоор энэ төвөөр үйлчлүүэх сонирхолтой иргэд багагүй байдаг. Энд өдөртөө 30-40 тэрбум төгрөг, нэгээс 10 сая орчим ам.доллар, 4-5 тэрбум юань, 4-5 сая евро эргэлддэг гэсэн багцаа тоо байдаг. Замын хажуугаар эгнэн байрлах валют арилжааны төвүүдээр валют сурагласан, бас үнэ өссөнд бухимдсан иргэд нэлээд байсан юм. Эдгээр төвүүдээр хамгийн их үйлчлүүдэг иргэд нь “ганзагийн наймаачид” буюу урд хөршөөс өргөн хэрэглээний бараа оруулж ирдэг иргэд. Тэдний хувьд юанийн ханш өсөх нь санхүүгийн маш их эрсдэл дагуулдаг аж.

Нарантуул олон улсын худал­дааны төвд гэр ахуйн бараа зардаг Б.Хангарьд гэгч залуу маргааш БНХАУ-ын Эрээн хот руу бараандаа явах гэж байгаа. Нэг сар гаруй зах дээр бараагаа зарж олсон эргэлтийн мөнгөөрөө юань худалдаж авч байгаа аж. Түүнээс юанийн ханш өссөн болохоор таны зардаг барааны үнэ ч бас нэмэгдэх үү гэж асуухад “Мэдээж хэрэг нэмэгдэнэ. Өндөр үнээр авсан бараагаа хямд зарах сонирхол хэнд ч байхгүй шүү дээ.  Барааныхаа үнийг тодорхой хэмжээгээр нэмж байж л алдагдалаа нөхнө шүү дээ.  Наймаа хийнэ гэдэг улам л хэцүү болоод байх юм. Юанийн ханш өсөөд байх юм бол барааны үнэ өснө, тэр хэрээрээ борлуулалт муудна л гэсэн үг шүү дээ” гэлээ. Манай улс хүнсний бүтээгдэхүүнээс гадна бүхий л өргөн хэрэглээний барааныхаа ихэнх хувийг урд хөшөөсөө оруулж ирдэг. Тэр ч утгаараа юанийн ханшийн хэлбэлзэл манай улсын эдийн засагт шууд нөлөөлнө гэж ойлгож болно. Америк болон зүүн Европын  орнуудаас оруулж ирдэг импортын барааны үнэ ам.долларын өсөлтөөс болоод нэлээд нэмэгдээд байгаа. Урт цагааны ойролцоох тамхи бохь чихэр зэрэг жижиглэнгийн бараа зардаг хүнээс зарж буй барааныхаа үнийг нэмсэн эсэхийг асуухад:

-Тамхи чихэр гээд ер нь миний зардаг барааны бөөний үнэ нь нэмэгдсэн. Эгч нь нарийн учрыг нь сайн мэдэхгүй юм. Бензиний үнэ нэмэгдчихлээ. Дагаад махны үнэ ч гэсэн нэмэгдэж байна. Адилхан л амьдрах гэж зүтгэж яваа болохоор би ч бас юмныхаа үнийг нэмсэн гэсэн юм.

Хүнс өргөн хэрэглээний үнээс гадна авто машины үнэ ч бас нэ­лээд нэмэгдсэн нь ам.дол­ларын ханш­тай тодорхой хэмжээгээр холбоотой гэж ченжүүд тайл­бар­лаж байгаа. Зогсолтгүй нэмэгд­сээр байгаа ам.долларын хан­шийг буу­руулах төгрөгийн хан­шийг уна­гаах­гүй барьж байх үүднээс Монгол банкнаас өнгөрсөн долоо хоногт интервенц хийж арил­­жааны банкуудад дуудлага худал­даа­гаар 66.35 сая ам.долларыг 1414 төгрөгийн ханштайгаар нийлүүл­сэн. Энэ нь төгрөгийн ам.доллартай харьцах харьцааг тогворжуулах, ам.долларын нөөцийг нэмэхэд нэ­лээд тус дэм болох учиртай гэж төв­банк­ныхан тайлбарлаж байгаа юм.

Өнгөрсөн долоо амралтын өд­рүү­дэд арилжааны банкууд валю­тын гүйлгээ хийхгүй зогсоочихсон ам.долларын хомсдолд орж байна гэсэн иргэдийн гомдол бага­гүй гарсан. Үүний дагуу Улсын их дэлгүүрт байрлах “ХААН” банкны салба­раас тодруулахад:

-Өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд бол валютын үйл­чил­гээг хэвийн явуулсан. Харин амрал­тын өдрүүдэд валютын нөөц дууссан учраас валютын гүйл­гээ хийгээгүй. Даваа гаригт төв банкнаас валютын нөөцөө татаж авч байж хэвийн хэмжээнд ажил­лана. Илүү нарийн мэдээллийг өгөх бо­ломж­гүй. Төв банкнаас хариулт авах боломжтой гэсэн хариултыг тус банк­ны ахлах теллер нь өгсөн юм.

Үнэхээр ченжүүд нь зохиом­лоор үнийн хөөрөгдөл үүсгээд байна уу, аль эсвэл төрийн бод­лого зохицуулалт дутагдаж байна уу. Дэлхийн зах зээл дээр ам.дол­ларын ханш нэг хэсэг чангар­сан ч, өнгөрсөн баасан гаригаас ам.долларын бусад валютынх­тай харьцах харьцаа нь буурч тогтвор­жиж байна хэмээн Блүүмберг мэдээлсэн. Харин манайд ам.дол­ларын ханш буурах эсэхийг нь харах л үлдлээ.

Х.НАРАНГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж