Авто бензины үнэ нэмэгдэх сургаар өчигдрөөс эхлэн микро автобуснууд үйлчилгээнийхээ үнийг өсгөөд байна. Тухайлбал, “Зүүн салаа-100 айл” чиглэлийн микро автобуснууд өмнө нь 18.00 цагаас хойш 700 төгрөгөөр үйлчилдэг байсан бол өчигдрөөс 1000 төгрөг болгож, үнээ нэмжээ. Зам зуур Зурагт, Баянхошуунд буух хүнээс ч мөн адил 1000 төгрөг хураасан нь зорчигчдын хувьд бухимдахаас аргагүй үйлдэл байлаа. Тэгвэл энэ мэтээр үйлчилгээний үнээ хэт өсгөж буй микро автобусны тухай гомдлыг Нийслэлийн тээврийн газрын 326352 тоот утсанд мэдэгдэж болох аж. Гол нь тухайн микро автобусны дугаар шаардлагатай болохыг дээрх байгууллагын жижүүр онцоллоо.
Ер нь “Зүүн салаа-100 айл” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй микро автобуснуудтай холбоотой гомдлыг иргэд олноор тавьдаг байна. Тэр дундаа ирж буй гомдлын дийлэнх хэсэг үнэ хөлстэй холбоотой байдаг гэнэ. Тиймээс дугаарыг нь тодорхой хэлсэн нөхцөлд зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцож буй ажээ.
Г.Дарь