Энэ жил улсын хэмжээнд Монголын бүх ард түмний XIII их наадмыг зохион байгуулах тул наадмын хөтөлбөрт багтсан спортын төрлүүдийн УАШТ-ийг наадмын хүрээнд зохион байгуулах болсон билээ. Тэгвэл, Монголын бүх ард түмний спортын их наадмын боксын тэмцээн нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 5-ны хооронд нийслэлд болох юм. Улмаар ширэн бээлийтнүүд гуравдугаар сарын сүүлээр Казахстанд болох олимпийн эрх олгох тэмцээний өмнө Европын цуврал зургаан тэмцээнд оролцох ажээ. Гуравдугаар сарын 30-нд Казахстанд эхлэх олон улсын тэмцээн нь Ази тивийн ширэн бээлийтнүүдийн олимпийн эрхээ авах эцсийн боломж юм. Одоогоор Монголын баг тамирчдаас 49 кг-д Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба, харин 64 кг-д Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ нар Лондонгийн олимпод өрсөлдөх эрхээ авсан тул тус тэмцээнд оролцохгүй. Бусад жинд оролцох тамирчдын тухайд УАШТ-ий аварга тамирчдыг илгээнэ гэдгээ Монголын олимпийн боксын холбооныхон хэлж байна.
Боксчид цугларалтад гарчээ
Казахстан улсад хамтарсан бэлтгэл хийгээд, хоёр ч тэмцээнд оролцоод оны өмнөхөн эх орондоо ирсэн Монголын олимпийн боксын үндэсний шигшээ багийн тамирчид өчигдөр орой Орхон аймгийг зорьжээ. Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй шигшээ багийн үндсэн тамирчдаас гадна эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид ахлах дасгалжуулагч Д.Ганзориг болон дасгалжуулагч Л.Энхбаатар нарын удирдлага дор гурван долоо хоногийн хугацаанд нэгдсэн бэлтгэл хийгээд энэ сарын 27-нд нийслэлд ирэх ажээ.
С.Цэлмэг