Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авлаа. Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл болон Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулал тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хойшлуулах хүсэлт тавьсан юм. Ингэхдээ энэ асуудлыг даргын зөвлөлийн хуралдаанаар оруулж хэлэлцсэний дараа болъё гэдэг хүсэлт тавьсан ч УИХ-ын даргын зүгээс завсарлага л өгнө гэж зүтгүүлснээр тус бүлэг ёсоор болголоо. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс завсарлага дээр хоног алдаж болохгүй гэдгийг анхааруулсан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Очирбат “Яахаараа нийгмийн чанартай хуулийн төсөл дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дандаа завсарлага авч байдаг юм бэ. Нэртэйгээр нь хоёр талдаа бүх асуудал дээр тэгвэл завсарлага авъя л даа” гэв. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл болон Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслүүдийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэхдээ тавхан гишүүн суулгаж байгаад дэмжүүлсэн. Ийм юм хиймээргүй байна” гэлээ.
Энэ мэтээр мэтгэлцээн нэлээд өрнөж байгаад намжлаа.
Г.Дарь