Хамтарсан Засгийн газрын хамтран ажиллах гэрээ

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газрын хамтран ажиллах гэрээ

АН хоншоортой сөрөг хүчин гэдгээ илэрхийлж, хамтарсан Засгийн газраас туурга тусгаарлана гэдгээ мэдэгдлээ. Сонгуулийн өмнөх улстөрийн уур амьсгал халуурч эхлэх нь энэ. С.Баярын тодорхойлсон “стандарт бус Засгийн газар”-ыг анх байгуулахдаа МАН, АН хоёр ямар гэрээ үзэглэснийг бүрэн эхээр нь толилуулъя.

МАХН /тухайн үеийн нэрээр/, АН-ын хамтран ажиллах гэрээ

Нэгдүгээр зүйл. Ерөнхий үндэслэл

Ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж, ядуурлыг бууруулах, үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байр буй болгох нөхцөлийг бүрдүүлэх, ашигт малтмалын орлогоос иргэн бүрт хүртээх чадавхи бүхий зах зээлийн зарчимд нийцсэн үсрэнгүй хөгжсөн эдийн засгийг цогцлоон байгуулах, шударга ёс тогтоож, ардчилал, хүний эрхийг хамгаалах, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, авлига, хүнд суртлыг арилгах зорилгоор МАХН, АН 2008-2012 онуудад хамтран ажиллахаар тохиролцож энэхүү ГЭРЭЭГ байгуулав.

Ашигт малтмалын нөөц баялагтаа тулгуурлан улс орноо хурдацтай хөгжүүлэх эдийн засгийн бодит боломжийг ашиглах, хоёр намын УИХ-ын 2008 оны сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх шаардлага амьдралаас урган гарч байна. Иймд манай хоёр намд улс орон, ард түмний язгуур эрх ашгаас илүү эрхэм зүйл байхгүй гэдгийг иш үндэс болгож, хүн ардынхаа эрүүл саруул, боловсролтой, чинээлэг аж төрөх нөхцөлийг хангах, улс орноо ХХI зуунд үсрэнгүй хөгжүүлэх түүхэн сонголт хийж байна.

Хоёрдугаар зүйл. Гэрээний хугацаа

Энэхүү гэрээ нь гарын үсэг зурсан өдрөөс эхлэн УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдах УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл хүчинтэй байна.

Гуравдугаар зүйл. Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого, зорилт

МАХН, АН хамтран Засгийн газрыг байгуулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийн дараах бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.

1. Хүн амын бодит орлогыг нэмэгдүүлж, амьдралын чанарыг сайжруулах:

  • Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш тооны ажлын байр буй болгоно.
  • Өрхийн сарын дундаж орлогыг 1.000.000-аас доошгүй төгрөгт хүргэнэ.
  • Үнэ ханшны өсөлтийг тухай бүр тооцож, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө.
  • Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно.
  • Шинээр 3 дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300.0 мянган төгрөгийг нэг удаа, “Алдарт эх” II одонтой эхэд 500,0 мянга, I одонтой эхэд 1 сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно.
  • Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ оршин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороолол болгон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хугацааг уртасгаж, хүүг бууруулна.
  • Үнийн өсөлтөөс орлого багатай иргэдээ хамгаалах бодлого явуулж, тэдэнд хүнсний болон зайлшгүй шаардлагатай бусад дэмжлэг үзүүлнэ.

2. Монгол хүн эрүүл орчинд амьдарч, аюулгүй хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх:

  • Үндэсний үйлдвэрлэлийн мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болно.
  • Мал сүргийг эрүүлжүүлж, хүнсний бүтээгдэхүүний чанарын баталгааг тогтоох лабораторийн баазыг нийслэл, аймгийн төв, хилийн боомтуудад буй болгоно.
  • Хүнс, ХАА-н салбарт орчин үеийн шинэ дэвшилт технологи нэвтрүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, экспортлодог болно.
  • Нүүрсийг хийжүүлэх, хагас кокс болгон боловсруулах ба байгалийн хийг хэрэглэх, гибрид болон бүрэн шаталттай түлш хэрэглэдэг автомашины ашиглалтыг урамшуулах, шөнийн эрчим хүчний илүүдэл эх үүсвэрийг зохистой ашиглах, нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх, зам дагуу хөгжлийн бүс байгуулах, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх зэрэг арга замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгана.
  • Алтны шороон болон бага нөөцтэй орд газар ашиглахыг, мөн ойн сав, усны хагалбар газарт буюу байгаль орчинд халтай технологи хэрэглэж ашигт малтмал олборлохыг хориглоно.

3. Эрүүл, оюуны өндөр чадвартай монгол хүнийг хөгжүүлэх:

  • Эрүүл мэндийн тогтолцоонд “Урьдчилан сэргийлэх нь эмчлэхээс хялбар” гэсэн шинэ менежментийг нэвтрүүлнэ.
  • Монгол хүн эрүүл мэндээ дотооддоо оношлуулж өвчнөө эмчлүүлэхүйц орчин үеийн шинжлэх ухааны ололт, технологи бүхий оношлогоо, эмчилгээний чадавхийг бүрдүүлнэ.
  • Иргэн бүрт жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоог үнэ төлбөргүй хийх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ.
  • Богино хугацаанд нутгийн аль ч хэсэгт хүрч үйлчлэх “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” байгуулж ажиллуулна.
  • Нийтийн биеийн тамир, спортыг боловсролын хөтөлбөрт тусган хөгжүүлж, аймаг, дүүрэг бүрийг Усан бассейн- спортын цогцолбортой болгоно.
  • Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг шинэчилж, багш бүрийг зөөврийн компьютертой болгоно. Ахлах сургуулийн сурагчид тодорхой мэргэжлээр сонгон суралцах, англи хэл, компьютер эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Их сургуулийг хотхоноор хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, их, дээд сургуулиуд нэгдэх, чиглэлээ өөрчлөх, олон улсын түвшинд хүрэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Улс оронд нэн шаардлагатай инженер технологи, байгалийн шинжлэл, багшийн мэргэжилтний хэрэгцээг тооцож, эдгээр мэргэжлээр суралцах суралцагчдын хувийн жинг нэмэгдүүлэх, амжилттай суралцаж буй оюутныг дэмжих зорилгоор төрийн сангийн тогтолцоог шинэчилж, гадаад оронд сургах оюутны тоог 3 дахин нэмэгдүүлнэ.
  • Шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааны чиглэлийг улс орны хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэн тогтоож, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, технологи болгон шилжүүлэх инновацийн тогтолцоог төлөвшүүлнэ.
  • Мэргэжлийн боловсрол олголт, хөдөлмөр эрхлэлт, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэгдсэн зохион байгуулалт буй болгож, суралцагчдын тоог 3 дахин нэмэгдүүлнэ.
  • Багш, эмч нарт зориулсан улсын хэмжээний онлайн сүлжээг байгуулж, зайн сургалт, оношлогоо, эмчилгээний бүх хэлбэрийг өргөн ашиглана.
  • Үндэсний ухамсар, бахархлыг эрхэмлэн, Монгол Улсын түүх судлал, сурталчилгааг цогцоор хөгжүүлнэ.

4. Шинэ зууны хөдөөгийн хөгжлийг дэмжих:

  • Малын үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулах, эрчимжсэн аж ахуй байгуулах зэргээр МАА-н хөгжлийг дэмжинэ.
  • Экологийн тэнцлийг хангах шинэ менежмент нэвтрүүлж, цөлжилт ихтэй бүсийг ургамалжуулж, ойжуулах, усан сан байгуулах, баг бүрт худаг гаргах зэргээр усжуулах, бэлчээрийг сайжруулах цогц арга хэмжээ авна.
  • Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах, гол нэрийн бараагаа шууд худалдан авах биржийн сүлжээ байгуулна.
  • Хөдөөд жишиг сум, баг, аж ахуй хөгжүүлэх орон нутгийн санаачилгыг бүх талаар дэмжинэ.
  • Сум бүрт 50 сая-аас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй “Сум хөгжүүлэх сан” буй болгож ашиглана.
  • Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох оновчтой хэлбэрийг буй болгоно.
  • Малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай, эрүүл мэндийн даатгалтай болгоно.
  • Малчид гар утас ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Малчдыг МАА-н орлогын албан татвараас чөлөөлнө.

5. Хүн ард, байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх:

  • Уул уурхайн салбарын бодлогыг шинэчлэн тодорхойлж, Ашигт малтмалын хуулийг өөрчлөнө.
  • Стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна.
  • Стратегийн болон томоохон орд газруудаас олсон орлогоос 1.5 сая-аас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол Улсын иргэн бүрт хүртээнэ.

6. ХХI зууны шинэ үйлдвэржилтийг эрчимтэй хөгжүүлэх:

  • Боловсруулах үйлдвэрийн Монгол брэндийг буй болгож, ноолуур, арьс ширийг 100 хувь хагас болон эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулах зорилт тавьж ажиллана.
  • Уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн, импорт орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ.
  • Нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бензин шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхэлнэ.
  • Цөмийн эрчим хүчийг ашиглах нарийвчилсан судалгааг хийж, бэлтгэлийг хангана.
  • Бизнес эрхлэх орчныг бүх талаар сайжруулж, өндөр технологи бүхий жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ.
  • Аймаг, сумдын онцлог, эрэлт хэрэгцээнд нийцсэн жижиг үйлдвэр, үйлдвэрлэл-технологийн паркийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж, лизингээр ашиглуулах, зээлээр хувьчлах замаар орон нутгийн загвар үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

7. Орон нутаг, иргэн бүрт хүртээмжтэй дэд бүтэц буй болгох:

  • Олон улсын нисэх онгоцны буудал, говийн өмнөд хэсгийн төмөр зам, ус, цахилгааны дэд бүтцийн сүлжээ, зүүн бүсийн төмөр зам зэрэг мега-төслүүдийг эхлүүлнэ.
  • Алтанбулаг-Замын Үүдийг холбосон төмөр замын хоёр дахь шугам тавих ажлыг эхэлнэ.
  • Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг болон Ярант-Ховд-Өлгий- Улаанбайшинтыг холбосон хатуу хучилттай зам тавьж, Азийн авто замын сүлжээнд холбоно.
  • Бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно.
  • Улаанбаатар-Мандалговь-Оюутолгой-Тавантолгойн чиглэлийн хатуу хучилттай зам барьж эхэлнэ.
  • Улаанбаатар хот, аймгийн төвүүдийн авто замыг шинэчлэн засварлаж, гүүрэн болон нүхэн гарц барина.
  • Нийслэл Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Нийслэлд дулааны болон эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулна.
  • Монгол Улсын өрх айл бүрийг эрчим хүчээр хангана.
  • Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцууд байгуулж, говийн бүсийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж, илүүдлийг экспортлоно.
  • Аялал жуулчлалын бүсүүдийн дэд бүтцийг сайжруулж, жилд 1 сая-аас доошгүй жуулчин хүлээн авах нөхцөлийг бүрдүүлнэ.

8. Шударга, ёс зүйтэй, хариуцлагатай төрийг төлөвшүүлэх:

  • Бүх шатны сонгуулийн хуулийг шинэчилж боловсронгуй болгоно.
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг батлан мөрдүүлнэ.
  • Иргэний болон эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлүүдийн нэгдмэл байдлыг хангаж, төр иргэнийг холбосон бүртгэлийн тогтолцоог төгөлдөршүүлнэ.
  • Төрийн албан дахь хүнд суртал, авлигыг арилгах зорилгоор төр, засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэний нийгмийн байгууллага, иргэдээс тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл авах эрх чөлөөг хангана.
  • Эрх зүйн шинэчлэлийн шинэ үе шатыг эхлүүлж, хохирогчийн эрхийн хамгаалалтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ.
  • Хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлдэг байх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэн, төр засгийн байгууллагаас тэднийг дэмжих, харилцах бүх талын түншлэлийг хөгжүүлнэ.
  • Төвлөрлийг сааруулж, орон нутгийн удирдлагын болон эдийн засгийн бие даасан байдлыг хангана. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуульд өөрчлөлт оруулж, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг өргөтгөнө.
  • Нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын улсын үзлэг явуулж, лиценз, зөвшөөрлийн системийг цэгцлэн, төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг улсад худалдан авах тухай хуулийг шинэчлэн, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хэрэгжилтэд хяналт тавих, хохирлыг барагдуулах шинэ тогтолцоонд шилжинэ.

