Дараагийн сайд нар хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Дараагийн сайд нар хэн бэ?

АН засгаас гарлаа. Харин МАН-ынхан шинэ сайд нараа томилох ажилтай хоцров. Тэд чухам хэнийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулах бол. Юун түрүүнд Тэргүүн шадар сайдын албанаас АН-ын дарга Н.Алтанхуяг огцрох юм. Гэхдээ түүний оронд хүн томилох уу. Эсвэл энэ албан тушаалыг огт байхгүй болгож ч мэднэ. Харин яамдын сайд нарын томилгоо дараах байдлаар үргэлжилж мэднэ.
Сангийн сайд С.Баярцогтын оронд Сангийн дэд сайд Ч.Ганхуяг томилогдох магадлалтай. “Хас” банкны гүйцэтгэх захирлаар 10 орчим жил ажилласан түүнийг Сангийн сайд болгох шалтгаан Ерөнхий сайдад бий. “Хас”-ын Ч.Ганхуяг бол С.Батболдын фракцийн хүн. Одоогийн байдлаар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан сайд нараас Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нар л Ерөнхий сайдын фракцид багтдаг. Тиймээс иймэрхүү “цөөнх” байдлаа халахын тулд С.Батболд Сангийн шинэ сайдад өөрийн хүнээ томилох сонирхлоо илэрхийлэх биз. Гэхдээ Сангийн сайдад УИХ-ын гишүүн О.Чулуунбат нэр дүйж болох юм. Монголбанкны ерөнхийлөгч байсныхаа хувьд, чуулганы танхимд эдийн засгийн мэдлэгээрээ толгой цохьдог түүнд Сангийн яамыг даалгах хувилбар бас бий.

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа намаа дагаад явахын цагт түүнийг орыг царайлаг дэд сайд нь эзэлж мэднэ. Тэр бол Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон. Ерөнхий сайд асан С.Баярын шахаасны хүн. Улс төрд орж ирсэн цагаас нь хойш түүнээс энэ гуншин салаагүй. Цаашид ч салахгүй биз. Тиймээс С.Баяр түүний нэрийг сайдад дэвшүүлбэл Ерөнхий сайд С.Батболдын зүгээс “Үгүй” гэж хэлэх нь юу л бол. Салбарын дэд сайд байх хугацаандаа сайт байгуулж, хувийн эмнэлгээ тордсон шигээ суусан Ж.Цолмонгийн хувьд ирэх сонгуулиар Хөвсгөлийн тойрогт санаатай байгаа гэх. Ямартай ч Эрүүл мэндийн сайдаар шүдний эмч дэд сайд нь сонгогдох магадлал өндөр байна. Хэрэв Ж.Цолмонг дэд сайд хэвээр нь үлдээхээр болбол УИХ-ын ганц эмч гишүүн Д.Очирбатыг Эрүүл мэндийн сайдаар томилж магадгүй. Д.Очирбат 1993 онд Анагаах ухаа­ны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөж байв. Тиймээс тэрбээр С.Ламбаагийн оронд салбар хариуцсан яамаа толгойлж мэдэх юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх мөн л огцорно. “Сая долларын сайд”-ыг яамаа орхих үед түүний оронд МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол сайд болох магад­лалтай. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх түүнийг дэмждэг. Харин Ерөнхий сайд С.Батболд Д.Оюунхоролыг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үед нь нэг удаа “унагаж” байсан юм. Гэхдээ тухайн үед МАН-ын Удирдах зөвлөлийн дэмжлэгийг авч сонгогдсон Д.Алтай хожим нь Хүүхдийн төлөө үндэсний тө­вийн даргаар томилогдож, НАМЭХ-ны ерөнхийлөгчийн албаа хү­лээлгэж өгсөн. Харин  түүний оронд Д.Оюун­хорол ногоон гэрлээр гарч ирсэн билээ. Тиймээс Ерөнхий сайд энэ удаад түүнээс татгалзах аргагүй. Тэгээд ч У.Хүрэлсүх өөрийн хүнийг сайдаар томилуулахын тулд дэмий суухгүй. Түүнээс гадна байж болох бас нэг хувилбар бол УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир.

Зам тээвэр, барилга, хот бай­гуулалтын сайд Х.Баттулга өнгөрсөн хугацаанд намаа ч, Засгийн газ­раа ч шүүмжилсээр эцэст нь хуга­цаанаасаа өмнө сайдын албаа  хү­лээлгэж өгөхөөр болж байна. АН-ыг хамтарсан Засгийн газраас гар­гах бичгийг даргынхаа өрөөнд барьж орсон түүний оронд УИХ-ын ги­шүүн Д.Дамба-Очир салбарын сайд болох хувилбар бий. Ерөнхий сайд С.Батболдын фракцийн  хүн учраас Д.Дамба-Очирыг дэм­жээд явчихад асуудалгүй. Тэгээд ч Ерөнхий сайдын хувьд фракцийнхаа хүнийг сайд болгох сонирхол их бий. Түүнээс гадна дэд бүтцийн салбар дахь ажилласан турш­лагыг нь тооцож мэднэ. Компани нь Улаанбаатараас Төв аймгийн Лүн сум хүртэлх хатуу хучилттай 116 километр урт замыг хэдэн жил дамнан тавьсан билээ. Тэгэхээр салбарынхаа яамыг хариуцахуйц туршлага, мэдлэгтэй. Д.Дамба-Очи­роос гадна УИХ-ын гишүүн Х.На­ранхүү Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилогдож магадгүй. “ГОК”-ын захирал байсан гэдэг утгаар нь бодоод үзвэл шүү дээ.

Батлан хамгаалахын сайд Л.Бол­дыг сайдын суудлаа хү­лээл­гэн өгсний дараа УИХ-ын ги­шүүн Ж.Энхбаяр яамыг тэргүүлэх хувилбар байж бо­лох. Түүний эцэг Ш.Жа­дамбаа 36-хан насандаа генерал цол авч бай­­сан, цэргийн хүн. Батлан хам­гаа­ла­хын орлогч сайд, нэгдүгээр ор­логч болон сайдаар нийтдээ арав га­руй жил ажиллаж байжээ. Түү­нээс гадна “Газар холдинг” груп­пын захирал асан Ж.Энхбаяр нь М.Энх­болдын хүн гэгддэг. Тиймээс хо­тын фракцийнхан түүнийг сайдын суу­далд түлхэх нь гарцаагүй. МАН-ын фрак­циуд бүгд өөр, өөрсдийн хүнээ за­сагт багтаачих санаатай үзэж бай­хад хотын фракцийнхан түүнээс юу дутав гэж. Өмнөх засгийн үед Ж.Энх­баярыг УМХГ-ын дэд дарга байх үед нь Батлан хамгаалахын сай­даар сонгох тухай яриа ч мэр сэр гарч л байв. Тиймээс хэдийгээр за­луухан улстөрч боловч түүнд энэ удаад салбарын яамыг өгөх магадлал бий.

АН хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахтай зэрэгцээд дэд сайд нар ч огцрох өрөгдлөө өгөх юм. Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд А.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүү, Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд Х.Золжаргал нар огцорно. Тэдний оронд томилогдох хүмүүсийг одоо хэлэх арай эрт байна.

Ийнхүү засаг солигдлоо. Сон­гууль болох хүртэл бас ч гэж хэдэн сарын зай байна. Тиймээс улс төрд энэ байтугай л зүйл болно. Харин засгаасаа салсан АН-ынхны хувьд одоо даргаасаа салах л үлдэж байх шиг байна.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин



 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж