Засгийн газрын цаг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Засгийн газрын цаг эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд уг хуралдаанд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл хийсэн юм.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой хуулийг УИХ-аас өнгөрсөн онд баталсны зэрэгцээ авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг мөн давхар баталжээ. Ингэснээр Улаанбаатар хотын зургаан дүүргийг хязгаарлалтын бүсээр тогтоож, гэр хорооллын 180 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнээр хангах ажлыг эхлүүлсэн байна. Мөн инженерийн барилга байгууламжийг нэмэгдүүлэх замаар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байгааг онцоллоо. Энэ хүрээнд гэр хорооллын нутаг дэвсгэрт 1200-гаад айлын орон сууц баригдаж байгаа.  Ингэхдээ 600 гаруй өмчлөгч газраа орон сууцаар солих нөхцөлтэйгээр баригдаж буй орон сууц ашиглалтад орохыг хүлээж буй. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны байдлаар 9026 айлын орон сууц ашиглалтад орсон байна.

Тэгвэл утааг бууруулахын тулд 40 мянган өрхөд эрчим хүчний хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүн нийлүүлсэн. Үүнд 3.8 тэрбум төгрөгийн татаас олгосон. 2011 оны төвшинд гэр хорооллын 70 мянган өрхийг утаагүй зуухаар хангахаар төлөвлөснөөс одоогоор 43500 айл утаагүй зуух ашиглаж байгаа. Энэ нь нийт гэр хорооллын өрхийн 67.5 хувь нь утаагүй зуух хэрэглэж байна гэсэн үг. Харин энэ жилд 113 мянган өрхийг утаагүй зуухаар хангана. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдол 60 хувь хүртэл буурах урьдчилсан тооцоо гарч буй. Түүнчлэн гэрээ дулаалсан, амины орон сууцаа цахилгаан халаагуураар халааж буй өрхүүдэд цахилгааны хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Ингэхдээ оройн 18.00 цагаас өглөөний 09.00 цаг хүртэлх цахилгааны үнийг 50 хувь хөнгөлж буйг хэллээ.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй далайцтай ажлын нэгд автомашиныг хийн түлшинд шилжүүлэх ажил аж. Тухайлбал, өнгөрсөн онд 1523 суудлын авто машиныг шингэрүүлсэн шатдаг хийнд шилжүүлж, 15 автобусыг троллейбус болгон өөрчилж 18 троллейбус, дуобус угсарч нийтдээ 33 цахилгаан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргасан юм байна

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж