Умард Солонгосын удирдагч, эцэг Ким Чен Ирыг таалал төгссөнөөс хойш гурван долоо хоногийн дараа түүний залгамжлагч Ким Чен Ун төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх бол гэдэг нь таамаг хэвээр байна. Коммунист дэглэмтэй, дэлхийн хамгийн хаалттай улсын шинэ удирдагч өдгөө 29 нас хүрч байгаа гэнэ. Эцэг Ким Чен Ирыг эцсийн замд нь үдсэн улс оронд гашуудал бүрэн тайлагдаагүй учраас шинэ удирдагч төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэхгүй бололтой гэж ажиглагчид бичжээ. Хэрэв Умардын хүндэт удирдагч Ким Чен Ир нас бараагүй байсан бол 70 насны ойг, Умард Солонгосын коммунист намыг үндэслэгч Ким Ир Сены 100 насны ойтой хамт тэмдэглэх байжээ. Гашуудал тайлж амжаагүй байгаа энэ үед шинэ удирдагчийн төрсөн өдрийг тэмдэглэх талаар албан ёсны мэдэгдэл гараагүй нь үүнийг баталж байгаа гэнэ. Их удирдагчдын төрсөн өдрийг Умард Солонгост үндэсний баяр болгон тэмдэглэдэг билээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 19-нд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир зүрхний шигдээсээр нас барснаас хойш тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын улс төрийн товчоо түүний хүү Ким Чен Уныг ардын армийн дээд командлагчаар нэрлэж, шинэ удирдагч болохыг хүлээн зөвшөөрсөн. Умард Солонгосын Төрийн тамгын газар шинэ удирдагчийн дүрс бүхий тамга гаргасан нь түүнийг тахин шүтэхийн бэлгэдэл болсон юм.
Н.Энх