Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх хурлын яллагчид түүнд цаазаар авах ял оноохоор төлөвлөж байна. Хосни Мубаракийг өнгөрсөн жил өөрийнх нь дэглэмийг эсэргүүцсэн жагсагчдын эсрэг цуст ажиллагаа явуулсан хэрэгт буруутгаж Каир хотод шүүж байгаа юм. Яллагчид Хосни Мубаракийн дэглэмийн үед Египетийн Дотоод хэргийн сайд асан Хабил эль-Адли болон аюулаас хамгаалах хүчний зургаан албан тушаалтны эсрэг ял төлөвлөөд байгаа юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 11–нд Египетэд тухайн үед Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг огцрохыг шаардсан хөдөлгөөн гарахад 800-аад жагсагч цэргийнхэний гарт амиа алдсан билээ. Хосни Мубаракийн хэргийн яллагч Мустафа Хатер "Ийм цуст хэрэг үйлдсэн хүнд шударга шүүгч л үхлийн ял онооно” гэж “AFP” мэдээлжээ. Хосни Мубарак өөрт нь тулгасан хэргийг үгүйсгэж байгаа авч Төрийн тэргүүн байсан хүний хувьд ийм зүйл болсныг мэдэхгүй байх учиргүй гэж тэрбээр үзэж байгаа юм. “Хосни Мубарак жагсагчдын цусыг асгаруулсан дээрх хэргийн төлөө улс төрийн болон хуулийн хариуцлага хүлээж, шийтгэлээ амсах ёстой гэж яллагч Мустафа ярьсан байна. Гэвч эрх баригчдыг огцрохыг шаардсан жагсагчдын эсрэг гал нээсэн Хосни Мубаракт яллагчид цаазаар авах ял төлөвлөх хүртэл шүүх хурал таван сар үргэлжилсэн билээ. Хосни Мубарак болон цэргийн өндөр албан тушаалтнууд жагсагчид, энгийн иргэдийн эсрэг гал нээх тушаал өгсөн гэж баталж буй 2000 гаруй цагдаа, зэвсэгт хүчний ажилтнуудын мэдүүлэг яллагчдад байгаа ажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүх хурал эхэлснээс хойш Египетийн хамгийн нөлөө бүхий албан тушаалтнуудыг дээрх хэрэгтэй холбон мөрдөн шалгасан юм. Египетийн Батлан хамгаалахын сайд, цэргийн зөвлөлийн тэргүүн асан фелдмаршал Мохамед Хуссейн Тантави өнгөрсөн есдүгээр сард болсон хаалттай шүүх хуралдааны үеэр Хосни Мубарак жагсагчдын эсрэг гал нээх тушаал өгөөгүй гэж мэдүүлсэн билээ. Хосни Мубаракийн шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд түүний хөвгүүд Гамал, Алаа нарыг хээл хахуулийн хэргээр шүүж байгаа гэнэ.
Н.Энх