Намайг тайван байлгаач

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Намайг тайван байлгаач

Би ер нь их азгүй хүн юм. Шөнө тайван амарч чадахгүй. Амралтын өдөр гэртээ тайван байж чадахгүй. Дээр хэн­гэрэг нүдээд, хажууд агсам тавиад, үргэлж хаалга тогшоод, зурагтаар худлаа яриад. Тэртээ, тэргүй стресстэй бай­гаа их хотод гэртээ ч амар тайван байх боломж алга.

Гэрэл, гэгээгээ унтраагаад дуг нойрондоо дугжрах гэтэл дээд айл хэнгэрэг нүдээд унтуулдаггүй ээ. Учрыг лавлавал нэг бөө байдаг гэх. Онгод ороод ирэхээр ийнхүү цам харайдаг аж. Гай болж манай дээр тэр бөө, мөө нь ч төрөөд байхдаа яахав. Өдөр бүр архи уугаад, байнга татаж унаад байхаар нь гайхсан гэр бүлийнхэн нь нэгэн бөөд хандтал түүнийг удам залгах бөө гэж оношилсон байна. Өмнө нь архи ууж цам харайдаг байсан тэр хэнгэрэг нүдэж тайван байлгахаа больсон нь энэ. Тэр онгод, “монгод” нь гараад овоо тайван болж байтал хөрш амар заяа үзүүлэхгүй шүү. “Та нар зайл” гээд л цам харайж гарна. Гэртээ байсан сандлаа шидээд цонхоо хагачина. Хаалгыг нь тогшоод загнах гэтэл урдаас юм авч шидээд хавьтуулахгүй. Эрүүл үед нь хэлэхээр “Уучлаарай жаахан уучихаж, ууч­лаарай” гээд толгойгоо маажина. Ингэж хариулаад нэг өдөр ч болоогүй байхад агсам тавиад эхэлнэ шүү дээ.

Архи хэтрүүлчихдэг хөрш, дээд айлын бөө хоёр арай тогтуун болоод ирж байтал хаалга балбаад амраахгүй ээ. Хаалгаа тайлж өгтөл таяг тулсан нэг өвгөн “Ардчилсан нам бэлэг өгч байна. Гарын үсэг зур” гээд зогсч байх. Ямар авахгүй гэлтэй биш. Шинэ жил дөхөөд ирэхээр нөгөө гишүүд нь сонгогчидтойгоо, мань мэт нь гишүүнтэйгээ мэднэ дээ. Ялангуяа сонгуулийн үед бол бүр хэцүү. Ардчилсан намынхан нь ирээд удаагүй байтал Ардын намынхан нь тайван байлгахгүй. Ерөнхий сайдын малийсан зурагтай календарь тараана. Манайхаас сонгогдсон гишүүн бүр нэг, нам бүр хоёр материал тараана шүү дээ. Хаалга тогшихоо болиод удаагүй байтал гар утас амраахгүй ээ. Бас л сонгуулийн сурталчилгаа. “Хүчирхэг Монголыг хамтдаа бүтээе”, “Эдийн засгийн хөгжлийг эхлүүлье”, “Эрхэм та сайхан баярлаарай” гээд намын дарга нь мессеж бичиж өгнө шүү дээ. Дээрээс нь “Мобиком” баахан реклам мессежээр явуулахыг яана гээч. Ийм урамшуулал зар­лалаа, шинэ картын багцаа аваарай гээд л.

За энэ бүгд таг боллоо. Одоо л нэг тайван амаръя гэтэл болсонгүй ээ. Доод давхрын согтуу нөхөр гэрээ андуурч ирээд оръё гэж дайрна. “Уучлаарай танайх доор байгаа энэ наймдугаар давхар” байгаа гэхээр “Харин тийм ээ. Ах нь унтчихаад л гарна” гээд дайрна. Загнаж нэг үзнэ, гуйж үзнэ. Согтуу хүн ямар ойлгох биш. Түлхээд л хаалгаа хаана шүү дээ. Согтуу нөхөр хэсэг балбаж байгаад ашгүй чимээ тасарна.

Энэ бүгдээс салаад сайхан зурагт үзэхээр бас л уур хүргэнэ дээ. Суваг болгоноор олон ангит кино. Энэ киноноос болж гэр бүлийн хэрүүл үргэлжилнэ. Энийг үзнэ, тэрийг үзнэ. Энэ кинон дээр жинхэнэ амьдрал гардаг гээд л. Арай л эх, хүүгийн тангараг тасрахгүй. Зиак, ингээд солонгос кино дуусаад өөр суваг дээр тавих гэтэл 76-ийн талцсан хэрүүл. “Тэгж ярьвал чи идсэн”, “Муу хулгайч” гэж ирээд л авч өгнө шүү дээ. Солонгос киноноос болоод гэр бүлийн хуваагдал овоо арилж байтал улаан, ногоон, цэнхэр болоод л хэрэлдэнэ шүү дээ. Энэ бүгдээс салаад зурагт, мурагтаа унтраагаад унтах гэтэл шөнөжингөө энэ бүгдийгээ зүүдэлнэ. Нойрондоо хүртэл сайхан зүүд зүүдэлчихгүй байна шүү дээ.

Нөр их стресстэй өдөр шувтарч шинэ өдөр эхэллээ. Ийм сайхан бодлыг дотроо тээсээр нийтийн тээвэртээ сууна шүү дээ. Гэтэл автобусанд ороод л стрессдэх эхний суурь тавигдана. Жолооч нь огцом тормослох бүрийд хэн нэг нь хөлөн дээр гишгэнэ, кондуктор савлахгүй яваач гэж жолоочийг биш зорчигчдыг загнана. Яагаад жолооч нь огцом тормослож, хүмүүс хөл дээр гишгэхээ больчихов гэж бодтол нам түгжрээд зогсоно шүү дээ. Үнэн тамтай. Ядаж байхад яг үүнийг бичиж байтал компьютер гацаж байгаа юм. Нээрээ тайван баймаар л байна шүү дээ.

Намайг тайван байлгаач…

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж