УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Энхбат, мөн УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Бадам, Б.Болдбаатар, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц нар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ.
Токиогийн энэ удаагийн чуулганаар АНДПЧ-ны уламжлалын дагуу Ази-Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны асуудал болон бүс нутгийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулах юм. Мөн гамшгийн үеийн бэлэн байдал болон цөмийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлаар бүс нутгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд 2011 оны гуравдугаар сард Японы зүүн хэсэгт тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн хор уршгийн тухай санал солилцох юм байна.
Энэ удаагийн чуулган нь АНДПЧ-ны 20 жилийн түүхэн ойгоор тохиож буй агаад АНДПЧ-ны цаашдын үзэл баримтлал, чиглэлийг хэлэлцэж шинэчлэхээр төлөвлөжээ.
Манай улс 2011 оны нэгдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд АНДП-ын ээлжит 19 дүгээр чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулсан юм. Улаанбаатарын чуулганд АНДПЧ-ны гишүүн 17 орны 223 төлөөлөгч болон ажиглагч хоёр орны төлөөлөгчид оролцон бүс нутгийн улс төр, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон асуудлаар санал солилцож нийт 17 орноос 37 тогтоолын төсөл ирүүлснийг нэгбүрчлэн хэлэлцэж баталсан юм.
Тодруулга: Ази-Номхон далайн парламентын чуулган (АНДПЧ) Япон Улсын Ерөнхий сайд асан Ясухиро Накасонэгийн санаачлагаар 1993 онд анх байгуулагдаж, тус хуралдаанаас Токиогийн тунхаглалыг баталсан нь АНДПЧ-ны зорилго, үйл ажиллагааны чиглэл, баримтлах зарчим, АНДПЧ-ны гишүүнчлэл, оролцооны журам, тус чуулганы бүтэц зохион байгуулалтыг тодорхойлсон чухал баримт бичиг болжээ.
Монгол Улс анх 1994 онд АНДПЧ-ны 2 дугаар хуралд оролцсоноор тус байгууллагын гишүүн болж, түүнээс хойш АНДПЧ-ны жил бүрийн ээлжит чуулганд тасралгүй оролцож иржээ.
Эдүгээ АНДПЧ нь тус бүс нутгийн парламент хоорондын томоохон байгууллага бөгөөд 2011 оны байдлаар Ази тив, далайн орнууд, хойт, төв болон өмнөд Америк, мөн Евроази тивийг төлөөлсөн 28 орны парламент тус байгууллагын гишүүн, ажиглагчаар ажилладаг юм байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.