УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг төслийг Нийтийн албанд нийтийн болон болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Монголд авлига авдаггүй төрийн албан хаагч гэж бараг үгүй болсон. Цэцэрлэгийн багш л гэхэд хүүхдээс авлига нэхээд юм аваад сууж байх жишээний. Бодит байдал ийм байхад авлигатай тэмцэх асуудлыг цогцоор нь авч үзэж, эрх зүйн орчин бүрдүүлэхгүй бол ганц хуульд өөрчлөлт оруулснаар шийдвэрлэх боломжгүй” байна гэлээ. Харин төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Асуудлыг цогцоор нь авч үзэх үүднээс хэд, хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд явж байгаа. Зөвхөн Сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн хүрээнд 30 гаруй заалт тусгаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд, Авлигын хуульд мөн өөрчлөлт оруулснаар Авлигатай тэмцэх газраас бодитой үр дүн шаардах боломж бүрдэж байгаа. Нэг үгээр хэлбэл, Авлигатай тэмцэх газар нь эрх зүйн орчныхоо хувьд бүрэн дүүрэн зохицуулалттай болж байгаа” гэсэн хариу өглөө.
Мөн энэхүү асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир “Зөвхөн 46 мянган төрийн албан хаагчийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болсноор авлига, хээл хахуультай тэмцэж үр дүнд хүрч чадахгүй. Тэгэхээр өрх бүрээс Хөрөнгө орлогын мэдүүлдэг авдаг болох ёстой. Улсын хэмжээнд 740 мянга гаруй өрх бий гэсэн судалгаа гарсан байгаа. Тэр бүгдийг хамруулах ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Төрийн албан хаагчдын орлогыг хянаж чадахгүй байж, иргэдээ хянана гэдэг бол зөрчил үүсгэнэ. Өнөөдөр татварын байцаагч хүүхдийнхээ төрсөн өдрөөр машин бэлэглэж байна гэдэг, өөрөө асуудал. Яагаад гэвэл компанийн захирал хүүхэддээ машин авч өгч чадахгүй байна шүү дээ” гэсэн юм.
Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Тус хуульд оруулж буй өөрчлөлтөөр бол төрийн албан хаагч нь хөрөнгөжсөнөө үндэслэлтэйгээр тайлбарлаж чадахгүй бол Эрүүгийн хуулийн хүрээнд шийтгүүлэхээр болж, зааж өгчээ.
Одоо чуулганаар оюутнуудад сар тутамд олгох 70 мянган төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэж байна.