Сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал хойшлогдлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч Д.Болормааг шүүх хурал хойшлогдлоо

Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэлсэн сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг шүүх хурлын товыг нэгдүгээр сарын 24 хүртэл хойшлууллаа. Учир нь хэргийн нэхэмжлэгч болох “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү шүүх хуралд хүрэлцэн ирээгүй тул Д.Болормаагийн хүсэлтээр шүүх бүрэлдэхүүн хурлын товыг хойшлуулжээ.

“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн сониндоо нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан юм. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан боловч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд болсон нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан билээ. Улмаар тус хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэхээр болоод байсан юм.

Шүүх хурлын товыг хойшлуулах шийдвэр гарсны дараа сэтгүүлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монголоос зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх хуралдаан хойшилсон шалтгааныг тодруулаач.

-Нэр төр нь гүтгэгдсэн гэсэн үндэслэлээр сэтгүүлч Д.Болормаагийн эсрэг шүүхэд гомдол гаргасан “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү өөрийн биеэр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй учир хойшлогдлоо. Өөрөөр хэлбэл, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн шалтгааны улмаас, мөн сэтгүүлч Д.Болормаагийн хүсэлтийн дагуу хойшлогдсон.

-Өнгөрсөн оны наймдугаар сард болсон анхан шатны шүүхийн шийдвэрийг нийслэлийн давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож, буцаасан байгаа. Энэ тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байсан?

-Нийслэлийн давж заалдах шүүх анхан шатны шүүхээс буруутай нь тогтоогдсон болон цагаатгасан нь буруу байна хэмээн зааж  байгаа нь үндсэндээ анхан шатны шүүх тогтолцоонд хараат бус байдалд шууд нөлөөлж байгаа юм. Иймээс бид Ерөнхий шүүгчид хандан, хүсэлт гаргасан. Энэ байдлыг хэлэлцэж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хориг тавих энэхүү асуудлын тухайд хуульд тусгаж өгөхөд болохгүй зүйл байхгүй хэмээн хэлсэн юм. 

-Өнөөдрийн шүүх хуралдаан ТББ, хууль, эрхзүйн байгууллага болон хэвлэлийнхнээс хаалттай болсныг хэрхэн тайлбарлах вэ?

-Ер нь шүүх хуралдааныг хаалттай, нээлттэй явуулах журмыг шүүх өөрөө шийддэг. Харин манай талаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан ч хаалттай хуралдлаа.

-Шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг ямар шалтгаанаар тайлбарлаж болох бол?

Одоогийн байдлаар шүүгчдийн бүрэлдэхүүнийг юуны учир өөрчлөх, өөрчилсөн талаарх асуудал ойлгомжгүй байгаа юм. Ямар нэгэн тайлбар өгөхөд тодорхой бус байна.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж