Ямартай ч, “МТ-Ойл” компанийн шатахуун түгээх станцууд өчигдөр оройноос эхлэн АИ-92 авто бензинээ 1850 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Өчигдөр өдийд тус компани уг нь АИ-92 авто бензинээ нэг литрийг нь 1590 төгрөгөөр борлуулж байсан юм. Борлуулалтын албаныхных нь зүгээс өгсөн тайлбараар бол тус компани өчигдөр 22.00 цагаас эхлэн шатахууныхаа үнийг нэмжээ. Харин ямар үндэслэлээр, хаанаас өгсөн чиглэлээр борлуулж буй бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихээд байгаад тайлбар хийхийг хүссэн ч тус компанийн удирдлагууд “Өнөөдөр амралтын өдөр тул тайлбар хийхгүй. Ирэх даваа гаригаас албан ёсоор тайлбар өгнө” гэхээс өөр хариулт хэлэхгүй байна. Тус компанийн хувьд зөвхөн Аи-92 авто бензин дээр үнээ нэмээд зогссонгүй, ДТ, Аи-80, Аи-95 авто бензин дээр ч үнээ нэмээд байна. Тодруулбал, Аи-80 авто бензинээ 1550, ДТ 1885 төгрөг болгожээ.
Тэгтэл тус компанийн нэгэн адил хойд хөршөөс нефтийн бүтээгдэхүүн импортолдог “Петровис”, “Сод Монгол” зэрэг компани одоогийн байдлаар бүтээгдэхүүнээ хуучин үнээр борлуулж байна. Шатахуун түгээх станцуудынх нь түгээгч нарын тайлбараар бол “Бидэнд дээрээс бензиний үнээ нэм” гэсэн тушаал ирээгүй болохоор хуучин ханшаараа зарж байна. Иргэдийн хувьд “Танай бензиний үнэ өсөөгүй байна гээд ам сайтай байна. Гэхдээ өчигдөр орой 18.00 цагийн орчмоос авто машинууд олноороо дугаарлаж, гэнэт ачаалал бий болгосон. Өнөөдрийн тухайд үнэ хараад тэр юм болов уу, харьцангуй тайван үйлчлүүлж байна” гэсэн юм. “Петровис” компанийн харьяа шатахуун түгээх станцууд одоогоор Аи-92 литр нь 1590, ДТ-1650, Аи-80-1310, Аи-95-1740 төгрөгөөр тус тус борлуулж байна.
Тиймээс нефтийн бүтээгдэхүүнээ нэмэгдсэн үнээр борлуулж эхлээд байгаа “МТ-Ойл” компанийн энэхүү үйлдлийг иргэд “Дур мэдэн ганцаараа бусдыгаа уруу татан үнээ өсгөлөө” хэмээн буруутгаад байна.
Сүүлийн өдрүүдэд ам.долларын төгрөгийн ханштай харьцах ханш тогтмол чангарч байгаагаас нефть импортлогч компаниудын хувьд шинэ он гарснаас хойш алдагдал хүлээх болсон гэх мэдээлэл цацагдаад буй. Үүнийг ч Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан үгүйсгээгүй бөгөөд өчигдөр нефть импортлогчдыг оролцуулсан Ажлын хэсгийн хуралдааныг хийнэ гэж байсан билээ. Ажлын хэсэг ч оройдоо багтаж хуралдсан юм. Харин ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн талаар тодорхой тайлбар авахыг хүссэн ч дэд сайд Б.Ариунсан “Би хол явж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэж тайлбар хэлээд, утсаа тасаллаа. .
Уг нь бидний хувьд ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж буй дэд сайд Б.Ариунсангаас “Одоогийн байдлаар Монгол Улс хэд хоногийн авто бензин болоод түлшний нөөцтэй байгаа. Нефтийн бүтээгдэхүүн импортлогч нар үнэхээр ам.долларын өсөлтөөс шалтгаалж үнээ нэмэх хүсэлт гаргасан уу. Өнөөдөр хоёр компани яагаад өөр, өөр үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна вэ” гэдэг асуултад хариулт авахыг хүссэн юм.
Өчигдөр орой 21 цаг өнгөртөл үргэлжилсэн хурлын дараа шатахууны үнэ нэмэгдэх болсон асуудлаар дээрх Ажлын хэсгийнхнийг хэвлэл, мэдээллийнхэнд мэдээлэл хийнэ гэсэн яриа байсан ч өнөөдрийг болгож хойшлууллаа гэх тайлбар өгч байсан юм. Гэтэл одоог хүртэл Эрдэс баялаг, эрчим хүчний яам болоод Ажлын хэсгийнхний зүгээс шатахууны үнэ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар албан ёсны тайлбар хийгээгүй л байна.
Гэтэл албаны хүмүүсийн ямар ч тайлбаргүйгээр, ямар ч албан ёсны мэдэгдэл хүлээж аваагүй байтал өчигдрөөс эхлэн зарим ШТС-иуд үнээ нэмж, өнөөдрөөс такси үйлчилгээний компаниуд км-ынхээ төлбөрийг дур мэдэн өөрчилж, зарим дэлгүүрүүд хүнсний бүтээгдэхүүнийхээ үнэд бага гэлтгүй өөрчлөлт оруулаад байна.