УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилогсдын түрүүч нь төрийн албанаас тодорсон. Тэднийг Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын дэд дарга асан одоогоор дэд даргын үүрэг гүйцэтгэгч А.Мөнхбат тэргүүлсэн билээ. А.Мөнхбатыг зарим нэг хүн “азтай дамшиг” хэмээдэг юм билээ. Монголчуудыг мэдээллийн технологи гэж мэдэхгүй байх үед МУИС-ийн математикийн ангийг төгсөөд энэ сэдэв дээр дөрөөлж гарч ирсэн сэргэлэн толгой гэлцэх нь ч бий. Энэ нь ч түүнийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгтэй үзэл бодол нийлэхэд хүргэсэн аж. Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд 2004 онд одоогийн Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газрыг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар нэртэйгээр байгуулж байсан. Харин даргаар нь одоогийн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилсон юм. Ч.Сайханбилэг Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт даргаар очоод А.Мөнхбатад Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын албан тушаалыг өгснөөр А.Мөнхбатын амьдрал цахим ертөнцтэй холбогдсон түүхтэй. Түүнд шар хэвлэлүүдийн бай болж явсан цаг бас бий. Гэхдээ түүнийг сайн боловсон хүчин гэдгээр нь олон хүн үнэлдэг. Бас тэрбээр чадварлаг менежер яах аргагүй мөн. Тухайлбал, 2004 онд одоогийн Байгаль орчин аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг Дарханд өрсөлдөхөд менежерлэж УИХ-ын гишүүн болгож чадсан. Мөн 2008 оны сонгуулиар Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ч.Сайханбилэгийг Баянзүрх, Налайх дүүрэгт өрсөлдөхөд сайн менежерлэсэн гэсэн. Тэгэхээр А.Мөнхбат намынхаа өмнө хүлээсэн үүрэг, даалгавраа онц сайн гүйцэтгэсэн байгаа биз. Одоо харин өөрөө өрсөлдөх цаг болсон гэж үзсэн бололтой. Төрийн албанаас гадна Ардчилсан намын арын албаны ажил, УИХ-ын гишүүдтэй нийлж ухаалаг үнэмлэх боловсруулах төсөл зэргийг давхар амжуулж байсан түүнийг үүнээс өөр ажил дээр толгойгоо ажиллуулж байсан гэх нь ч бий. Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газраар цөөнгүй тендерийн ажил хянагддаг бөгөөд тус газраар тендерийн ажлаа хянуулж, шалгуулж байсан хүмүүс А.Мөнхбатын талаар тийм ч таатай сэтгэгдэлтэй үлддэггүй байсан гэх. Тэрбээр Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын дэд даргын албыг 2010 онд авч өөрийн удирдлагад байсан мэдээллийн порталын үйлчилгээ үзүүлдэг “Е Монгол” хэмээх компанийнхаа удирдлагын албыг мөн л сайн дураараа өгсөн гэдэг. Энэ компани нь одоогоор нэгэн сайдын нэр дээр бүртгэлтэй байдаг аж. Намдаа хийсэн гавьяа, золиослосон бүхнийхээ хариуд өнөөдөр тэрбээр Өвөрхангай аймаг буюу төрсөн нутагтаа нэр дэвшихээр горилж яваа. Гэтэл Өвөрхангайд өөрийнх нь намаас л гэхэд УИХ-ын гишүүн З.Энхболд, Г.Батхүү, Д.Зоригт, “Мон Атом” төрийн өмчит компанийн захирал асан Р.Бадамдамдин нар нэр дэвшихээр горилох нь тодорхой болчихсон байдаг. Харин түүнтэй үе тэнгийн бөгөөд нам нэгт нөхөр “Нэг Ардчилал” фракцийн төлөөлөл Т.Хасбаатар нь саяхан аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдоод байгаа. Мөн л тэнд хүч үзэхээр болсон гэж байгаа. Түүний “Дайсан” үүгээр дуусахгүй. Ардын намаас ч Өвөрхангайд хууччуулаа сойх сурагтай байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ТӨХ-ны дарга Д.Сугар, Ардын намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар тэнд өрсөлдөхөөр горилж яваа гэсэн. Тиймээс “А.Мөнхбатад нэр дэвших ямар ч гордьлого байхгүй. Газрын дарга Ж.Бат-Эрдэнэтэйгээ таарамж муутай байгаагаас л ажлаа өгсөн” гэж ярих хүн ч бий болсон. Харин А.Мөнхбат өөрөө УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр горилж байгаа учир албан тушаалаа сайн дураараа өгсөн гэдгээ мэдэгдсэн болохоор тэд хэлэх үггүй болж байгаа байх. Тэгэхээр А.Мөнхбат нэр дэвших эрх олж авах 50 сая төгрөгийн хандиваа өгчихсөн биз. Мөнгөтэй, азтай намдаа аавын хүү үзээд гарахад юу нь болохгүй гэж дээ.
Р.Сарангоо
"Улс төрийн тойм" сонин