
Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нар тайлан тооцоо гаргаж нэгтгэх үеэр ийш тийш компьютерийн процессор тэвэрч явах хэрэг гардаг. Тэгвэл энэ үе ард хоцорч, дүүргийн хөрөнгө буюу 60 сая төгрөгөөр нягтлан бодогч нар зөөврийн компьютертой боллоо. Түүнчлэн Хан-Уул дүүрэг нийслэлийн дүүргүүдээс анх удаа “Цахим дүүрэг” хөтөлбөр хэрэгжүүлэн www.khanuul.mn цахим сайттай болж тус сайтаар дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг цахим байдлаар өгч, өргөдөл, гомдол, саналыг онлайнаар хүлээн авч, хянах боломжтой болсонтой уялдуулан нягтлан бодогч нарын ажлыг хөнгөвчлөхөөр эдгээр зөөврийн комьпютерийг олгож байгаа аж.
Энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч М.Орхонбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Отгонбагана, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Даваадулам, Нийгмийн хэлтсийн дарга Б.Булган нарын албаны хүмүүс оролцлоо. Мөн энэ үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурч боловсрох орчныг сайжруулах, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан дагуу геометр, математик, газарзүй зэрэг хичээлийн үзүүлэн самбарыг дүүргийн бүх сургуулийн удирдлагуудад гардуулан өглөө гэж Хан-Уул дүүргээс мэдээллээ.