Б.Сэр-Од: “Тамираа тасартал гүйхийн цаана олон хүний хөдөлмөр оршдог”

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од: “Тамираа тасартал гүйхийн цаана олон хүний хөдөлмөр оршдог”

Монголын тамирчдын тэсвэр тэвчээр, хат зоригийн илэрхийлэл болж, хөнгөн атлетик, тэр тусмаа марафон гүйлтийн төрлөөр дэлхийн тавцанд Монголын нэрийг өргөж яваа Гавьяат тамирчин Б.Сэр-Од өчигдөр орой Бээжингээс эх орондоо ирлээ. Сонирхуулахад, Б.Сэр-Одын дасгалжуулагчаар нь түүний эхнэр О.Оюунтуяа ажилладаг. Энэ удаа тэд хамт Бээжинд сар гаруй хугацаанд бэлтгэл хийж, завсар нь Японд жил бүрийн сүүлээр болдог “Хофү Ёмиүри” марафонд оролцож түрүүлсэн юм. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оны өмнөхөн Гавьяат тамирчин цол, тэмдгээр шагнах зарлиг гаргаснаар Б.Сэр-Од спортын салбараас төрсөн оны отгон Гавьяат болсон. Харин тэр үед Б.Сэр-Од эх орондоо байгаагүй тул өнөөдөр Эрүүл мэндийн сайд болоод спортын салбарын удирдлагууд хүлээн авч, уулзан, хүндэтгэл үзүүлэхээр болжээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд есдүгээр байрт шалгарснаар зуны XXX олимпийн эрхийн болзол биелүүлж, улмаар наймдугаар сард БНСУ-ын Дэгү хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд топ 20-д багтсанаар олимпийн эрхээ баталгаажуулсан тэрбээр эх орондоо түр саатаад, дахин өмнөд хөршийг зорих юм. Тэнд бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж байгаад хоёрдугаар сарын эхээр Японд болох уламжлалт томоохон марафон гүйлтийн тэмцээнд оролцох юм гэнэ лээ. Улмаар ирэх олимпийн “нийслэл” Лондонг зорьж, олимпийн бэлтгэлээ эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Өчигдөр эх орондоо хөл тавьсан түүнийг ээж, хоёр хүүхэд, ар гэрийнхэн нь болоод Монголын хөнгөн атлетикийн холбоо, ЦЕГ-ын харьяа Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын хамт олон алд цэнхэр хадаг барьсаар угтсан. Бид ч бас түүнийг угтаж авахаар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорьж, отгон Гавьяат тамирчинтай уулзаж, ярилцсан юм. Баярласан, догдолсон, бахархсан, басхүү асар их итгэл найдвар, хариуцлага тээх ёстойгоо ухамсарласан нь түүний харц, дэндүү энгийн, хүүхдийн гэмээр цайлган ярианаас нь мэдрэгдэж байлаа.

-Гавьяат тамирчин болсон тухайгаа хэзээ, яаж мэдсэн бэ. Чихэнд чимэгтэй сайхан мэдээг хэрхэн хүлээж авав?

-Японд болсон “Хофү Ёмиүри” уралдаанд оролцсоноос хойш 10 хоногийн дараа, арванхоёрдугаар сарын 28-нд юм байна. Нэлээд орой Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар над руу залгаад, Гавьяат тамирчин болсон тухай дуулгасан. Мэдээж маш их баярлаж, догдолж хүлээж авсан. Үүнийг дагаад надад маш их хариуцлага, итгэл найдвар, урам зориг ирж байгаа тул улам илүү хичээж, монголчуудынхаа итгэлийг алдалгүй, Лондонгийн олимпод амжилттай оролцохыг улам ихээр хүсч байна.

-Сүүлийн үед топ-4 спортоос гадна бусад төрөлд Монголын төр засаг нэлээд анхаарал хандуулах болсон нь анзаарагдах болжээ. Жишээ нь хөнгөн атлетик байна. Танд энэ анзаарагддаг байх?

-Тийм ээ. Өмнө нь монголчууд буудлага, бокс, чөлөөт бөх, жүдогийн төрлөөр олон улс, дэлхий, олимпийн тавцанд өндөр амжилт гаргаж байсан. Одоо ч тэр эрчээ алдаагүй байна. Үүний хажуугаар байт харваа, хөнгөн атлетик, хүндийг өргөлтийн төрлүүд дээрх топ-4 спортын төвшинд очихын төлөө жил бүр амжилт нь шат дараатай ахиж байгаа болохоор төр засаг ч үүнийг үнэлж, анхаарч, дэмжиж байгаа нь харагддаг.

-Дэлхийн топ таван марафоны нэг Лондонгийн марафонд есдүгээр байрт шалгарснаар олимпийн эрхээ өвөртөлсөн. Хувийн амжилтаа ч ахиулсан байгаа. Монголын баг тамирчдаас та хамгийн түрүүнд олимпийг зорих эрхтэй болсон шүү дээ?

-Ер нь 2010 онд олимпийн норматив цагийг биелүүлчихсэн, Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ноос албан ёсоор батлагдах товыг хүлээж байсан юм. Харин 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нд IAAF хуралдаж, тэр өдрөөс хойшхи дэлхийн хэмжээний марафон гүйлтэд тамирчдаа сойсон оронд олимпийн эрх олгох шийдвэр гаргасан юм.  Тэгээд би дөрөвдүгээр сарын 17-нд болсон Лондонгийн марафонд уралдаад 2:11:35 цагийн амжилтаар есдүгээр байрт шалгарснаар Монгол Улсаас Лондонгийн анхны олимпийн эрхээ биелүүлсэн. Үзүүлсэн цагаараа, амжилтаараа, шалгарсан байраараа ч тэр олимпийг зорих эрхтэй болсондоо баяртай байна.

-Лондонгийн марафоны дараа БНСУ-ын Дэгү хотноо болсон Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 20-д багтсанаар олимпийн эрхээ баталгаажуулсан. Ази, тэр тусмаа Монголын тамирчны хувьд үнэхээр бахдам амжилт шүү?

-Дэлхийн аваргад 2:16:41 цагийн амжилтаар 20 дугаар байрт орсон. Ази тивээс миний өмнө ердөө гуравхан тамирчин орсон. Японы хоёр, Хятадын нэг тамирчин. Харин яг миний өмнө, хойно ОХУ-ын тамирчид барианд орсон байгаа.

-Хошой аварга нь болсон Японы “Хофү Ёмиүри” марафоны тухай сонирхуулаач. Японы шилдэг тамирчдаас гадна Кени, Этиоп гээд холын зайн гүйлтэд ноёрхдог орны тамирчид оролцсон байсан?

-2008, 2009 онд оролцоод зургаа, долдугаар байрт шалгарч байсан. Харин 2010 онд болсон 41 дэх удаагийн тэмцээнд оролцоод 2:14:42 цагийн амжилтаар түрүүлсэн. Харин өнгөрсөн жилийн уралдааны замын маршрут өөрчлөгдсөнөөрөө илүү онцлогтой болсон. 40 гаруй жилийн түүхэндээ анх удаа уралдааны замыг өөрчилсөн нь тэр юм л даа. Дээр нь шилдэг, сайн гэсэн тамирчид ирж оролцсон. Японы 2010, 2011 оны лидер тамирчин Юүки Каваучи, Азийн аварга, БНСУ-ын тамирчин, Кени гээд өрсөлдөөнтэй болсон.

-Тэмцээнд, уралдаанд үзүүлсэн таны амжилтыг харахад хэлбэлзэлтэй байдаг. Хувийн дээд амжилт тань 2:11:35. Өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон Японы марафонд та 2:11:56 гэсэн амжилт үзүүллээ. Харин дэлхийн аваргад 2:16-тай барианд орсон байх жишээний. Тэмцээн болж буй газрын байрлал, цаг агаар, салхины хүч гээд гадны нөлөө бас бий. Гэхдээ марафон, холын зайд ноёрхож буй Африкийн тамирчид хоёр цаг, 6-7 минутад замаа туулдаг. Тэдэнтэй өрсөлдөх чадварын тухайд?

-Заалны спорт ямар ч гадны нөлөөгүйгээр тамирчны амжилт цэвэр гардаг. Марафон бол бүтэн хоёр цаг гаруй хугацаанд гадаа, байгалийн нөхцөлд 42 км замыг туулах ёстой болохоор тухайн орны цаг агаарын байдал, уралдаж буй зам, хоол хүнс, газрын байрлал, цагийн байдлаас шалтгаалаад зөрүү гардаг. Гэхдээ Монгол хүн ямар ч спортод амжилт гаргах боломжтой. Шат дараатайгаар бэлтгэл сургуулилт хийвэл боломжгүй зүйл гэж байхгүй. Африк гүйгдчийг ч хойноо орхиж болно.

-Монголын нөхцөлд бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй зүйл цөөнгүй байна. Та сая Бээжинд байж байгаад ирлээ. Удахгүй буцаад явна гэж байна. Гадаадад бэлтгэлээ базаах нь илүү үр дүнтэй байдаг уу?

-Ер нь Монголоос өөр газар очиж, бэлтгэл сургуулилт хийх тун боломжийн. Эх орноо муу хэлж байгаа юм биш, гэхдээ бодит байдал дээр дэлхийн стандартад нийцсэн 400 метрийн гүйлтийн зам талбай Монголд нэг ч байхгүй. Монголын хөнгөн атлетикийн амжилт, хөгжил удаашралтай байгааг ч үүнтэй холбож ойлгож болох байх.

-Ялангуяа өвлийн цагт бэлтгэлийн асуудал хүндрэлтэй. Дээр нь нийслэлийн утаа гэж том асуудал байдаг?

-Өвөл бол 3-4 давхар хувцас өмсөөд, битүү баглаад л гадаа гүйнэ. Хотод байгаа нөхцөлд Их тэнгэр, Зайсан, Яармаг орчмоор голчлон бэлтгэлээ хийдэг.

-Ерөнхийдөө утаанаас зугтах маягтай?

-Харин тийм /инээв/. Өвлийн улиралд утаа үнэхээр айхтар байна шүү.

-Та бэлтгэлээ ямар байдлаар хангадаг вэ. Байнгын бэлтгэлтэй байхын тулд өдөрт хэдэн цаг гүйх шаардлагатай байдаг вэ?

-Тухайн үеийн байдал, амралт, тэмцээн, уралдааны хуваариас шалтгаалаад заримдаа гурван өдөр дараалж амрах үе ч байдаг. Зарим өдөр нэг, зарим үед өдөрт хоёр ч удаа бэлтгэлтэй байна. Ерөнхий графикийн дагуу бэлтгэлээ хийнэ. Тэмцээний өмнө, дараа ямар байдлаар хийх вэ гээд харилцан адилгүй л байдаг даа.

-Зуны олимп болох Лондон хотод очиж, олимпийн бэлтгэлээ чамбайруулах гэж байгаа гэж сонслоо. Яг хэдийгээр явах гэж байна?

-Ирэх хоёрдугаар сарын 5-нд Японы Ойта хотод 61 дэх удаагийн Беппу-Ойта Майничи гээд марафон болно. Тэр тэмцээнд оролцоод Англи руу явна. Хоёрдугаар сарын 10-наас тавдугаар сарын 25 хүртэл Англид байж, бэлтгэлээ хийнэ дээ.

-Багагүй хугацаанд Лондонд байх нь. Уучлаарай, ийм тохиолдолд зардал мөнгөний асуудлаа яаж зохицуулж байна?

-Шаардлагатай бүх зардал, мөнгийг БТСГ хариуцаж байгаа. Монголын хөнгөн атлетикийн холбооны зүгээс Английн хөнгөн атлетикийн холбоотой холбоо тогтоосны үндсэн дээр би тэнд очиж, бэлтгэл сургуулилт хийх боломжтой болсон юм. Мөн Английн шигшээ багийн марафон гүйлтийн тамирчид миний сайн найзууд бий. Тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг. Очоод хамт бэлтгэлээ хийнэ дээ.

-Өмнө нь ч гэсэн та нэг бус удаа Англид бэлтгэл хийж байсан санагдаж байна?

-Английн “Morpeth Harrier” клубт очиж, тэндхийн тамирчидтай бэлтгэл хийдэг байсан. Одоо ч мөн “Morpeth Harrier” клубт очно. 1970-80-аад оны үед энэ клуб Англидаа номер нэг байж, шилдэг тамирчдыг бэлтгэн гаргаж байсан юм билээ.

-Олимпийн “нийслэл” Лондон хотод очиж, бэлтгэлээ базаах болсныг тань ихэд олзуурхаж байна л даа. Олимпийн өмнө тэнд биеэ дасгах гээд олон талын ач холбогдолтой байх?

-Бээжингийн олимп бол Ази тивд болсон. Тэр тусмаа Монголтой ойр, хөрш улсад болсон байгаа. Харин ирэх зуны олимпийн наадам болох Лондон хот, Англи улс Монголоос бүтэн найман цагийн зөрүүтэй, байгаль орчин, цаг уурын хувьд тэс өөр болохоор бие организмаа орчинд нь дасгахын тулд жил бүр тэнд очиж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Эртнээс олимпийн бэлтгэлдээ орсон гэх үү дээ /инээв/. Үүнийхээ үр дүнг олимпиор л үзнэ дээ.

-“Лондон-2012” таны гурав дахь олимп байх аа?

-Тийм. Хамгийн анх 2004 оны Афины олимпод би урилгаар оролцож байлаа. Урилга гэдэг маань цагаан хуудас шүү дээ. Дараа нь Бээжингийн олимпод норматив биелүүлж, оролцсон. Харин ирэх олимпод би Монголын тамирчдаас хамгийн түрүүнд биш юм аа гэхэд, ядаж эхний гуравт багтаж, олимпийн эрхээ авах юм шүү гэдэг зорилгыг Бээжингийн олимпийн дараа өөртөө тавьсан юм.

-“Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг” гэдэг. Хувь хүний хувьд, тамирчны хувьд Лондонгийн олимпод ямар амжилт гаргахыг зорьж байна?

-Бодсон юм бий. Гэхдээ одоогоор хэлмээргүй байна.

-Эхнэр тань таны дасгалжуулагч. Энгийн үед ч, спортын талбарт ч хамт байдаг нь таны хувьд давуу тал гэж ойлгож болох уу?

-Эхнэр маань 2005 оноос эхлээд намайг дасгалжуулж эхэлсэн. Мэдээж давуу тал. Гэхдээ энэ хугацаанд бид хоёрт багагүй саад бэрхшээл тулгарч л байлаа. Гэр бүлийн хүмүүс бие биенээ дасгалжуулаад, нэг нь тамирчин, нэг нь дасгалжуулагч байна гэдгийг ойлгохгүй, буруугаар хүлээж авах хүмүүс байдаг. Гэхдээ одоо ингээд Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн нь тэдгээр хүмүүсийн өрөөсгөл ойлголтыг эвдэж, “Үнэхээр энэ хоёр маань спортын төлөө, амжилтын төлөө зүтгэж байсан” гэдгийг амжилтаараа цайлгаж чадлаа гэж бодож байна. Тэмцээн, уралдаанд хамт явахад үнэхээр их тус, дэмтэй байдаг л даа. Намайг хараад л ойлгоно. Бүхнийг мэдэж байгаа болохоор шаардлагатай болгоныг зохицуулж байдаг. Мэдээж миний гаргасан амжилтад эхнэрийн маань хувь нэмэр асар их бий.

-Та хоёр нэг сургууль төгссөн байх аа?

