АТГ-ын дарга НҮБ-ын төлөөлөгчтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга НҮБ-ын төлөөлөгчтэй уулзав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Сенаноглуг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч, уулзав. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн болон албаны хүмүүс оролцлоо. 

Уулзалтын эхэнд хатагтай Сезин Сенаноглу өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд “НҮБ-ын системийн байгууллагуудаас Хөгжлийн хөтөлбөр болон Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх алба нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай илүү ойр хамтран ажилладаг. 2008 оноос эхэлсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төслийн хүрээнд асуудлыг голлон зангидаж байгаа Авлигатай тэмцэх газрыг түшиглэн зөвлөлдөх механизмыг бий болгож, энэ дагуу Эрүүл мэндийн яам, прокурорын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж ирсэн. “Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж дууссан бөгөөд 2012-2016 онд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөрийн баримт бичгийг боловсруулах, хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойлох, үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахад Авлигатай тэмцэх газар болон холбогдох бусад байгууллагууд урьдын адил идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаа”-гаа илэрхийллээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “УИХ-аар хэлэлцэж байгаа авлигын эсрэг хууль тогтоомжид оруулж буй нэмэлт, өөрчлөлт, хуулийн төслүүдэд манай газраас тодорхой санал бэлтгэж өгсөн. Эхний ээлжинд бид байгууллагынхаа ажиллах эрх зүйн орчин, нөхцөлийг бүрэн хангахад анхаарлаа хандуулж байна. Авлигатай тэмцэх газар Засгийн газартай аймаг, орон нутгийн төр, захиргааны байгууллагууд, яам, агентлагууд, авлигын өндөр эрсдэл бүхий төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаар ярилцана. Авлигатай тэмцэх газар ойр зуурын асуудалд анхаарах биш алсын хараатайгаар стратегийн түвшинд хамтран ажиллахыг чухалчилж байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Сенаноглу “Илүү алсыг харсан үйл ажиллагаа явуулах тухай таны саналыг талархан дэмжиж байна. Авлигатай тэмцэх үйл ажиллагааг урагш ахиулах үүднээс эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр гаргаж буй санал, санаачилгын талаар сонсоход таатай байна. Нөгөө талаар Конвенцийн хэрэгжилтийн өөрийн үнэлгээний дүнгээс харахад хийх зүйл их байна. Ялангуяа энэ асуудлаар УИХ санаачилгыг гартаа авч, манлайлан ажиллах нь чухал юм. Авлигатай тэмцэх асуудал нь олон талын хүчин чармайлт шаарддаг тул НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс УИХ, Авлигатай тэмцэх газар болон бусад энэ чиглэлээр нөлөө үзүүлэхүйц байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдод НҮБ-ын суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Сезин Сенаноглу хүнд хэцүү, өндөр хариуцлагатай албандаа амжилт гаргахыг хүсэн ерөөв.  

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж