Украины Ерөнхий Сайд асан Юлия Тимошенкогийн нөхөр Чех улсад улс төрийн цагаачлал авсан тухай ВВС мэдээлжээ. Өнгөрсөн оны эцсээр Александр Тимошенко Чех улсаас цагаачлалын орогнол хүссэн аж. Харин Украины засаг захиргаа А.Тимошенкод цагаачлал хүсэх шалтгаан байхгүй гэж үзэж байгаа юм. Украины Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч “Interfax news” агентлагт мэдэгдэхдээ “Украинд хүний эрх, эрх чөлөөг үндэслэсэн хуульт ёс үйлчилдэг” гэжээ.
Чех улсын Дотоод хэргийн яам баасан гаригт А.Тимошенкод цагаачлах эрх олгосон байна. А.Тимошенко “International Industrial Projects” гэдэг Чехийн нэгэн компанийн хувьцаа эзэмшдэг бөгөөд тэнд бизнес эрхлэх сонирхолтойгоо мэдүүлжээ. Ю.Тимошенкогийн улс төрийн эвслээс мэдэгдэхдээ “Хоригдож байгаа улстөрчид гэр бүлээр нь дамжуулан дарамт үзүүлж байна” гэсэн юм.
Сануулахад, Ю.Тимошенкогийн үед Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан Богдан Данилишин өнгөрсөн онд Чехэд цагаачлах эрх авсан байна. Европын Холбоо болон зарим улс орнууд Ю.Тимошенкогийн шүүх хурал улс төрийн шалтгаантай гэж үзэж байгаа юм.
Н.Тунгалаг