7 сарын 1-нд шуудай чулууг 2000 төгрөгөөр борлуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

7 сарын 1-нд шуудай чулууг 2000 төгрөгөөр борлуулжээ

ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЦАГДАА НАРЫГ ӨМӨӨРЧ СУУЛТ ХИЙХЭЭР БОЛЛОО

Монголчууд шинэ ардчилсан нийгмийг бий болгохдоо нэг ч хүний цусыг урсгаагүй. Харин 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон үймээний үеэр таван иргэн мөнх бусыг үзсэн. Тэрхүү үйл явдал одоо хэр нь улстөрчдийн сонгуулийн оноо цуглуулах нэг хэрэгсэл нь болж байгаа гэж үзэх хүмүүс цөөнгүй байна. Энэ хэргийн талаарх яриа бүтэн дөрвөн жилийн турш  олон нийтийн анхаарлыг татсаар байна. Долоодугаар сарын 1-ний хэрэгт холбогдоод буй цагдаагийн дарга нарын талаар Улсын Ерөнхий прокурорын газраас гаргасан “гэм буруутай” гэх үндэслэлийг эсэргүүцэж өнөөдөр 08:30 цагаас хэсэг иргэн суулт зарлах юм байна.

Н.Батмөнх: ЦАГДАА НАРААР СОНГУУ­ЛИЙН ШОУ ХИЙХ ХЭРЭГГҮЙ

Бид энэ талаар “Цагдаагийн эрх ашгийг хамгаалах түр хороо”-г байгуулан улс төрийн суулт хийхээр зэхэж буй иргэдээс зарим зүйлийг тодруулсан юм.
    
Монгол Улсын Прокурорын ерөнхий газар гэдэг маань тухайн улсад мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй болохоос биш хуулийг гууль болгож болохгүй. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан өршөөлийг дөрөв, тавхан хүний хүсэлт дээр үндэслэж Улсын ерөнхий прокурорын газрын дарга Д.Дорлигжав хүчингүй болгосон. Тэдэнд 2012 оны сонгуулийн шоуг цагдаа нараар хийх хэрэггүй гэж хэлмээр байна. Тиймээс энэ хэрэг нэг талдаа гартал улс төрийн суулт хийхээр боллоо. Гэхдээ өлсгөлөн зарлах уу үгүй юү гэдэг нь улстөрчид, хуулийнхны хариултаас ихээхэн шалтгаална. Хэрвээ бидэнд үнэн зөв хариу өгөхгүй, жинхэнэ хэрэгтнүүдэд нь зохих арга хэмжээг авдаггүй юм бол тэмцлийн дараагийн шат болох өлсгөлөнгийн хэлбэрт шилжинэ. Бид 2008 оны есдү­­гээр сард нийт 129 цаг хуурай өлсгө­лөн зарласан. Тэр үед монголын цагдаа­гийн төлөө гэсэн сэтгэлтэй хоёр хүн надтай цуг байсан юм. Тэр бол Э.Бат-Эрдэнэ, Я.Анхсайхан нар. Биднийг “хуурай өлсөглөн зарлалаа” гээд албадан эмчилгээнд оруулж байсан. Гэхдээ одоо бид тийм зүйлд хууртаж албадан эмчилгээ хийлгэхгүй. Үнэн гэж байдаг бол өнөөдөр монголын цагдаагийн албан хаагчид хэрэгтэн болохгүй. Жинхэнэ хэргийн эзэд бол Р.Бурмаа, Б.Жаргалсайхан, О.Магнай, Д.Энхбат, Ж.Батзандан мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүү дээ. Тэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Сүхбаатарын талбайд бөөнөө­рөө үзэх нэ­рийд­лээр мар­гаа­шынхаа үймээний талаар ухуулга хийсэн байдаг юм. Тэд “Маргааш ийм цуглаан болно шүү бэлтгэлтэй байгаарай” гэсэн утгатай үг хэлсэн. Мөн өмнө өдөр нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хо­рооны Авто тээврийн Драгон төвийн тэнд  долоодугаар  сарын 1-нд хийх цуглааныхаа талаар ярьсан. Тэнд би байсан юм шүү.

Б.Бат-Эрдэнэ: АН-ЫНХАН ГЭР ОРОНГҮЙ ХҮМҮҮСИЙГ НАМЫН БАЙРНЫХАА ҮҮДЭНД АРХИДУУЛСАН

Долоодугаар сарын 1-ний үйл явдал бол цэвэр зохион байгуулалттай болсон хэрэг. Үүнийг зохион байгуулагчид нь тодорхой шүү дээ. Харамсалтай нь тэдний гайгаар төрийн илд, бамбай болсон цагдаа нар маань асуудалд орчихдог нь сэтгэл эмзэглүүлж байна. Цагдаа нар зөвхөн төрийн үйлчлэгч. 2008 оны зургаадугаар сарын 30-нд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гэр оронгүй хүмүүсийг АН-ын байрны үүдэнд аваачиж архи, хоол, мөнгө төгрөг өгсөн баримт бий. Үүнд биеэрээ оролцсон хүмүүс надтай уулзаж байсан. Цагдаа нараар түрээ барьж байгаа нь өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн төлөвлөгөө. Би өөрөө цагдаа байсан учраас иймэрхүү зүйлийг сайн мэднэ.

Тэд ийн өгүүлж байна. Эдний зарим нь эмнэлгийн хяналтад байдаг уушгины өвчтэй. Тэд идэр ес тачигнаж байх энэ үед  суулт хийнэ, өлсгөлөн зарлана гэж байгаа. Бас тэд барын ам руу орж байгаагаа сайтар мэдэж байгаа  гэдэгт найдахаас.

Долоодугаар сарын 1-ний үймээ­ний үеэр МАХН /МАН/-ын байр луу мод, чулуу нүүлгэж байсан. Харин тэр аадар шиг нүүлгэж байсан чулуун дотор байгалийн чулууг машин машинаар нь ачиж ирсэн талаар баримт бий. Тэгвэл энэ их чулууг хэний захиалгаар хотын төв рүү зөөвөрлөв өө гэдэг асуулт гарна.

Хэсэг машинтай хүмүүс “Дэнжий 1000”-д хүүхдүүдээр чулуу түүлгэн авч байхад нь харсан. Мөн зарсан хүүхдүүдтэй уулзаж байсан гэх Нийслэлийн  Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Г.Октябьртай хийсэн ярилцлагын хэсгээс хүргье.Биднийг очиход тэрбээр машинд дайруулан хөлөө хугалсан  учир хэвтэрт байсан юм.
    
-Та долоодугаар сарын үймээнд биеэрээ оролцсон гэсэн үү?

-Нэг их оролцож сүйдтэй юм болоогүй ээ. Би тэр үед зусланд (Санзайд) байсан. Тэгээд 16:00 цагт зуслангаас гэртээ ирсэн юм. 18:00 цагийн үед хотын төв рүү очтол Сүхбаатарын талбай хавьд бөөн үймээн болж байлаа. Сонирхоод очтол МАХН-ын байр шатаж байсан. Тэр хавиар нэлэнхүйдээ мод, чулуу, архины хагарсан шил зэргээр дүүрчихсэн, нэлээд хүмүүс улайрсан бух шиг дайрч харагдсан.

-Тэр нүүлгэж байсан мод чулуун дотор уулын чулуу байсан гэдэг юм билээ. Энэ хэр ортой вэ? 

-Тэр үнэн. Маш их байсан. Тэр үймээн дотор манай Дэнжийн-1000-ийн хүүхдүүд бас байсан юм. Надад хоёр хүүхэд шилтэй вино авч ирж өгсөн. Тэнд шидсэн чулуунуудыг хотын захын хорооллуудаас авч ирж байсан юм. Үймээн болохоос нэгээс хоёр хоногийн өмнө, бас үймээний үеэр манай гудамжны /22 дугаар/ хойд жалгаас хүүхдүүд чулуу түүж хэсэг хүмүүст зарж байсан. Тэд хүний хөдөлгөөн багассан үеэр буюу 15:00-17:00 цагийн үед ирж чулуу  авдаг байсан гэнэ билээ. Чулуу авахдаа ихэвчлэн гялгар уутанд хийж явдаг.  Хүүхдүүд биллярд тоглох, кино үзэх мөнгөтэй боллоо гээд их баярлаж чулууг дуртай түүж өгч байсан шиг санагдаж байна. Гэхдээ чулуу түүлцсэн хүмүүсийн ихэнх нь орон гэргүй гэсэн гэж хүүхдүүд ярьдаг.

-Тэгэхээр тэр хүмүүс чулууг нь худалдаж  авсан байх нь ээ?

-Хүүхдүүд шуудай чулууг 1000-2000 төгрөгөөр зарчихлаа гээд ирж байсан. Тэд ихэвчлэн жижиг автомашинаар ирж худалдаж авдаг байсан юм байна лээ.  Мөн Хайлаастаас чулуу авч байсан талаар сураг дуулдсан шүү. Ер нь тэр аймшигт хэрэг бол маш их нууцлаг болсон шүү дээ. Хэргийн гол эзэд нь үймээн анх зохион байгуулсан хүмүүс. Гэтэл тэд одоо юу ч хийгээгүй юм шиг хялбархан бултаж чадлаа.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж