Тохуурхвал хатуурхана

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Тохуурхвал хатуурхана

Үндэсний эрх ашгаар тохуурхахад ард түмэн хатуурхдаг. Энэ бол улс үндэстний түүхээр нотлогдсоор ирсэн үнэт нэгэн сургамж юм. Гэвч эл сургамжийг огоорч, үндэсний эрх ашгийг улиндаа гишгэж, эрх мэдлээ буруугаар ашиглан зон олноор тохуургах албан тушаалтан энэ цагт байсаар, мөн тэд хатуухан шийтгэлийг авсаар.Зөвхөн өнгөрсөн он жилүүдэд гэхэд л цөөнгүй “томчууд” нэгэн цагт тохуурсныхаа хариуг хатуухан авав.

Эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийн улсдаа хохиролтой, өрөөлийн улсад ашигтай гэрээ, хэлцэл  байгуулж, улс төрийн авилга (political corruption), гар хүндрүүлэлт (bribery)-ийн элдэв хэлбэрийг үзүүлж тохуурхсан албан тушаалтны нэгэн тод жишээ нь Украйн улсын ерөнхий сайд, асан, хатагтаа Юли Володимиривна Тимишенко юм. Энэ хатагтаа тус улсын ерөнхий сайдын албанд 2005, улмаар 2007-2010 онуудад 2 ч удаа  залирсан. Тус улсын шүүх 2010 оны 5 дугаар сард  түүнд “Орос улстай 2009 онд хийн түлшний талаар худалдааны гэрээ  байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ буруугаар ажиллаж, улсдаа их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр  хэрэг үүсгэв. Эл хэргийг шүүн хэлэлцэх явцад тэрээр буруутай нь тогтоогдож, шүүх  түүнд 7 жил шоронд ял эдлэх шийтгэлийг оноожээ.  Нэгэн цагт Украйны улбар шар хувьсгалыг удирдан гунхаж явсан энэ эрхэм “үндэсний эрх ашгаар л тохуурхаж хэзээ ч үл болох” түүхэн үнэт сургамжийг умартсан тул одоо тэр, харин, гэмт хэрэгтэн болжээ. Тэрээр “энэ хэргээ улс төржүүлж түүнээс бултах” гэж бас оролдсон гээч.  
Үндэсний эрх ашгийг улиндаа гишгэж, аминч үзэл, хувийн шунал, сонирхолд хөтлөгдөн ах дүү, амраг садан, танил тал, өөрийн намынхныг бусдаас илүү халамжлах, хамгаалах, тэдэнд ашиг олох, мөнгө хийх илүү боломжийг онцгойлон олгосон бодлого, шийдвэрийг гаргаж,   патрониж (Patronage), неротизм (nepotism), кронизм (cronyism) зэрэг авилгалын хэлбэрийг үзүүлж тохуурхсан албан тушаалтны бас нэгэн тод жишээ нь Франц улсын ерөнхийлөгч, асан Жак Ширак юм.  Тус улсын ерөнхийлөгчийн албыг 1995-2007 онуудад хашиж байсан, эдүгээ 79 настай энэ эрхэмд шүүх “Парис хотын захирагчаар ажиллаж байхдаа Бүгд найрамдах намынханд зориулж хууль бус орон тоо бий болгож, төрийн сан болон тэтгэмж, халамжийн сан хөмөргийн хөрөнгө, мөнгийг буруугаар ашиглан, улсдаа их хэмжээний хохирол учруулсан, мөн дэмжигч, хамаатнаа төрийн албанд шургуулсан” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Шүүхээр тэр буруутай болох нь  тогтоогдож, улмаар 2 жил шоронд ял эдлэх шийтгэл авав. Франц улсын ерөнхийлөгч байж, цагтаа дэлхийд цалгиж явсан энэ эрхэм “үндэсний эрх ашгаар л тохуурхаж хэзээ ч үл болох” нөгөө л түүхэн үнэт сургамжийг нэгэн цагт умартсан тул өтөлсөн энэ цагтаа тэрээр хар гэрт ингэж илгээгдэв. Бас “өтөлсөн надад энэ шийтгэл хатуухан байна” гэж гомдолсон гээч.

