Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас шүүхийг сурвалжлах мэргэшсэн сэтгүүлчид бэлтгэх зорилгоор “Шүүхийг сурвалжлах нь” цуврал сургалтыг 2010 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд зохион байгуулсан юм. Сургалтын хамгийн сүүлчийнх 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүх дээр болсон бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баатар сургалтыг удирдан явуулж, өөрийн шүүхийн үйл ажиллагаа, онцлог, хянан шийдвэрлэгдсэн зарим хэргүүд, тус шүүх дээр хэрэгжүүлж байгаа эвлэрүүлэн зуучлах төслийн үйл ажиллагаа зэргийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Энэ үеэр Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах хоёр жилийн турш цаг завгүй ажлынхаа хажуугаар шүүхийн сургалтад амжилттай оролцсон 15 сэтгүүлчид баяр хүргэн, гэрчилгээг гардуулсан юм. Уг сургалтад Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнүүд, Улсын Дээд шүүхийн шүүгчид, нийслэл, дүүрэг, захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тасгийн дарга нар хичээл заасан бөгөөд тодорхой сэдвүүдээр нийт 16 удаа хичээллэсэн байна. Шүүхийн шинэтгэлийн тухай хүчтэй яригдаж байгаа энэ цаг үед энэхүү сургалт шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах нэг том алхам, шүүгч сэтгүүлчдийг хооронд нь холбох гүүр болсныг онцоллоо.
С.Отгон