Үнэт цаасны зах зээлийн сарын тойм

Хуучирсан мэдээ: 2012.01.08-нд нийтлэгдсэн

Үнэт цаасны зах зээлийн сарын тойм

Монголын хөрөнгийн биржээс үнэт цаасны зах зээлийн 2011 оны арванхоёрдугаар сарын тайлангаа гаргажээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголын хөрөнгийн бирж нийт 21 удаагийн арилжаагаар 102 компанийн 5,6 сая ширхэг хувьцаа, 3,9 мянган ширхэг бонд арилжиж, нийт 9,0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Нийт гүйлгээний үнийн дүнгийн 99.6 хувь буюу 8.9 тэрбум төгрөгийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 0.4 хувь буюу 38.6 сая төгрөгийг компанийн бондын арилжааны дүн тус тус эзэлж байна. Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 1.1 тэрбум төгрөгөөр буюу 11.2 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 975.1 сая төгрөгөөр буюу 12.2 хувиар өссөн байна. Арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 4.3 сая ширхэгээр буюу 43.7 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 522.9 мянган ширхэгээр буюу 10.4 хувиар өссөн байна.

Хувьцааны арилжаа

“Ремикон” ХК-ийн 1.9 сая ширхэг, “АПУ” ХК-ийн 1.2 сая ширхэг, “Оллоо” ХК-ийн 983.9 мянган ширхэг, “Нако түлш” ХК-ийн 340.8 мянган ширхэг, “Гермес центр” ХК-ийн 190.5 мянган ширхэг хувьцааг арилжсан нь идэвхтэй үнэт цаас юм. Арилжааны үнийн дүнгээр “АПУ” /5.2 тэрбум төгрөг/, “Шарын гол“ /1.4 тэрбум төгрөг/, “Могойн гол” /453.1 сая төгрөг/, “Азиа пасифик пропертис” /423.6 сая төгрөг/, “Ремикон” /353.9 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжжээ.
Нэг удаагийн арилжаагаар дунджаар 427.8 сая төгрөгийн гүйлгээ хийж, 264.5 мянган ширхэг хувьцаа арилжсан байна.

Засгийн газрын бондын арилжаа

Энэ сард Засгийн газрын бондын арилжаа явагдаагүй байна.

Компанийн бондын арилжаа

“Жаст агро” компанийн гаргасан нийт 30.0 тэрбум төгрөгийн “Монгол мах” бондын эхний 10.0 тэрбум төгрөгийн бондыг өнгөрсөн оны есдүгээр сараас арилжаалагдаж эхэлсэн бөгөөд энэ сард нийт 3.9 мянган ширхэг бондыг 38.6 сая төгрөгөөр арилжсан байна.

Үнэт цаасны ханш

Нийт 102 үнэт цаас арилжсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 72 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, найман үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

ТОП-20 индекс

ТОП-20 индекс 21687.57 нэгж байгаа нь өмнөх сараас 797.61 нэгжээр буюу 3.82%-иар, өмнөх оны мөн үеэс 6927.76 нэгжээр буюу 46.9%-иар тус тус өссөн байна. ТОП-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 21687.57 нэгж, доод үзүүлэлт нь 18515.02 нэгж, дундаж үзүүлэлт нь 19846.67 нэгж байна. ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлж байгаа Баянтээг (62.9%), Могойн гол (34.8%), УИД (21.6%), АПУ (21.4%), Монгол шилтгээн (13.8%), Говь (7.3)%, Талх чихэр (5.0%), Хөх ган (3.1%), Женко тур бюро (1.1%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус өссөн байна.

Зах зээлийн үнэлгээ

Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд 168.6 тэрбум төгрөг болж өмнөх сараас 12.7 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувиар, өмнөх оны мөн үеэс 794.6 тэрбум төгрөгөөр буюу 57.8 хувиар тус тус өссөн байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид Таван толгой, АПУ, Багануур, Шивээ овоо, Шарын гол, Бэрх уул, МЦХ, Говь, БиДиСек, УБ БҮК зэрэг компаниуд орж байна. Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 92.3 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “Таван толгой” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 579.3 тэрбум төгрөг болсон байна.

Бүртгэлтэй компаниуд

Сарын эцсийн байдлаар МХБ-д 332 хувьцаат компани бүртгэлтэй байгаагаас 100 хувь төрийн өмчтэй 23, төрийн өмчийн оролцоотой 29, 100 хувь хувийн өмчийн 280 хувьцаат компани байна

Брокер дилерийн компани

Сарын эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл авсан 76 брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас андеррайтерийн эрхтэй компани 20, гадаадын хөрөнгө оруулалттай компани 16, хувьцаат компани 2, арилжааны банк 1 байна.
Тухайн сард үнийн дүнгээрээ хамгийн их үнэт цаас арилжсан брокер дилерийн компаниудын тоонд Гендекс ХХК /4.7 тэрбум төгрөг/, БиДиСек ХК /3.3 тэрбум төгрөг/, Дэлгэрхангай секьюритиес /2.5 тэрбум төгрөг/ орсон байна.

Харилцагч

Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн төвлөрсөн хадгаламжид харилцах данстай харилцагчдын тоо 564.6 мянгад хүрчээ. Энэ сард нийт 16,681 харилцах данс нээгджээ.

Эх сурвалж: www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж