Нью-Йоркийн багачууд ирэх намар “Лир хаан”-тай тайзнаа танилцана. Тус хотын “Парк авенью армори” театр алдарт Уильям Шекспирийн “Лир хаан” жүжгийг хүүхдэд зориулсан хэлбэрээр найруулан ирэх аравдугаар сараас тоглож эхэлнэ. Тэд өнгөрсөн жил Английн “Роял Шекспир” театртай хамтран “Төөрөгдлийн хошин шог”, “Гамлет” жүжгүүдийг хүүхдэд зориулан тавьсан нь тун амжилттай болсон байна.
“Лир хаан” жүжгийг “Роял Шекспир” театрын найруулагч Тим Кроч хувирган бичиж, өөрөө найруулах юм. Одоогоор зохиолоо бичиж хараахан дуусгаагүй бөгөөд ямар ч байсан хүүхдийн “Лир хаан” 70 минут үргэлжилнэ. Өнгөрсөн жилийн хоёр жүжгийг 6-14 насны хүүхдүүд сонирхсон бөгөөд тэдний дунд жүжиг гэдэг зүйлийг анх удаа үзэж байгаа хүүхэд ч байсан гэнэ. Гэвч тэдэнд алдарт Шекспирийн бүтээлүүд таалагдсан байна.