-Бид хоёр 2002 онд БТДС-ийг төгссөн. Зэргэлдээ ангийн оюутнууд байлаа. Нэгдүгээр курст байхдаа хамт бэлтгэл сургуулилт хийж байсан, харин хоёрдугаар курсээс эхлээд эхнэр маань ойрын зай, харин би дундын зайн гүйлт гээд хоёр өөр багш дээр бэлтгэл, сургуулилт хийх болсон.

-Та гэр бүлээ танилцуулаач. Аав болж амжсан уу?

-Хоёр хүүхэдтэй.

-Өө, тийм үү?

-Том хүү маань есөн настай. Бага нь гурван настай, охин.

-Тэмцээн, уралдаан, бэлтгэл сургуулилт гээд эхнэртэйгээ хамт гадагшаа, дотогшоо их явна. Тэр үед ар гэр, хүүхдүүд гээд “арын алба”-аа хэнд даатгаж байна?

-Хоёр ээждээ л үлдээнэ дээ /инээв/.

-Тамирчин хүний амжилтын цаана олон хүчин зүйл байдаг. Таны баярлаж, талархсан сэтгэлийг News.mn сайтаар дамжуулан бусдад хүргэе гэвэл…

-Би гурван байгууллагад данстай хүн байгаа юм. Л.Болд ерөнхийлөгчтэй Монголын хөнгөн атлетикийн холбоо, ЦЕГ-ын харьяа Б.Эрдэнэном даргатай Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Ч.Наранбаатар даргатай БТСГ, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин. Өнөөг хүртэл 16 жилийн турш хөнгөн атлетикийн спортоор, үүнээс марафоны төрлөөр есөн жил хичээллэж байна. Энэ хугацаанд санхүүгийн болон бусад олон хүндрэл, бэрхшээл гарч байлаа. Энэ бүхэнд сэтгэлийн дэм, санхүүгийн туслалцаа өгч байсан олон байгууллага, хамт олон бий. УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр, ЦЕГ-ын харьяа Б.Эрдэнэном даргатай Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын хамт олон, “Бодь” групп, “Allstar” фитнесс клуб, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, “Эко констракшн” компани, найз нөхөд, ах дүү, төрөл төрөгсөд, надтай үргэлж зүрх сэтгэлээрээ хамт байж, хоёр цаг гаруй хугацаанд тэвчээртэйгээр миний уралдахыг харж суудаг монголчууддаа үнэхээр их баярлаж явдгаа хэлэхийг хүсч байна.



-Та сая хөнгөн атлетикаар 16 жил, харин марафоноор есөн жил хичээллэж байна гэлээ. Хөнгөн атлетикийн бусад ямар төрлөөр хичээллэж байсан бэ?

-Өмнө нь 3000 м, 5000 м, 10,000 м болон хагас марафонд бэлтгэл хийж байсан.

-Тэгээд яагаад заавал хамгийн хүнд марафон гүйлтийн төрлийг сонгов?

-Спортоор хичээллэхээс өмнө би марафон гүйлт гэж асар хол зам туулдаг, их сонин спорт гэж боддог байлаа. Хожим нь, 2001 оны есдүгээр сард ОХУ-ын Новосибирск хотод болсон олон улсын өсвөрийн хагас марафон тэмцээнд орж, түрүүлээд Спортын мастер цол авч байсан юм. Тэгээд л их боломжийн санагдсан хэрэг. Хувь хүний потенциаль, ажиллах чадвар, чадамж зэргийг марафон гүйлт дангаараа илтгэж чаддаг. Тухайн хүн ганцаараа хүч хөлсөө бараад, тамираа тасартал гүйхийн цаана маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг.

-Аанхаа…

-Би 1995 оноос хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн. Багадаа их бие султай хүүхэд байсан болохоор гэрийнхэн маань эхний гурав, дөрвөн жил намайг их ч хорьсон. Өвлийн хүйтэнд гүйгээд даарна, хоолой өвдөнө, ханиад хүрнэ гээд л. Манайх гэр хороололд байсан болохоор түлээгээ хагална, нүүрсээ оруулна, усаа зөөхдөө хувцсаа нэг, нэгээр нь зөөж гаргасаар байгаад бэлтгэлдээ явдаг байлаа. Аав, ээж маань аргагүйн эрхэнд л бууж өгсөн. 2000 онд улсын аваргаас алтан медаль хүртсэний дараа л хүлээн зөвшөөрсөн дөө.

-Бүр дийлэхээ байгаад уу?

-Харин тийм. Дээр нь бүр биеийн тамирын сургуульд орчихсон байдаг. Яагаад ч нэмэргүй гэдгээ ойлгосон байх /инээв/.

-Та бага насаа хаана өнгөрүүлсэн бэ. Их л хурдан хүүхэд байсан байх даа?

-/Инээв/. Миний уугуул аймаг Говь-Алтай. Дунд сургуулийн гуравдугаар ангиа тэнд дүүргээд Улаанбаатарт ирсэн. Намайг 10 жилд байхад хүүхдүүд бүгд л гүйдэг үе байлаа. Намайг гуравдугаар ангид сурдаг жил аав маань урагшаа яваад /Хятад улсыг хэлэв/ ирэхдээ надад гүйлтийн пүүз авчирч байсан юм. Тэрийгээ өмсөөд л, зургаан минутын гүйлтэд ангиасаа төдийгүй гуравдугаар ангийнхнаасаа хамгийн хол замыг туулж байлаа. Тэр явдал, аавын минь авчирсан пүүз ерөөсөө санаанаас гардаггүй юм.

-Пүүз гэснээс та томоохон уралдаан, тэмцээнд оролцсон пүүз, гүйлтийн хувцас хэрэглэлээ хадгалдаг уу?

-Хадгалах ч гэж дээ, бараг юм үлддэггүй юм. Нэг пүүзийг нэг л уралдаанд өмсөнө.

-Хоёр цаг гаруй, 42 км гаруй замд тасралтгүй гүйдэг болохоор?

-Тийм. 42 км зам туулахдаа өмссөн пүүзээ дараа нь дахин өмсөөд уралдахад хөл цэврүүтнэ. Мэдээж амжилтад сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр ерөнхийдөө тэмцээн болгонд өөр гутал өмсдөг.

-Ер нь хэдэн пүүзний “ард гарав” аа?

-Өнгөрсөн онд л гэхэд 13 пүүз дуусгасан байна. Үндсэндээ хэрэглээд дууссан гэсэн үг. Одоо надад хэрэглэж байгаа 12 пүүз бий. 2012 онд илүү олон тэмцээн, уралдаан хүлээж байгаа болохоор дахиад шинэ пүүз авна даа.

-Тамирчинд ачаалал бага өгөх үүднээс марафон гүйлтийн пүүз маш хөнгөн жинтэй байдаг гэж сонсч байсан?

-Тийм шүү. Хосоороо, хоёулаа нийлээд 95 грам орчим байдаг.

-Үнэ нь ямар байх вэ?

-Японы “Asics”, “Mizuno” брэндийн пүүзнүүд сайн, гэхдээ үнэтэй. Хамгийн хямд нь 250 мянга орчим. Тэгээд 450-500 мянган төгрөгийн үнэтэй. Сайн пүүзийг чадвал хоёр тэмцээнд өмсчих санаатай байдаг юм. Хятад пүүз бол нэг л тэмцээнд хэрэглээд дуусна. Яахав, гайгүй бол бэлтгэлдээ ашиглана.

-Танд баярлалаа. Танд спортын өндрөөс өндөр амжилт хүсье. Онгоцноос буунгуутаа бидний урилгыг хүлээж авч ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Одоо ингээд харина даа. Гэр бүлийнхэн, ажлын хамт олон маань тослоо. Маргааш /Өнөөдөр/ Гавьяатын тэмдгээ гардаж авна. Тэгэхээр ажил ихтэй байх нь дээ. Танай хамт олонд их баярлалаа. Монголын ард түмэндээ сайн сайхныг хүсье. 

Японы марафонд аваргаа хамгаалсан бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж