”07.01-ний хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан”

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

”07.01-ний хэргийг мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан”

Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүүг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Улсын ерөнхий прокурорын даалгавраар 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний хэргийг сэргээн шалгаад дууссан гэж мэдээлэх боллоо. Өмгөөлөгчийн хувьд та хавтаст хэрэгтэй танилцаж дууссан уу?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаныг мэдэгдэж,  хавтаст хэрэгтэй танилцахыг  өмгөөлөгчдөд зөвшөөрсөн. Гэтэл хэргийн материалтай танилцах хугацааг ердөө зургаахан хоногоор тогтоосон байгаа юм. Долоодугаар сарын нэгний хэрэгт холбогдох материал нь 29 хавтаст хэргээс бүрдэж буй. Тэнд барагцаагаар 14-15 мянган хуудас материал бий. Тэр тусмаа олон холбогдогчтой, өмгөөлөгчтэй энэ хэрэгтэй ийм давчуу хугацаанд бүрэн танилцах боломжгүй.

-Яагаад ийм давчуу хугацаа тогтоосон юм бол. Хэрэгтэй танилцах хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж үзсэн үү?

-Үзсэн. Боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Үүнд улс төрийн шалтгааны үүднээс хандсан гэж үзэх үндэслэл бий юү?

-Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт дөрвөн жил холбогдон шалгуулж шаналж байгаагийн хувьд тэгж үздэг. Миний хувьд энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлүүлэх боломжгүй.

-Яагаад цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгох болов. Зүйлчлэлийг өөрчилсөнийг нэр бүхий дөрвөн хүний өмгөөлөгч санал нэгтэй эсэргүүцэж байгаа гэдэг үнэн үү?

-Эхлээд “Албан үүрэгтээ хайнга хандсан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт татан Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Сэргээн шалгаснаас хойш Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” хэмээн үзэж зүйлчлэлийг нь өөрчилсөн. Одоо цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгоод байна. Зүйл ангийг нь ингэж өөрчилсөн нь буруу гэж бид үздэг. Яагаад ингэж зүйлчлэх болсныг нь мэдэхгүй байна. Өнгөрсөн 2010 оны арваннэгдүгээр сард миний үйлчлүүлэгчийг цэргийн гэмт хэрэгтэн болсныг дуулгаж яллагдагчаар татаж байгаагаа мэдэгдсэн. Тэр даруйд нь бид ялын тогтоолыг хүлээж авахгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн. Хууль бус шийдвэрээ залруулахыг ч шаардсан.  “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 196-д зааснаар гэмт этгээдийг яллагдагчаар татахдаа хангалттай нотлох баримт цуглуулсны дараа яллагдагчаар татах тогтоол үйлдэхээр заасан байдаг. Гэтэл ямар нэг нотлох баримтгүйгээр цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулж ял сонсгосон нь хууль бус үйлдэл болсон. Үүнээс хойш бүтэн жил ямар ч чимээ сураггүй таг болсон.

-Та яг тэр үеэс О.Зоригт хурандааг өмгөөлөх болсон байх аа. Өмнөх өмгөөлөгч нь ямар шалтгаанаар өмгөөлөх больсон юм бол?

-Өмнөх өмгөөлөгч нь хөдөө шилжиж ажиллахаар болсон юм билээ. Дараа нь миний үйлчлүүлэгч хуулиар олгосон эрхийнхээ дагуу намайг өмгөөлөгчөөрөө сонгож санал тавьсан.

-Таныг өмгөөллийн үйлчилгээгээ үзүүлэх явцад ямар хориг саад учирч байсан бэ?

-Гол нь энэ давчуу хугацаа л хүндрэл учруулж байна. Бид хавтаст хэргийг сайтар судалж, бүрэн танилцаж, шаардлагатай хэсгийг хуулбарлаж авах, шүүх хуралдаан дээр улсын яллагчтай мэтгэлцэхэд ижил түвшний мэдээлэлтэй байх, санал хүсэлтээ тавих эрхтэй. Жишээ нь маргааш шүүх хурал боллоо гэхэд би тэр 15 мянга гаруй хуудастай хавтаст хэрэгт юу байгааг мэдэхгүй байж улсын яллагчтай яаж мэтгэлцэх юм бэ. Сүүлийн мөрдөн байцаалтаас хойш хавтаст хэрэгт юу нэмэгдэж, хасагдсан, ямар нотлох баримтад үндэслэж миний өмгөөлөгчийг яллах гэж байгааг өмгөөлөгч нь мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Бид үйлчлүүлэгчийнхээ хувь заяаг атгаж байгаа учраас хавтаст хэргийг ном уншиж байгаа юм шиг гүйлгэж хараад өнгөрч болохгүй. Тэгж гүйлгэж харахад ч зургаа хоногийн хугацаа хүрэлцэхгүй. Хамгийн гол нь бидэнд хавтаст хэрэгтэй танилцаж дуусаад дүгнэлт хийх, хүсэлт, гомдол гаргах том эрх бий. Тэр эрхийг маань боомилж байна.

-Цагдаагийн албан хаагч үйлдсэн болохоор цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулж байгаа юм байна гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Харин хуульд цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэдэгт яг ямар хэргийг хамааруулдаг юм бэ?

-Эрүүгийн хуулийн 274 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэг, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар хуулиар тогтоосон журмыг зөрчиж, энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл цэргийн албанаас оргох, цэргийн эд хөрөнгийг устгах, гэмтээх, байлдааны талбарыг дур мэдэн орхих зэрэг цэргийн дүрмээр зохицуулагддаг харилцааг зөрчсөн үйлдлүүдийг л энэ хэрэгт хамруулдаг. Гэтэл армийн буюу цэргийн дүрэм журамд огт хамаардаггүй цагдаагийн хурандаа нарыг энэ хэрэгт холбогдуулан буруутгахаар оролдож байна. Энэ нь хуульчид бид байтугай жирийн иргэдэд ч ойлгомжтой, хүлээн зөвшөөрөхийн аргагүй зөрчил шүү дээ. Цэргийн мөрдэстэй, алхдаг, жагсдаг, ёсолдог бүхнийг цэргийн албаны эсрэг гэмт хэрэгт холбогдуулаад байж болохгүй. Миний үйлчлүүлэгчийн холбогдон шалгагдаж буй хэргийг 2009 оны долдугаар сард гарсан Өршөөлийн хуульд хамруулсан гэж холбогдох албаны хүмүүс ярьдаг. Гэтэл хамрагдах, хамруулах хоёр тэс өөр зүйл. Хэрэгсэхгүй болгосон хэргийг ямар нэгэн байдлаар сэргээн шалгах хуулийн заалт байхгүй. Ямар ч хуульд тийм заалт байдаггүй. Тиймээс сэргээн шалгаж буй нь өөрөө хууль бус үйлдэл. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав уг хэргийг сэргээн шалгах тухай тогтоолдоо Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 211 дүгээр зүйлийг гол үндэслэл болгосон байна билээ. Уг нь энэ хуулиа анхааралтай унших хэрэгтэй байсан юм. Тэнд “Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэргийг Улсын ерөнхий прокурор сэргээн шалгаж болно” гэсэн байгаа. Гэтэл миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар бус Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Өршөөлийн хууль батлагдлаа, хэрэгжлээ. Дахин энэ тухай ямар ч асуудал сөхдөггүй, тийм л хууль шүү дээ.

-Шүүх хурлын тов хэдийд гарах бол?

-Энэ хэрэгт холбогдогчид ч, өмгөөлөгчид ч хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүйдээ сэтгэл дундуур байгаа. Тиймээс ч бид уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгөөч гэсэн хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр гаргасан. Энэ хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхээс шалтгаалан шүүх хурлын товыг тогтоох байх. 

-УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин долоодугаар сарын 1-ний үймээний  үеэр хэрэглэсэн цагдаагийн тэмдэглэл, байлдааны сумны хонгио зэргийг нотлох баримт болгон үзүүлж байсан. Энэ талаар та юу гэмээр байна?

-Хэрэв Х.Тэмүүжин гишүүний үзүүлсэн сумны хонгио, цагдаагийн тэмдэглэл зэрэг нь хэргийг нотлох баримт мөн бол хавтаст хэрэгт бүртгэгдэн хадгалагдаж байх ёстой. Хэргийг эцэслэн шийдээгүй байхад хавтаст хэргийн материалыг задруулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх эрх хэнд ч байхгүй. Хэрвээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг, мөн нотлох баримт гэж үзэн хавтаст хэрэгт хавсаргасан баримтыг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, хэрэг нь эцэслэн шүүхээр шийдвэрлэгдээгүй,  гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд ил болгож мэдээлж байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задалсан хууль бус үйл ажиллагаа юм. Гэвч ямар учраас ийм үйлдэл хийснийг миний хувьд тайлбарлах боломжгүй.

-Гэхдээ улстөрчдөөс эхлээд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга хүртэл мөрдөн байцаалтын нууцыг задруулсан олон мэдээллийг ил болгож, хэвлэлд ярьсан шүү дээ?

-Ч.Амарболд генералын өм­гөөлөгч О.Алтангэрэл “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний яриад, үзүүлээд байгаа сумны хонгио, цагдаагийн тэмдэглэл ямар учиртай болохыг шалгаж өгөөч” гэсэн хүсэлт прокурорт өгөхөд шалгаж өгөхгүй байгаа.

-Ямар үндэслэлээр?

-Ямар ч үндэслэлгүйгээр, зүгээр л “Шалгахгүй. Таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй” гэдэг.

-Онц байдал зарлах тэр үйл явц үнэхээр шинэ, анхных байсан учраас бүгд сандарч тэвдсэн байсан нь ойлгомжтой. Харин “бууд” гэдэг тушаалыг хэн өгсөн бэ гэдэг эзнийг хайсаар өнөөг хүрч байна. Таны үйлчлүүлэгчийн хувьд энэ талаар юу гэж ярьдаг вэ?

-Энэ талаар миний үйлчлүүлэгчийн ярьсан зүйл гэвэл “Би үүргийн дагуу Ч.Амарболд даргын тушаалаар ажилласан. Ч.Амарболд генералд чухам хэн нь үүрэг өгснийг мэдэхгүй” гэдэг. Ер нь энэ асуудалд нэгэнт үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийг буруутгаж байгаа бол Онц байдлын штабын дарга ч гэсэн хариуцлага хүлээх ёстой.

-ХЗДХ-ийн сайд, Онц байдлын штабыг ахалж байсан Ц.Мөнх-Оргил үүнд ямар байр сууринаас оролцсон бол?

-Үүнд жирийн уншигч, иргэн хүний үүднээс хариулж болох юм. Танай сонины эрхлэгч Л.Мөнхбаясгалангийн “Сингапурт өрнөсөн яриа” номд Ц.Мөнх-Оргил гишүүний уг хэргийн талаар өгсөн ярилцлага нийтлэгдсэнийг уншлаа. Түүний ярьснаас харахад Онц байдлын штаб хуульд заасны дагуу, бүх боломж нөхцлөө дайчилж ажилласан юм байна. Өөрөөр надад хэлэх зүйл алга. “Тэгэх байсан, ингэвэл зөв болох байж” гэж худал яриад яах вэ. Товчхондоо Монголын төр энэ үймээнд огт бэлтгэлгүй байсан шүү дээ. Хуучин, шинэ парламент, ер нь хэн ч, яахаа мэдэхгүй байсан. Одоо л баахан мэддэг, мундаг хүмүүс гараад ирсэн. Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг улс төржүүлэлгүй, бодит нөхцөл байдалд тулгуурлан үнэн зөв шийдвэр гаргах байх гэж боддог. Харин хэн нэгнийг заавал буруутан болгох гээд хэлмэгдүүлчих вий гэсэн эмзэглэл ч бас төрж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Л.Баатархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж