Бан Ги Мун бослого, үймээнд санаа зовов

Хуучирсан мэдээ: 2012.01.07-нд нийтлэгдсэн

Бан Ги Мун бослого, үймээнд санаа зовов

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун НҮБ-ын төв байранд баасан гаригт сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв.

Бан Ги Мун хэлэхдээ “Ирж буй хар луу жил дэлхийн нийтэд, хүн төрөлхтөнд болон өөрт нь амжилт авчирна” гэж итгэж байгаагаа илэрхийлсний сацуу энэ онд дэлхий нийтийн харилцаанд өнгөрсөн жилийнхээс илүү бэрхшээл учирна гэж түгшиж байгаагаа хэлжээ. 

Бан Ги Мун хэлэхдээ “Сирид, Ливид болон Йеменд болж байгаа бослого үймээнийг дэлхий дахин ажиглаж байна. Эдгээр оронд болж байгаа үймээн Хойд болон Өмнөд Суданд болсон бослоготой адил байна” гэж дүгнэжээ. Түүнчлэн энэ онд Африк тивд болон зарим чухал улсуудад сонгууль болох бөгөөд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал болох хандлагатай байгааг хэлсэн аж. “Дэлхий нийт өдгөө эдийн засгийн хүнд үед байгаа бөгөөд 193 улсыг гишүүнчлэлдээ багтаасан НҮБ нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө ажиллах ёстой” хэмээн тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ. НҮБ 2012-2013 оны төсвөө түүхэндээ хоёр дахь удаагаа ихээхэн хэмжээгээр танасан тухай тэрээр нэмж хэлсэн юм. Ирэх долоо хоногт  Бан Ги Мун Ойрхи Дорнодод айлчлал хийх бөгөөд Ливи болон Арабын Нэгдсэн Эмират Улсаас ажлаа эхлэх ажээ.
 

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж