УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдууллаа. Тус хуралдаанаар Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр энэхүү соёлын бодлогод шүүмжлэлтэй хандаж “Соёл ярих болохоор бөх, хөөмий л ярих юм. Хэдий болтол монголчууд түүхээ судлахын төлөө явах юм бэ, соёл бүтээхийн төлөө явахгүй юм уу. Өнөөдөр Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гауйн бүтээл шиг бүтээл хэд гарч байгаа юм, хэчнээн хүн өнөөдөр номын сангаар үйлчлүүлдэг юм. Фонд дахь ном нь хүрэлцэж байна уу. Аймгийн хэмжээнд, Улаанбаатар хотод хэдэн номын сан байна вэ. Өнөөдөр нэг аймаг жилдээ дөрвөн сая төгрөгт багтаан шинэ ном худалдан авах төсөвтэй. Гэтэл УИХ-ын гишүүний шинэ ном худалдан авах жилийн төсөв нь 1.5 сая төгрөг. Гурван гишүүнийхтэй тэнцэх хэмжээний хөрөнгө нэг аймагт ногдож байна. Хүрэлцээ нь ямар байна.
Уг нь бол бид Соёлын шинэ бодлого гаргах ёстой. Энэ нь монгол хүний соёлын өнөөдрийн төвшин 20 жилийн дараа ийм болно гэсэн төсөөлөл байх ёстой юм. Энэ чинь харагдахгүй байна шүү дээ” гэв.
Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр аймаг, сумдад хэчнээн номын сан, үзвэрийн газар байдаг. Хэдэн хүн үйлчлүүлдэг гэх мэт статистик мэдээллийг дараа гишүүдэд бэлтгэж өгөхөө амласан ч соёлын бодлого хуучинтайгаа адил, шинэ зүйлгүй гэсэнтэй санал нийлэхгүй гэж хэллээ. Ер нь яамны барьж буй бодлого бол жилдээ нэг ч болов сайн брэнд гаргах юм сан гэсэн эрмэлзэлтэй байдаг. Гэвч төсөв нь хаанаа ч хүрэлцдэггүй гэсэн мөнгө санхүүтэй холбогдох зовлонг тоочсон юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна. Үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.
Г.Дарь