Үндэсний эрх ашгийг улиндаа гишгэж, аминч үзэл, хувийн шунал, сонирхолд хөтлөгдөн зөвхөн ах дүү, амраг садандаа л хөрөнгө босгох, бизнес хийх хууль, эрх зүйн болон татварын онцгой, таатай нөхцөл, боломжийг бүрдүүлж, мөн тэднийг төрийн албанд шургуулж,  бодлогын авилга (policy corruption)-ийг чинхүү харуулж тохуурхсан албан тушаалтны бас нэгэн тод жишээ нь Тайланд улсын ерөнхий сайд Такшин Шинаватра билээ. Бизнес эрхлэгч байсан тэрээр улс төрд 1994 онд орж, улмаар 2001-2006 онд тус улсын ерөнхий сайдаар ажилласан. Такшины гэр бүлийн хөрөнгө (assets-ассет)-ийн хэмжээ 2001 оноос 2006 онд 15.1 тэрбум бахтаас 76 тэрбум бахт (ойролцоогоор 2.2 тэрбум америк доллар) хүрч, өмнөхөөсөө 5 дахин өссөн байдаг. Түүнийг ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаанд гэр бүлийнх нь нийт хөрөнгө чухамдаа яагаад ингэж  ер бусийн байдлаар хэт өсчихөв. Тайландын  Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөс томилогдсон Ассет Шалгах Хороо үүнийг тогтоож, хөрөнгийг нь царцаан, түүнийг “гэр бүлийнхээ компанид бизнес хийх эрх зүй болон татварын онцгой таатай орчинг бий болгож, улсад 400 тэрбум бахтын хохирол учруулсан; “сонирхлын зөрчилгүй байх” бодлогыг умартаж эхнэртээ улсын байгууллагаас өмч худалдах авахыг зөвшөөрсөн; бие даасан байгууллагын дотоод хэрэгт оролцсон, ах дүү, хамаатан саднаа төрийн өндөр албан тушаалд томилсон; Энэтхэг улсад хийсэн төрийн албан ёсны айлчлалын үед гэр бүлийнхэн нь хувьцаа эзэмшдэг компанид зориулж худалдааны гэрээ хийсэн, гэр бүлийнхээ хувьцаа зарах бизнесийг дэмжих гэсэн шиг “хувьцаа зарснаас олох орлогыг татвараас чөлөөлөх”  онцгой бодлогыг онцгой цагт авч хэрэгжүүлсэн” зэрэг бодлогын авилгалд буруутгав. Шүүх бодлогын дээрх авилгын 5 тохиолдолд нь хэрэг үүсгэж, шалгасны эцэст дөрөвт нь тэрээр буруутай болохыг тогтоож, түүнд 2 жил шоронд ял эдлэх шийтгэл оноожээ. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, бүтээн байгуулалтын талаар авч хэрэгжүүлсэн дорвитой бодлого, бүтээлч ажлаараа эгэл тайчуудын дунд нэгэн цагт нэр хүнд олж явсан энэ эрхэм “үндэсний эрх ашгаар л тохуурхаж хэзээ ч үл болох” нөгөө л түүхэн үнэт сургамжийг бас мартсан тул улс төрийн карьерийн идэрхэн насандаа харьд дөрвөж, өдөр хоногийг тэнд өнгөрөөж суух аж. Бас тэрээр бодлогын дээр авилгалыг үйлдснээ үл зөвшөөрч, “тэрхүү  бодлого зөвхөн түмний л төлөө байсан” гэж гүрийж байгаа.

Үндэсний эрх ашгаар тохуурхавал ард түмэн хатуурхана, эрт, орой, нэгэн цагт. Үүнийг л “томчууд”-ын  нэгэн цагийн тохуурхалын энэ цагийн шийтгэлийн түүх бидэнд сануулсаар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж