Барак Обама шинэ стратеги танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Барак Обама шинэ стратеги танилцуулав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Батлан хамгаалахын салбарт явуулах шинэ стратегийг өчигдөр танилцуулав.

Түүний хэлснээр АНУ Батлан хамгаалахын зардлаа багагүй хэмжээнд бууруулах ч Ази-Номхон далайн бүсэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Пентагоны хэвлэлийн хуралд ховорхон оролцдог Барак Обама АНУ-ын цэргийн тоог хэдэн арван мянгаар бууруулах болсноо мэдэгджээ.

Тэрбээр “АНУ терроризмын эсрэг дайнд ялалт байгуулсны үр дүнд дайны давалгаа намжиж байгаа тул бид цаашид эдийн засгийн хүчин чадлаа бэхжүүлэхэд анхаарах болно” гэжээ. Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх шинэ стратегийн дагуу ирэх арван жилийн хугацаанд АНУ Пентагоны зардлыг 450 тэрбум ам.доллар болгон бууруулахаар болжээ. Түүгээр зогсохгүй энэ оны эцсээр Батлан хамгаалахын төсвийг 500 тэрбум ам.доллараар бууруулах аж. Барак Обама "АНУ-ын зэвсэгт хүчин өмнөхөөс цомхон боловч хүчирхэг хэвээр байх болно гэдгийг дэлхий нийт мэднэ” гэжээ. Хэдийгээр хичнээн цэргийн албан хаагчийг армиас чөлөөлж, зэвсэгт ажиллагааг хэдэн хувиар бууруулах талаар тодорхой мэдэгдээгүй ч энэ нь ирэх сард холбооны төсвийг батлах үеэр тодорхой болох бололтой. АНУ өрсөлдөгч Хятад болон өстөн дайсан Ираны болзошгүй халдлагын эсрэг ганхахгүй зогсоход  хүчтэй нисэх хүчин болон тэнгисийн цэргийн хүчинтэй байх болж байгаа юм.

АНУ цэрэг арми, эдийн засгийн хүчин чадлаар гайхуулж, супер гүрний сүрийг үзүүлж ирсэн боловч эдийн засгийн өсөлт буурч, Хятадад байр сууриа бүрмөсөн алдах хүнд үе ирсэн тул Батлан хамгаалах салбарт зарцуулдаг хэдэн триллион ам.доллараа ийн багасгахаар шийдлээ хэмээн ажиглагчид үзэж байна. 2012 онд дэлхийн олон оронд ерөнхийлөгчийн сонгууль болж, төрийн тэргүүд өөрчлөгдөх эгзэгтэй жил. АНУ-д мөн ерөнхийлөгчийн сонгууль болно. Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигчид Барак Обамаг АНУ-ын армийн хүчийг сулруулсан хэмээн буруутгах нь гарцаагүй гэж ажиглагчид үзэж байгаа юм.

Ямартай ч Батлан хамгаалахын салбарт явуулах шинэ стратегийн дагуу АНУ-ын арми болон тэнгисийн цэргийн хүчин чадлыг  10-15 хувиар бууруулж, хэдэн арван мянган цэргийн албан хаагчийг чөлөөлнө гэж Барак Обамагийн засаг захиргаа хэвлэлийнхэнд мэдэгдээд байна. АНУ-ын Батлан хамгаалахын төрийн нарийн бичгийн дарга Леон Панетта "АНУ терроризмын эсрэг арван жилийн дайныг төгсгөл болгож, шилжилтийн үед ирээд буй"-г онцолжээ. Иран, Афганистан дахь дайныг зогсоож, цэргээ татсан АНУ-ын Батлан хамгаалахын бодлого одоо Ази-Номхон далайн бүсэд чиглэж байна. Үүнийг Барак Обамагийн өнгөрсөн арваннэгдүгээр сард Австралийн Канберрад айлчилж, тэнгисийн цэргийн бааз байгуулахаар болсон болон Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Бирм дэх албан ёсны айлчлал баталсан юм. Барак Обама Канберрад айлчлах үеэр хэлсэн үгэндээ Ази-Номхон далайн бүсэд хяналт тогтоох нь АНУ-ын топ зорилт хэмээн онцолсон юм. Үүгээрээ Барак Обама тус бүсэд Хятадын нөлөө улам нэмэгдэж буйг анхааруулсан билээ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж