-Та прокурор Б.Чимгээгийн талаар мэргэжлийн зөвлөлд хандсан байна. Ямар үндэслэлээр гомдол гаргасан юм бэ?
-Сүүлийн үед хуулийн байгууллагын ажилчдын ур чадвар, мэргэжлийн ёс зүйн талаар шүүмжлэл нэлээд гарч байгаа. Энэ нь ч үндэслэлтэй, бас шийдвэрлэвэл зохих бодитой асуудал гэж би хувьдаа үзэж байна. Ерөнхийлөгч хүртэл энэ асуудлыг хангалттай хөндсөн. Миний өмгөөлөл үзүүлж буй Д.Энхмандах гэдэг эмэгтэйг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш өмгөөлж байгаа. Аль 2007 онд үүсгэсэн хэрэг дөрвөн жил гаруй гаруй хугацаа өнгөрөхөд цагдаа, прокурорын байгууллагын зүгээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй. Энэ нь хуулийн байгууллагын зарим нэгэн ажилтны мэргэжлийн ур чадвар ямар төвшинд байгааг харуулж байна. Хуулийн байгууллагын зарим ажилтны мэргэжлийн ур чадвар дутмаг байгаагаас Д.Энхмандах олон жил сэтгэлийн дарамттай, ядуу зүдүү амьдарч байна. Шуудхан хэлэхэд гудамжинд амьдрахад хүрээд байгаа. Хэдийгээр 2011 оны есдүгээр сард Д.Энхмандахын хэргийн ээлжит анхан шатны шүүх хурал болсон ч мөрдөн байцаалтын ажиллагааг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шүүхээс дахин буцаасан шүү дээ. Д.Энхмандах цагдаад бүртгүүлэхээр бага насны дөрвөн хүүхэдтэйгээ Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт өдөр бүр очиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн асуудал нь хяналт тавих үүрэг бүхий прокурор Б.Чимгээгийн хариуцлагагүй үйлдэлтэй холбогдох ёстой. Эрх зүйт төрт улс оронд иймэрхүү Төрийн тусгай албан хаагчаас алдаа гарсан тохиолдолд яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэн, алдаа гаргасан этгээдэд хариуцлага тооцдог жишиг бий. Б.Чимгээ прокурорын ариуцлагагүй үйлдлийг мэргэжлийн алдаа хэмээн үзэж байгаа тул мэргэжлийн зөвлөлд хандаж байгаа юм.
-Мэргэжлийн зөвлөлд гаргасан гомдлын агуулга юу вэ?
-Монгол Улсын Үндсэн Хуулийн 56.1, Прокурорын байгууллагын тухай хуулийн 12.1.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30.1 дэх заалтуудад прокурорын чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, шүүх хуралдаанд яллах тал болон төрийг төлөөлж оролцох, цагдан хоригдож буй тохиолдолд хяналт тавих чиг үүрэгтэй болохыг тодорхой заасэн. Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гарсан байгаа. Шүүхийн энэхүү дүгнэлтээс үзвэл прокурор хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж чадаагүйг баталсан гэж ойлгож болно. Д.Энхмандах цагдан хорих 461 дүгэээр хорих ангид дөрвөн сартай жирэмсэн байхдаа хоригдсон. Цагдан хорих ангид гам алдаж, ихэр хүүхдээ дутуу төрүүлээд, хүүхдүүд нь эндсэн. Прокурох мэргэжлийн алдаа гаргасныг нотлох өөр олон үндэслэл бий. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа тул дэлгэрэнгүй зүйл яриад хэрэггүй байх.
-Энэ хэрэгтэй холбоотой Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнийн авилгатай холбоотой асуудал яригдаж байсан санагдана. Тэр асуудал юу болсон бэ?
-Бусдаас сонссоноо хэлэхэд Д.Бат-Эрдэнэд 45 сая төгрөгийг авлига болгож өгсөн гэж мөнгө өгсөн хүмүүс нь АТГ-т гомдол гаргасан юм билээ. Гэвч гомдол гаргасан хүмүүс өөрсдөө мөрдөн байцаалтын шатанд мөнгө өгсөн үйлдлээ авилга өгсөн, туслалцаа үзүүлсэн, зээлүүлсэн гэх мэтээр зөрүүтэй мэдүүлэг өгсөн болохоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд прокурор хэрэгсэхгүй болгож, хэргийг нь хаасан гэж дуулсан.
-Таны гомдлыг УЕП-ын мэргэжлийн зөвлөл хүлээж авах болов уу?
-Прокурорын байгууллага шинэчлэгдэх хүсэлтэй нь үнэн бол шүүхээр мэргэжлийн алдаа гаргасан нь тогтоогдсон Б.Чимгээ прокурорын асуудлыг шийднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мэргэжлийн зөвлөлд гаргасан гомдлоо Ерөнхийлөгчид давхар хүргүүлж байгаа. Ерөнхийлөгч энэ асуудалд анхаарал тавина гэж найдаж байна. Сануулахад Д.Энхмандах нь бусдын нэр ашиглан Хаан банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ Суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр, “Эрдэнэ Суварга” компанийн захирал Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая 300 мянган төгрөгийн үнэ бүхий дөрвөн тээврийн хэрэгслийг бусдад зарж, үрэгдүүлсэн хэрэгт холбогдоод буй юм. Гэвч энэхүү асуудал Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарын гэр бүлийн маргаанаас болж өмч хөрөнгөө булаацалдсанаас эхэлжээ. Энэ асуудалдаа ядуу дорой амьдралтай Д.Энхмандах гэх эмэгтэйг ашигласнаас ийм асуудал үүссэн бололтой. Д.Энхмандах өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн маргаанаас болж, намайг залилангийн хэрэгт гүтгэсэн гэж мэдүүлсэн юм.