Гурван талт үндэсний хороог хуралдуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Гурван талт үндэсний хороог хуралдуулахыг шаардлаа

Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголбанкны ам.долларын албан ханш нэг сарын дотор 1336-1428 төгрөг хүртэл өссөнтэй холбогдуулан нефть импортлогч компаниуд өнгөрөгч баасан гаригаас эхлэн түлш, шатахууны үнийг литр тутамд  260-300 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Үүсээд буй нөхцөл байдалд УИХ-аас холбогдох байгууллагуудад хариуцлага тооцуулах, Монгол Улсын Засгийн газраас шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийхийг шаардаж, маргааш буюу нэгдүгээр сарын 9-нд Хөдөлмөр Нийгмийн Зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулахыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж буйгаа мэдэгдэв. МҮЭ-ийн холбооны дарга С.Ганбаатар хэлэхпээ “Үйлдвэрчний эвлэлийн холбоо нь иргэд, хөдөлмөрчдийн бодит цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг авран хамгаалахын төлөө үргэлж анхааран ажиллах болно. Үнийн өсөлтийг хязгаарлах, хянах үүрэг бүхий байгууллага, мөн УИХ-аас Монголбанкинд шаардлага тавих зэрэг зохих ажил үүргээ гүйцэтгэж, иргэдийн нуруун дээр ачаалал үүрүүлэхгүй байхыг МҮЭ-үүд байнга шахан ажиллах болно” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын гадаад валютын нөөц 3.0 тэрбум ам.доллар болсон, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, мөн экспорт өссөн зэргээр Монгол Улс руу чиглэсэн валютын урсгал эрс нэмэгдэж байгаа зэргээр валютын ханшийг хэлбэлзүүлэхгүй байх хамгийн аятай таатай нөхцөл бүрдсээр байтал тухайн сарын валютын урсгал өссөн, эрэлт нэмэгдсэн гэдэг шалтгаанаар ам.долларын төгрөгтөй харьцах ханшийг 1428 төгрөгт хүргэн, үнэ инфляцийг хөөрөгдсөний хариуцлагыг Монголбанк хүлээх ёстой гэж үзэж байгаа илэрхийлсэн юм. Мөн үйлдвэрлэгчид болон нефть импортлогч компаниудын дур зоргоор бодит тооцоо судалгаагүй үнэ нэмж байна. Энэхүү цаг мөчид Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хуулиар олгогдсон эрх үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар нийт хөдөлмөрчид, ард иргэдэд ямар арга хэмжээ авч байгаагаа мэдэгдэхийг хүслээ.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж