Монгол Улс цаазын ялгүй орон боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс цаазын ялгүй орон боллоо

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр соёрхон баталсан юм. Ингэснээр  Монгол Улс цаазаар авах ялгүй орон боллоо.

Үүнтэй холбогдуулж Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын хоёрдугаар нэмэлт  протоколд нэгдэн орох тухай хуулийг УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баталж, Монгол Улс цаазаар авах ялгүй орон болсныг түмэн олноо сонордуулан мэдэгдэхэд таатай байна.

Цаазаар авах ялыг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх шийдвэрийг анх удаа гаргаж, хүний эрхийн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачлагыг дэмжиж, нөр их хүчин чармайлт тавьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсын Засгийн газарт өгсөн болон олон улсын байгууллагуудаас удаа дараа гаргасан зөвлөмжийг биелүүлж, нэмэлт протоколд нэгдэн орох хуулийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталсан УИХ-ын дарга, гишүүдэд Хүний эрхийн Үндэсний Комиссоос талархал илэрхийлж байна” гэжээ.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж