Шинээр автомашин авсан бол 72 цагийн дотор улсын дугаар авч, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл жолооч нар дугааргүй тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох нь цөөнгүй. Энэ үед ямар арга хэмжээ авах талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн хошууч С.Бямбасүрэнгээс тодруулахад “Тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох журамд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шинээр тээврийн хэрэгсэл авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд тэрээр зөвхөн 16 насанд хүрсэн бол түүний нэр дээр бүртгэнэ” хэмээн заасан байдаг. Энэ журмын дагуу 72 цагийн дотор улсын дугаарыг авах ёстой. Журамд заасан хугацаанд тээврийн хэрэгсэлдээ дугаар аваагүй замын хөдөлгөөнд оролцвол түр саатуулах байранд автомашиныг байрлуулна. Жолооч тээврийн хэрэгслээ улсын бүртгэлд бүртгүүлэн дугаар авсных нь дараа машинаа түр саатуулах байрнаас авна” хэмээв. Түүнчлэн Замын цагдаагийн газраас Авто тээврийн газартай хамтран журмын хашаануудад явуулын оношилгоо ажиллуулж байгаа тухай нэмэлт мэдээлэл өглөө.
Эх сурвалж: trafficpolice.gov.mn