Орхон, Дархан-Уулынхан ч утаанд хордож байна

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Орхон, Дархан-Уулынхан ч утаанд хордож байна

Улаанбаатар
хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тавьсан Засгийн газрын
тэргүүний мэдээлэлтэй холбогдуулж  дагуул хотуудын асуудал ч хөндөгдөж
эхэллээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хэлснээр бол нийслэлийнхэн зөвхөн
утаан дунд амьдарч байгаа биш Орхон, Дархан-Уул аймагт энэхүү утаа
гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Эрдэнэт хотын хувьд гэр хороолол нь
хотоосоо гурав дахин томорчихоод буй. Гэвч орон сууцны хороолол барих
талд ямар ч алхам хийгдэхгүй байгаа. Дээр нь Засгийн газар утаатай
тэмцэх ажлаа зөвхөн Улаанбаатар хотод чиглүүлж, хамаг хөрөнгө хүчээ
хаяад дагуул хотыг орхигдуулж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Жекей
аймгуудад ч утаа хүндхэн асуудал болсныг санууллаа.

Байгаль
орчин, аялал жуулчлалын яамны албан хүний хэлснээр бол судалгаагаар
Орхон, Дархан-Уул аймаг мөн утааны голомтын бүс болчихоод байгаа нь
тогтоогдсон. Тиймээс эхний ээлжинд дээрх хоёр аймгийн гэр хорооллынхонд
15 мянган ширхэг утаагүй зуух нийлүүлэхээр төлөвлөж буйг хэллээ.

Харин
сайд Д.Зоригтын тайлбараар бол Улаанбаатар хотод утаа гамшгийн хэмжээнд
хүрсэн гэдэг агуулгаараа бүх хөрөнгөө нийслэлд зарцуулж байгаа. Алсдаа
Дархан-Уул, Орхон зэрэг аймаг руу утааг бууруулах чиглэлээр хийх ажил
чиглэх аж.

Мөн дээрх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн
Ц.Сэдванчиг утааг бууруулах чиглэлээр тавьж буй хөрөнгөд хэн хяналт
тавьж буйд хариулт өгөхийг хүслээ. Мөн үр дүн ямар байгаад тайлбар
хийхийг хүссэн юм. Нийслэлийн Засаг даргын орлогчийн тайлбараар бол
нийслэлийн хэмжээнд 43500 айлыг утаагүй зуухаар хангаснаар түүхий
нүрсний хэрэглээ 110 мянга гаруй тонноор багасчээ. Энэ нь нэг ёсны
иргэдэд эдийн засгийн хэмнэлт авчирч буй. Нөгөө талаараа түүхий нүүрсний
хэрэглээг 40 хувиар бууруулсан. Ийм үр дүн авчирхад гол нь утаагүй зуух
хэрэгэлэж эхэлсэнтэй холбоотой. Харин хөрөнгийн тухайд “Цэвэр агаар”
санд өнгөрсөн жил 20 тэрбум төгрөг төвлөрсөн, түүнийг холбогдох
чиглэлээр зарцуулсан. Энэ оны хувьд тус санд 30-аад тэрбум төгрөг
төвлөрүүлэхээр тусгасан. Зориулалтын чиглэлд нь хөрөнгийг зарцуулна”
гэлээ.

Мөн энэ оны хувьд ТЭЦ-2 станцыг түшиглэн байгуулж буй
хагас коксжуулсан түлшний үйлдвэр ашиглалтад орно. Энэ цагт гэр
хорооллын өрхүүдийг хагас коксжуулсан түлшээр хангах асуудал толгой
өвтгөхгүй болох юм байна. Цаашид Засгийн газар нүүрснээс хий гаргах,
хойд хөршөөс хий татах гэх мэт шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж
буй ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж