Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газраас гарах болсноо АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өчигдөр гэнэт­хэн зарлав. Тэрбээр “Түүхэн үүр­гээ манай нам гүйцэтгэсэн. Тийм болохоор сонгуулийн жилд хоёр нам тус тусынхаа ажлыг хийсэн нь дээр гэж үзлээ…” хэмээн шалтгаанаа тайлбарлав. Үүнийг сонссон зарим хүн “Н.Алтанхуяг ч мөн дөө” гэж бухимдаж байна. Засгийн газарт Тэргүүн шадар сайдын суудалд заларч, намаа ч, нөхдөө ч хаясан тэрбээр бол одоо намын даргын албан тушаалаасаа огцрохгүйн тулд танхимаа орхихоор шийджээ. Уг нь тодорхой байсан үйл явдал. Наалдуулах гэж яаж ч хичээгээд бүтэхгүй, нэмэх хасах цэнэг шиг намууд хамтарсан нь үнэн. Сонгуульд нийлж орохгүй нь ойлгомжтой болохоор наана нь задрах л байсан, энэ засаг. Намынхан нь бараг бүгдээрээ шахам жилийн өмнөөс, цөөхөн хэд нь анхнаасаа  л ийм утгатай юм ярьж, эсэргүүцдэг байсан шүү дээ. “Хүний хөнжил дулаацуулахаа боль, дарга минь” гэж. Тэр байтугай зарим нь Ардчилсан хүчний холбоо хүртэл байгуулж байсан. Гагцхүү үүний эсрэг өчигд­рийг хүртэл баттай зогссон нь тэр өөрөө билээ. Намынхаа гишүүдийг бүлтгэнэтэл нь загнаад хамтарсан Засгийн газрыг цээжээрээ хамгаалдаг байсныг нь хүмүүс мэднэ. Буруу тийш манаргаад явснаа тэр одоо л ойлгов уу. Эсвэл 2012 оны энэ өдрийг хүлээх хэрэгтэй байсан уу. Хэлж мэдэхгүй юм. Шинэ оны ажлын эхний өдөр Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчидтэй уулзахдаа “АН-ынхан биднийг хаяж явахгүй. Төдийгөөс өдий хүртэл хажууд байсан болохоор тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” хэмээж байсан нь гуравхан хоногийн настай дүгнэлт байж. Гэхдээ ханилж явсан нөхрөө хээр орхихоор шийдсэн Н.Алтанхуягийн энэ үйлдэл орчин цагийн Түгжилийг эрхгүй санагдуулав. 

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж