Ямартай ч казахчууд энэ жилийн шинэ оны баярыг мөддөө мартахааргүй боллоо. Өнгөрсөн сарын 16-нд Казахстаны баруун хэсгийн Жанаозен хотод зэвсэггүй жирийн иргэд рүү тэднийг хамгаалах үүрэг хүлээсэн төрийн цагдаа нар нь гал нээсэн. Казахстаны албаны төлөөлөгчдийн мэдээлснээр энэ үеэр 16 хүн нас барсан гэж байгаа болохоос биш жагсагчид болон нутгийн иргэдийн үзэж байгаагаар түүнээс ч олон хүн амь насаа алдсан аж. Харин цагдаа нар хэрхэн энгийн хүмүүс рүү гал нээж байгааг харуулсан бичлэг “YouTube”-д тавигдсан юм.
ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин “М.Каддафиг хэрхэн зэрлэгээр хөнөөж байгааг дэлхий нийтээрээ харсан. Үүнийг ардчилал гэж нэрлэдэг юм уу” гэж нэгэнтээ ярьсан. Уг нь эх орондоо авторитар маягийн дэглэм тогтоочихсон В.Путин л хэлсэн болохоос биш энэ үнэн үг. Газрын тостой Ливийн гудамжинд хүмүүс маргалдаж эхлэнгүүт АНУ, Европын цэргүүд гүйгээд оччихно. Тэнд хүний эрх зөрчигдөж байгаа учраас ингэхгүй бол болохгүй гэнэ. Харин НАТО-гоос Афганистан руу нийлүүлдэг биологийн зэвсэг, эрчим хүчний бүтээгдэхүүнийг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрөхийг зөвшөөрдөг Казахстаны гудамжинд цагдаа нар 16 хүн буудаж хороочихоод байхад барууныхан таг чиг. Өнгөрсөн долоо хоногт АНУ, Европын холбооны төлөөлөгчид энэ асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэнээс өөрийг ган хийсэнгүй. АНУ болон барууны орнуудын хувьд үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна.
Жанаозен хотод гарсан үймээн Казахстанд олон жилийн өмнө болж байсан үйл явдлыг санагдуулж байна. Тэртээх 1986 оны арванхоёрдугаар сарын хүйтэн жавартай өдөр Алма-Атагийн төв талбайд хэдэн мянган хүн жагсаж, ЗХУ-аас томилсон Ерөнхийлөгчтэй байхаас залхаж байгаагаа илэрхийлсэн гэдэг. Монголчууд оготны хамраас ч цус гаргахгүйгээр ЗХУ-ын нөлөөллөөс гарч чадсан бол Казахстаны хууль сахиулагчид 200 гаруй хүнийг буудан хороож байж 1991 онд тусгаар тогтнолоо зарласан. Харин Ерөнхийлөгчөөр нь Нурсултан Назарбаев сонгогдсон юм. Н.Назарбаевын удирдлага дор казахчууд эдийн засгийн хувьд амжилтад хүрсэн гэж хэлж болно. Үндэсний олонх нь казах хүмүүс гэдэг утгаараа ястан хооронд мөргөлдөөн бараг гардаггүй. Тус улс жил бүр хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг өөртөө татдаг. Дэлхийн банкны судалгаагаар 2010 онд нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 9136 ам.доллар болсон. Энэ нь Украйныхаас гурав дахин их үзүүлэлт юм. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь Н.Назарбаевын нөлөө ч нэмэгдэж байгаа. Тэгэхээр Н.Назарбаевын хаант засаглалыг тогтоосондоо казахчууд харамсах зүйлгүй мэт. Гэхдээ бас ч тийм биш.
Казахстанд исламын хэт даврагсад үзэгдэх болж, тогтворгүй байдал даамжрах төлөвтэй байна. Тус улсын баруун хэсгээр уламжлалт шашин шүтлэгтээ үнэнч, зэвсэглэсэн бүлэглэлүүд бий. Цагдаа нар болон тэдний хооронд хэд хэдэн удаа мөргөлдөөн гарч байсан тухай АНУ-аас Казахстанд суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Уиллъям Кортни нэгэнтээ онцолж байжээ. “Халифать” хэмээн нэрлэгддэг цэрэгжсэн бүлэглэлээс хэд хэдэн удаа амиа золиослох ажиллагаа зохион байгуулж байсан. Гэхдээ тусгаар тогтносноосоо хойш хоёр арван жилийг ардаа үдсэн Казахстанд өнөөдөр авторитари дэглэм тогтсон гэж хэлж болно. Энэ хугацаанд авлига хүчээ авч, чинээлэг давхрага үүссэн хэмээн “Нью-Йорк таймс” сонин мэдээлж байв. Харин Н.Назарбаевын хувьд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон билээ. Түүний тэргүүлж буй намын гишүүд нь парламентын хоёр танхимд олонх болсон. Харин энэ сарын 15-нд парламентын сонгууль нь болно. Тэр үеэр өөр бусад намуудыг оролцохыг зөвшөөрсөн билээ. Гэхдээ Н.Назарбаевын Нур Отан намынхан олонхийн дэмжлэгийг авна гэдэгтээ итгэлтэй хэвээр байгаа юм.
Н.Назарбаев Астана хот дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бүтээн байгуулалтын ажлыг өргөжүүлж, төрийн байгууллага, удирдах бүтцийг энд төвлөрүүлэх сонирхол нэлээд ажиглагдах болсон. Тиймээс 700 мянган хүн амтай энэ хотыг хоёр дахь нийслэл болгох зорилт тавьж байж болох юм. Энэ тухай барууны хэвлэлүүд ч нэг бус удаа мэдээлж байв. Харин Жанаозенд гарсан үймээнд оролцогчдыг дэмжсэн хүмүүс Астанагийн гудамжинд жагсацгаасан билээ. Казахстаны хууль сахиулагчид тэднийг нэн даруй зогсоож, жагсаалд оролцсон бүх хүнийг баривчилсан нь хоёр дахь нийслэлд ямар нэгэн үймээн гарахаас сэргийлсэн хэрэг бололтой.
Жанаозен бол газрын тосны хэд хэдэн томоохон үйлдвэртэй хот. Харин тэдгээр үйлдвэрийн эзэд ажилчдынхаа цалин хөлсийг цаг тухайд нь өгөхгүй байснаас болж ийнхүү нөхцөл байдал хурцадсан. Бүхэл бүтэн долоон сар цалингийн бараа хараагүй ажилчид уурлан хилэгнэж, энэ бүхнийг шийдэж, зохицуулж чадахгүй байгаа төрөө хүртэл буруутгажээ. Уг нь газрын тосны үйлдвэрийн ажилчид өнгөрсөн тавдугаар сард анх ажил хаялт зарласан аж. Гэвч тухайн үед тэдний хуульчийг шоронд хорих замаар үйл ажиллагааг нь зогсоожээ. Өнгөрсөн наймдугаар сард газрын тосны компаниудын үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн, өсвөр насны нэгэн охин хэрцгийгээр тамлагдан амиа алдсан байна. Мэдээж хэрэг, хэн энэ хэргийг үйлдсэн нь тодорхойгүй хоцорчээ. Харин тэр үеэс эхлэн ажил хаялтад оролцох хүмүүсийн тоо хэдэн зуугаас хэдэн мянга болон өргөжсөн аж. Иргэдийн жагсаал өргөжиж, туйлдаа хүрэхийн цагт Н.Назарбаев “Ийм зүйл байж болохгүй” хэмээн үзэж, Жанаозен хотод нэн даруй 20 хоногийн хугацаатай онц байдал зарласан. Зэвсэглэсэн цагдаа нарыг тус хот руу илгээж, өндөржүүлсэн бэлэн байдлыг хангахаар яаравчилсан юм. Казахстаны Хөдөлмөрийн сайд ажил хаялт зарласан хүмүүсийг “Ор үндэсгүй, хууль бус шаардлага тавьж байна” хэмээн буруутгажээ. Гэвч төд удалгүй Н.Назарбаев ажил хаялт зарласан хүмүүстэй уулзаж, тэдэнд шинэ ажлын байр олж өгөхөө амлан, төрийн мэдлийн газрын тосны компанийн удирдлагуудыг энэ хэрэгт буруутгаж эхэлсэн байна. Түүнчлэн бүс нутгийн томоохон албан тушаалтнуудыг сольжээ. Мөн “Тэдний тавьж буй шаардлага ерөнхийдөө үндэслэлтэй” гэх агуулгатай зүйл мэдээлжээ. Магадгүй тэр болгоомжилж эхэлсэн бололтой.
"Улс төрийн тойм" сонин