“Монголчууд төмөр зам тавьж чадна”

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

“Монголчууд төмөр зам тавьж чадна”

Монголчууд төмөр замаа чанартай, богино хугацаанд барьж чадаж байна. УБТЗ өөрийн хөрөнгө оруулалтаар 3,5 км төмөр замыг 27 хоногийн хугацаанд тавьж дуусгажээ.

Сүүлийн жилүүдэд УБТЗ-аар тээвэрлэх ачааны хэмжээ эрс ихэсч, тус боомтын хүчин чадал хүрэлцэхгүйгээс хил дээр вагон удаан зогсох болжээ. Энэ хэрээр ачааны барааны эргэлт удааширч, хил дээр 600 гаруй мянган тонн ачаа гацаанд ороод байгаа гэнэ. Үүний ихэнх нь барилгын материал байгааг ч Замын-Үүд боомтын холбогдох албаныхан хэлж байлаа. Харин энэ жилээс эхлэн явах вагоны тоог хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч, есдүгээр сард эхэлсэн замын ажил 27 орчим хоногийн дотор дуусгажээ. Энэ зам урд хөршийн барьж буй замтай холбох юм бол хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 24 хос галт тэрэг буюу 2640 вагон Замын-Үүд Эрээний хооронд явах боломж бүрдлээ. Ингэснээр иргэдийн ачаа бараа хил дээр хүлээгдэхгүй, бараа гацаанд орохгүй байх боломж бүрдэж эхэлж байгаа юм. УБТЗ-ын хөрөнгө оруулалтаар монголчуудын багино хугацаанд барьж дуусгаад буй энэхүү шинэ төмөр замтай ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УБТЗ-ын удирдлагууд болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд танилцлаа.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “УБТЗ-ын хөрөнгө, хөдөлмөрөөр 3.5 км төмөр зам баригдаж дууслаа. Маш богино буюу сар орчмын хугацаанд төмөр замаа бариад дууссан. Хятадын талаас явах төмөр зам барих ажлаа 2012 оны төлөвлөлтдөө оруулна гэсэн. Төмөр зам барихад маш хэцүү гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Тэгвэл бид төмөр замаа өөрсдөө барьж чаддаг гэдгийг үүгээр харуулж байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сард холбогдох тогтоол, шийдвэрүүд нь төр засгийн зүгээс гарсан. Есдүгээр сар гэхэд ажил эхлээд аравдугаар сард 3.5 км төмөр зам барьж дуусгасан. Нийт 2,8 тэрбум төгрөгөөр энэ замыг барьсан. Хөрөнгийн хувьд нэлээн хэмнэлттэй байсан. Рэйлс төмрүүдийг гадаадаас аваагүй. УБТЗ-д байсан болон өөрсдийн хөрөнгөөр рейлс төмрөө тавьсан. “Хөтөл”-ийн бетон дэрний үйлдвэрт бетон дэрнүүдээ үйлдвэрлэсэн. Даланг ч чанар сайтай хийсэн. Шинэ бүтээн байгуулалт, шинэ төмөр замд хөрөнгө мөнгийг нь Хөгжлийн банк шийдээд өгсөн бол энэ байтугай зүйл хийж бүтээж чадна гэдгийг харуулж байгаа юм. Замын-Үүд бол манай улсын эдийн засгийн хамгийн том цэг. Гэтэл хамгийн их хоцрогдсон бүс болчихсон. Эрээнээс хамааралтай болчихсон учраас цаашид орж гарч буй хүмүүс, ачаа барааг анхаарч үзэх дүр зураг харагдаж байна” гэдгийг онцолсон юм.

 

Б.Билэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж