
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгдсэн нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг сайдын суудал руу зүтгэх хүсэл эрмэлзлийг нь бадраажээ. Төрийн ордонд нисэж буй бор шувуугаар бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад, Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдад зүтгүүлэхээр МАН-ын бүлэг доторх фракциуд хөдөлсөн гэх мэдээлэл байгаа юм. Мөн Сангийн сайдад УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг зүтгүүлэх болжээ. Гэхдээ намынхан болоод намын даргаасаа дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй гэнэ. Учир нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд санаа байвч, сайдын ажлыг хийж чадах толгойгүй гэж нам дотор нь шургалах хэсэг байгаа гэнэ. Автын инженер мэргэжилтэй түүнийг авто машинуудын талаар л мэдэхээс ядаж л яаж авто зам тавих, хэрхэн барилга барих талаар ямар ч ойлголтгүй. Ядахад МАН-ын УИХ-ын сонгуульд гол барьж орох олон нийтээс рейтинг татах хөтөлбөрүүд Зам, тээвэр барилга хот байгуулалтын яаманд төвлөрч байдаг. Тиймээс энэ ажлыг нэлээд сайн мэдэх хүн тавихгүй бол “100 мянган айл орон сууц” хөтөлбөр, Сайншандад байгуулах аж үйлдвэрийн цогцолбор, стратегийн ордуудыг дагасан төмөр зам тавих том хөтөлбөрүүдээр ард түмнээс үнэлгээ татах шаанс дутна гэж үзэж буй аж. Харамсалтай нь, Ш.Сайхансамбуугаас өөр хүн тавьъя гэхээр бас олдохгүй зовоож буй юмдаг уу даа.
Сангийн сайдын хувьд О.Чулуунбатад ухаан бий. Гагцхүү ухаан нь танхимын тэргүүнийхтэй зөрүүдлээд буруу ишилсэн сүх шиг загнаад байвал гол ажлууд нурна. Шалтгаан нь тэрбээр ард түмэнд халамж хэлбэрээр мөнгө тараахыг хүсдэггүй. Яг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын нэгэн адил “Монголчууд хөдөлж, хөлсөө дуслуулж байж, амьдрах ёстой” гэдэг философитой нэгэн тул Сангийн сайдын ажлыг өлхөн хийх ч, нийгмийн чанартай халамж үнэртүүлсэн бодлого дээр гар татаад, хөрөнгө гаргахгүй гэж зөрүүдлээд танхимын уур амьсгал эвдээд байж болзошгүй гэж болгоомжилж буй сураг байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хувьд яах вэ байж болох хувилбар гэх. Эцэг нь цагтаа Батлан хамгаалахын сайд хийж байсан. Тэр ч утгаараа эрхэм гишүүнд таван сар ч болтугай сайдын суудалд суугаад, эцгийнхээ ажлыг хэсэг хугацаанд үргэлжлүүлээд намтар түүхээ баяжуулчих сонирхол бас бий юмдаг уу даа. Гэхдээ Шадар сайд М.Энхболдын фракцид багтдаг тул Ерөнхий сайд өөрийнхөө фракцаар танхимаа бүрдүүлэн сэхэх босохоо үзнэ гээд шийдвэл сул гишүүнээрээ үлдэх магадлал бас бий ажээ.
Удахгүй суларч мэдэхээр байгаа сайдын суудлуудын тухай сураг ажиг ийм л байна.
Г.Дарь