Их Британи Персийн булан руу байлдааны хөлөг илгээнэ гэж мэдэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд тус улсын эсрэг эдийн засаг хориг тавьж, Төв банкны гадаад харилцааг боомилсонд Тегеран Ормузийн хоолойг хаана гэж сүрдүүлсэн билээ. Персийн булангийн газрын тос олборлогч гол орнуудын тээвэрлэлтийн гол суваг болох Ормузийн хоолой Персийн булан болон Оманы хоолойг холбодог аж. Их Британи тэнгисийн цэргийн хүчээ илгээх болсон нь удаан төлөвлөсөн, тогтсон арга гэж мэдэгдсэн байна. Сүйтгэгч хөлөг онгоц Персийн буланд харуулын цэгүүд тогтоох даалгавартай ажээ. Персийн булангийн нефтийн цорын ганц тээвэрлэлтийн суваг, Ормузийн хоолойг хаана гэсэн Ираны сүрдүүлгийн хариуд АНУ, Их Британи одоогийн байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй байгаа билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлчээр Иран хэрэв нефтийн экспортод нь хориг тавьбал Ормузийн хоолойг хаана гэж мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж, Их Британи, Франц, Герман нэгдэж, эдийн засгийн хоригийг чангатгасан. Ираны эсрэг эдийн засгийн хориг тавихыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орнуудаас Хятад, ОХУ эсэргүүцсэн юм. Харин АНУ-ын Сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гейтнер Ираны эсрэг хориг тавихад нэгдэхийг ятгахаар Хятад, Японд айлчлахаар төлөвлөж байгаа юм.
Н.Энх