
УИХ-ын гишүүн Д.Дондог “Улаанбаатар хотын утааг багасгахын тулд залуу автомашинд ногдуулах татварыг бууруулж, бүр урамшуулах. Хөгшин настайд нь илүү өндөр татвар ногдуулах аргачлалаар тэмцэх хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Жилээс жилд тэлж буй гэр хорооллоос үүдэлтэй утааг "гал унтраах" аргаар аргацааж болохгүй. Хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг сааруулах эдийн засгийн урамшууллын механизм бий болгох, алслагдсан орон нутагт ажиллаж амьдарч буй хүмүүст татварын хөнгөлөлт, цалин хөлсний урамшуулал үзүүлэх зайлшгүй шаардлага байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг үр дүн шаардав. Төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө гарган, УИХ-аас хууль батлаад л байдаг. Иргэдэд урамшуулал олголоо л гэдэг. Энэ нь явж явж өөрсдийн талын компаниудаа урамшуулдаг арга хэлбэр лүү оруулаад байгаа юм биш биз. Орон сууцжуулах, шахмал болон хийн түлш хэрэглэх гэсэн гурван туршилтын аль нь манайд хамгийн богино хугацаанд хэрэгжих боломжтой юм бэ гэдэгт тодорхой хариулт өгөхийг хүсэв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяалах албан тушаалтны тайлбараар бол нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээ 16 хувиар буурсан, нам даралтын зуух маягаар түүхий нүүрс түлэн ажиллаж байсан 39 зуухыг бүрмөсөн зогсоосон, 614 айл цахилгаан халаагуурт 100 хувь шилжсэн. Баянгол дүүргийн 11 мянган айл түүхий нүүрс огт түлэхгүй байгаа. Сүүлийн гурван жилийн турш хотын дөрвөн цэгт агаарын чанарын алба өдөр тутам ажиллаж агаарын бохирдлын бүх мэдээллийг гаргаж байгаа. Энэ жил гурав дахь жилийнхээ мэдээллийг өмнөх оныхтой нь харьцуулан гаргахад агаарт агуулагдаж буй хорт бодисын концентрат буурсан үзүүлэлт харагдсан” гэж тайлбарласан юм.
Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Утаатай тэмцэхэд зориулж 2011 онд 20 гаруй тэрбум, 2012 онд 30-аад тэрбум төгрөг төлөвлөсөн, ганцхан Засгийн газар дангаарааа энэ ажлыг хийгээд байгаа биш, Мянганы сорилтын сангаас хэрэгжилтийнх нь үр дүнг хянадаг. Нийслэлийн аль дүүргийн хэн гэгч юу юунд хамрагдсан талаар тодорхой мэдээллийг гаргахаар ажиллаж байна” хэмээв.
Харин үүнтэй УИХ-ын гишүүн С.Бямбацогт санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэв. Учир нь УИХ-аас холбогдох хуулийг батлахдаа Засгийн газар 2011 онд утааг 30 хүртэл хувиар бууруулах амлалт авч байсан. Хэрвээ энэ амлалтаа биелүүлж чадахгүй бол холбогдох сайд, дарга нар шууд огцорхоор хуулиудад эрх зүйн заалтууд тусгаж өгсөн. Харамсалтай нь, утаа ч буурсангүй, сайд, дарга нар ч огцорсонгүй сандал ширээтэйгээ зууралдсан хэвээр байна гэдгийг шүүмжлээд авсан. Шүүмжлэлтэй УИХ-ын гишүүн Л.Гүндалай санал нэг байгаагаа мэдэгдэж “Засгийн газар хийсэн юм байхгүй ард түмнийхээ эрүүл мэндээр тоглочихоод хөгийн юм яриад байна. Сая гаруй хүнийг утаагаар хордуулчихаад хэдэн зуух л яриад байх юм. “Монгол мөнгөтэй болоод байна” гэсэн, тэгвэл орон сууцаа бариач ээ. Юугаа хийгээд байгаа юм бэ, дөрвөн жилийн турш харлаа. Юу ч хийхгүй байгаа сайд нарыг шонд дүүжилмээр байна. Дээрээс нь Улаанбаатар хотын үе үеийн удирдлагыг ч шонд дүүжлэх хэрэгтэй. Улаанбаатараас сонгогдсон дөрөвхөн гишүүн танхимд сууж байна. Улаанбаатарчууд ганцхан утааг шийдээд өгөөч ээ гэж хүссэн. Үүнийг шийдэж чадахгүй байгаа нийслэлээс сонгогдсон гишүүд ичих хэрэгтэй. Тэд уг нь суулт хийгээд өлсгөлөн зарлах ёстой. Гэтэл юу ч хийсэнгүй. Тэгсэн атлаа 30 тэрбум төгрөгөөр Үндсэн хууль баталсан нөхдүүдэд байр авч өгөх юм гэнэ. Тэдний ихэнх нь байртай, дөрөв, тав нь л байргүй байгаа. Байртай хүмүүст давхар байраар юу хийх юм түүний оронд ядарсан ард иргэддээ хөнгөлөлттэй үнээр байртай болгох хэрэгтэй” гэв.
Чуулганы төгсгөлд УИХ-ын дарга утаа Улаанбаатар хотын хувьд үнэхээр аймшигтай байгаа гэдгийг онцлоод агаарын бохирдлыг бууруулах талаар төрөөс маш их хөрөнгө мөнгө зарж байна. Тиймээс ажлаа улам сайжруулж, хөрөнгө мөнгөө оновчтой, зөв зарцуулах хэрэгтэй байна гэсэн аман зөвлөмжийг Засгийн газарт үүрэг болгосон юм.