9. Улс орны хөгжилд нөлөөлөх олон улсын таатай орчныг бүрдүүлэх:

  • Нээлттэй олон тулгуурт улс төр, эдийн засгийн дипломат гадаад бодлого хэрэгжүүлж, өөрийн улс дахь гадаад орнуудын бодит сонирхлын зохист тэнцвэрийг хангана.
  • НҮБ, олон улсын байгууллагаас авах дэмжлэгийг эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг хангах тодорхой зорилтуудад чиглүүлнэ.
  • Батлан хамгаалах гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

 
Дөрөвдүгээр зүйл. Хамтын ажиллагааны зарчим.
 
УИХ-ын хүрээнд:

1.1. Энэхүү гэрээний зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас гаргах зарчмын шийдвэрийг гэрээнд оролцогч талуудын УИХ дахь бүлгүүд зөвшилцлийн дагуу гаргана.

1.2. Гэрээнд заасан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор хоёр талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулан ажиллуулна.

1.3. Энэхүү гэрээг хэрэгжүүлэх зорилгоор хууль, бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх, шийдвэрлэх үед олонх нь хүсэл зорилгоо тулгахгүй, цөөнх нь хурал хаяхгүй, УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулах хэмжээний завсарлага авахгүй байхыг намын бүлгүүд эрхэмлэнэ.

1.4. УИХ-ын байнгын хорооны даргын 4-ийг МАХН, 3-ыг АН, дэд хорооны даргын 5-ыг МАХН, 3-ыг АН-аас нэр дэвшүүлнэ.

2. Засгийн газрын хүрээнд:

2.1. МАХН, АН-ын сонгуульд оролцсон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд суурилсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулан батлуулж хамтран ажиллана.

2.2. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүний болон дэд сайдын 60 хувийг МАХН, 40 хувийг АН-аас бүрдүүлнэ.

2.3. Хуульд заасан үндэслэлээр Засгийн газар өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд шинэ Засгийн газрыг энэхүү гэрээнд заасан зарчим, нөхцөлийг үндэслэн хамтарч байгуулна.

3. Намуудын хүрээнд:

3.1. Хамтын ажиллагааны хүрээний зарчмын зөрүүтэй асуудлыг зөвшилцөх зорилгоор Зөвлөлдөх хороог байгуулна. Зөвлөлдөх хорооны бүрэлдэхүүнд Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь намын бүлгийг төлөөлж 3, Засгийн газрыг төлөөлж 3, нийт 8 хүн нэг талаас оролцоно.

3.2. Зөвлөлдөх хороо нь Үндсэн хууль, бусад хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

3.3. Зөвлөлдөх хороо өөрийн ажиллах журмыг баталж мөрдөнө.
Тавдугаар зүйл. Бусад

5.1. Энэхүү гэрээг МАХН-ын Удирдах Зөвлөл, АН-ын Гүйцэтгэх Зөвлөл дэмжиж баталснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг өөрчлөх буюу цуцлах саналыг МАХН-ын Удирдах Зөвлөл, АН-ын Гүйцэтгэх Зөвлөл тус тус дэмжсэн тохиолдолд авч хэлэлцэнэ.

5.2. Орон нутгийн хурлын 2008 оны болон Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН, АН дангаараа оролцох бөгөөд сонгуулийн үр дүн нь энэхүү гэрээг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

5.3. Гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зөрчөөгүй нөхцөлд аль нэг тал нь гэрээг дангаар цуцлахыг хориглоно.

 
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: МАХН-ЫГ ТӨЛӨӨЛЖ: АН-ЫГ ТӨЛӨӨЛЖ: Ажлын хэсгийн гишүүн , Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн: УИХ-ын гишүүн:
Сү.БАТБОЛД, Н.БАТБАЯР, Г.ЗАНДАНШАТАР, Х.БАТТУЛГА,
Д,ЛҮНДЭЭЖАНЦАН, Ц.БАЯРСАЙХАН, Э.МӨНХ-ОЧИР, Ч.САЙХАНБИЛЭГ
Ц.НЯМДОРЖ Ц.СЭДВААНЧИГ

 
2008 оны 9 сарын 12

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж