Хятадын “Цэцгийн хүлэмж” нэртэй бүжгэн жүжгийг АНУ-ын Линкольны төвд өчигдөр тоглож эхэллээ. Хятадын “Ромео Жульета хоёр” хэмээн нэрлэгддэг энэхүү зохиолыг өмнө нь 1999 онд тус төвд ший жүжгийн хэлбэрээр тоглож байсан бөгөөд зургаан бүлгээс бүрдсэн тэрхүү жүжиг бүтэн найман цаг үргэлжилж байжээ. Харин энэ удаа харьцангуй богино, хоёр цагийн хугацаатай бүжгэн жүжгийн хэлбэрээр эргэн ирсэн байна.
Жинлингийн бүжгийн компанийн энэхүү аялан тоглолтыг Хятадын Соёлын яамнаас зохион байгуулжээ. “Цэцгийн хүлэмж” зохиолыг XVI зууны төгсгөлөөр Тан Сянзу хэмээх зохиолч бичсэн байна. Балет, гимнастик, акробатын хөдөлгөөнүүдийг хослуулсан бүжгэн жүжиг өвөрмөц дэг найруулга, гоёмсог хувцас, тайз чимэглэлээрээ үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байгаа гэнэ.