Яаралтай түргэн тусламжийн төвд машин олгохоор энэ жил нийслэлийн төсөвт 2.1 тэрбум төгрөг суулгасны дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс 30 машин авахаар болжээ. Яаралтай түргэн тусламжийн төв нь одоогоор 31 машинтай бөгөөд үүнээс 27 нь иргэдэд үйлчилдэг юм байна. Хэдийгээр төсөвт суулгасан мөнгөөр 30 машин нэмж авахаар тооцоолоод байгаа ч түргэний машин хангалттай хэмжээнд хүрч чадахгүй гэнэ. Хүн амын талаас дээш хувь нь суурьшсан нийслэлийн иргэдэд хүртээмжтэй үйлчлэхийн тулд дээр дурдсан түргэн тусламжийн машины тоог хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай аж.
Төсвийн мөнгөөр авах түргэн тусламжийн 30 машиныг энэ онд оруулж ирэх бөгөөд тендер зарласны дараа хаанаас, аль компани оруулж ирэх нь тодорхой болох юм байна.
А.Зул