-Хамтарсан Засгийн газраас АН гарахаа зарласныг МАН-ын залуучууд юу гэж үзэж байгаа вэ?
-Миний хувьд тодорхой гурван зүйл хэлье гэж бодож байна. Нэгд, АН гурван жил гаруй Засгийн газарт хамтарч яваад сонгууль хүртэл богинохон хугацаа үлдэж байхад гарна гэсэн нь хариуцлагагүй алхам боллоо гэж үзэж байна.
Хоёрт, МАН-ын олон хүн сайд болох гэж байна гэсэн зохион байгуулалттай мессеж гадуур тарах боллоо. Энэ тухай одоо ярих нь цаг хугацааны хувьд хэтэрхий эрт асуудал. АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газраас гарах тухай мэдэгдэл хийсэн болохоос биш ҮЗХ шийдвэрээ гаргаагүй байна. Хэрэв ҮЗХ тийм шийдвэр гаргахгүй бол буцаад хамтрах юм уу, үгүй юү гэсэн асуудал гарна. ҮЗХ-ноос ухаалаг, ул суурьтай зөв шийдвэр гарах байх гэж бодож байна.
Гуравт, зарим хэвлэлээр МАН-ын залуучууд сайдад нэр дэвших гэж байна гэсэн мэдээлэл гарч байгааг няцааж байна. Бидэнд хийх хангалттай их ажил бий. Ямар нэг байдлаар энэ давалгаанд оролцохгүй гэдгээ хэлье.