Уулзалтад Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар/МШХХТГ/-ын дарга Ж.Бат-Эрдэнэ, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны ажилтнууд, МШХХТГ, Мэдээлэл технологийн Үндэсний паркийн удирдах болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Уулзалтын үеэр МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ мэдээллийн технологийг хөгжүүлэх талаар авч буй арга хэмжээ, хүрсэн үр дүн, Мэдээллийн технологийн Үндэсний паркийн захирал Ё.Сүхбаатар 2006 оноос салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогын дагуу хэрэгжүүлж буй Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалтын талаар танилцууллаа.
Мэдээллийн технологийн үндэсний парк мэдээллийн технологийн паспорт шалгалт, ахисан түвшний шалгалтуудыг 2010, 2011 онд албан ёсоор авчээ. Энэхүү шалгалт нь ажилтнуудын мэдээллийн технологийн үндсэн мэдлэгийг үнэлэх боломжийг олгож, компьютерийн хэрэглээний түвшин, хүний нөөцийн мэдээллийн систем болон тоног төхөөрөмжүүдийн хэрэглээний чадварыг тогтоохоос гадна бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, хэрэглээний ур чадварыг сайжруулах ач холбогдолтой ажээ.
Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам "Цахим засаглалын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хүрээнд энэ асуудал нэн чухал болохыг онцлон тэмдэглээд, удирдах ажилтны болон төрийн албанд анх орох иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн Цахим шалгалтын үеэр иргэдийн компьютерийн мэдлэгийг шалгахад хамтарч ажиллахыг санал болголоо. Мөн төрийн байгууллагуудын хүний нөөцийн удирдлагын мэдээллийн нэгдсэн тогтолцооны үндэсний программ хангамжтай болох, үүний тулд дэд бүтэц болон хэрэглээний талаас мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг хүсэв.
Хоёр тал цаашид хамтран ажиллах Удирдамж төлөвлөгөө гаргаж, цаашид мэдээллийн технологийг төрийн албанд жигд нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.