Сайн, муу хоёр мэдээ дуулгах уу?

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Сайн, муу хоёр мэдээ дуулгах уу?

Улс төр нь ч, эдийн засаг нь ч найдваргүй, хэлбэлзэлтэй, манан будантай монголчуудын хувьд ажилтай нь ч , ажилгүй нь ч ямар замаар хэзээ өгөхийг нь хүлээж буй зүйл  нь Эх орны хишиг бөгөөд “Хүний хөгжил сан”-гаас олгох үлдэгдэл нэг сая төгрөгийнхөө төлөө сураг ажиг тавигсад тун олон байгаа. Монголчуудын ихэнх нь цээжин дотроо энэ мөнгийг хэрхэн, юунд зарцуулах, яаж үрэхээ хэдийнэ тооцоо хийчихсэн, сар бүхэн өгдөг шүлс шиг 21 мянган төгрөг үрдэг шигээ мах, гурил, талх тариа гэсэн аар саархан зүйл зарцуулахгүйн тулд магадгүй “том” төлөвлөгөө боловсруулчихсан суугаа биз. Эхнэр хүүхэд, ээж аав, бүр даварсан зарим нь хадмынхаа мөнгийн хуугаар нь хамж аваачаад аль нэг арилжааны банкнаас авсан орон сууцныхаа зээлийг өрийг овоохон гэгч дарчихна даа хэмээн горьдлого тээж, нөгөө  нь сая төгрөгөө аваад цагаан сарынхаа бэлтгэлийг бусдаас гуйж гувшилгүйгээр базаачихна, бүр зарим нь сая төгрөгөө бэлнээр аваад сайхан гэгчийн машин аваад уначихна даа гэж  нүдээ аньсхийж ирээд л тоо бодож, гоё мөрөөдөж байж ч болох юм. Угаасаа л Засгийн газар сая  төгрөг бэлнээр өгнө, авахгүй нэгэнд нь хувьцаа өгнө хэмээн зарлаад байгаа болохоор цалингаас цалингийн хооронд эсвэл тэтгэвэр,тэтгэмжийнхээ хэдээр амь зуух гэж ядаж байгаа иргэд авах мөнгөнийхөө тооцоог хийхгүй гээд ч яалтай. Баячуудад үдийн будаа санагдаж байгаа сая  төгрөг ажилгүй, амьдралд хэцүү иргэдийн хувьд тэнгэрийн умдаг атгасантай л адилхан. Тэгээд ч тэртээтэргүй хүний юм, үнэгүй юманд дуртай хорвоо хойно амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх хэн байх билээ.

Засгийн газраас өнгөрсөн 2011 онд энэ 2012 оны төсвийг боловсруулж батлахдаа дөрвөн зүйлд гол анхаарлаа хандуулсан гэдгээ чуулганы индрээс Ерөнхий сайд иргэдэдээ хандаж зарласан. Тэдгээр дөрвөн гол зүйл нь өнгөрсөн 2008 оны сонгуулийн амлалтыг биелүүлэхэд чиглэгдсэн бөгөөд тэдний нэг нь “Хүний хөгжил сан”-гаас  1,500,000 төгрөг олгох тухай асуудал байв. Өөрөөр хэлбэл, Эх орны хишиг, Эрдэнийн хувийн үлдэгдэлийг “Хүний хөгжил сан”-гаас төгрөгийг бэлэн болон бэлэн бусаар иргэдэд олгоход зарцуулах хөрөнгийг тооцож 2012 оны төсөвт тусгахдаа иргэн бүрт сар тутам олгож буй 21000 төгрөгийг 2012  оны эхний хагас жилийг дуустал  олгож, иргэн бүрт  500,0 мянган төгрөг бэлнээр олгох гэсэн зорилтоо хэрэгжүүлэх юм гэсэн. Харин нэг сая төгрөгийн  хувь хишгийг нийгмийн бүлгүүдэд дараах байдлаар хүртээхээр “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт суутгаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй нийт 334.2 мянган иргэдэд нэг сая төгрөгийг бэлэн мөнгөөр өгөхөөр тооцож нийт 334.2 тэрбум төгрөг төсөвлөжээ. За тэгээд, Монголын их дээд сургуульд сурч буй  170 мянган оюутанд сургалтын төлбөр хэлбэрээр нийт 83.6 тэрбум төгрөг, мөн эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт таван мянган иргэнд таван тэрбум төгрөг, орон сууц худалдан авсны урьдчилгаа төлбөрт 100 мянган иргэнд 100 тэрбум төгрөг олгохоор төсөвлөсөн гэдгээ Сангийн сайд ч, Ерөнхий сайд ч дуулгаж байв. Харин тэгтэл албаны хүний өгсөн мэдээллээр ирэх оны төсөвт энэ бүхэн биелэгдэх эсэх нь эргэлзээтэй болж хувираад байна. Улстөрчдийн амласан бүхнийг биелүүлэхээр Засгийн газар боловсруулж, УИХ-аас баталсан  улсын төсөвт суутгасан “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгөний талаар яг өнөөдрийн хувьд сайн муу хоёр мэдээ байгаагаас гадна энэхүү сайн муу хоёр мэдээг дагалдаж эерэг сөрөг үзэгдлүүд өрнөх нь тодорхой болжээ.

 Сайн мэдээ

Хөдөлмөр халамж үйлчилгээний Халамжийн хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгийн хэлснээр хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд сар шинийн өмнөхөн башийх нь бололтой. Учир нь “Хүний хөгжил сан”-гаас олгох нэг сая төгрөгийг ирэх хоёрдугаар сараас эхлэн “Хүн хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт ороод ирсэн 334.2 тэрбум төгрөгийг сая саяар нь тарааж эхлэх гэнэ лээ.  Гэхдээ Засгийн газраас нэг сая төгрөгийг олгох журам нь хараахан батлаагүй байгаа бөгөөд журам хэзээ батлагдана тэр өдрөөс л эхлээд сая төгрөгийг тараах болно гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний Халамжийн хэлтсийн дарга ярьжээ. Журам батлагдахаас өмнө бас Хүний хөгжлийн үндэсний хороо гэгчийг байгуулах ёстой юм гэсэн. Бэлгэ дэмбэрэл, нас, зүсээ бодсондоо ч  хөгшдийн хувьд сар шинийн баяраа сайхан тэмдэглэхийг хүсдэг. Тиймдээ ч тэтгэврийн хэдээ урьдчилж зээлж байгаад л ул боов, ууц чихэр бэлгэнд зориулдаг нь худлаа биш. Тиймээс сар шинийн өмнө нэг сая төгрөг өгнө гэсэн мэдээ тэдний чихийг мялааж байгаа гэдэгт маргашгүй.  Тэтгэврийнхээ хэдийг урьдчилж авахаар арилжааны банкийг царайчлалгүй цагаан сараа аятайхан тэмдэглэх боломж гарч байгаа болохоор л тэр шүү дээ.

Муу мэдээ

Засгийн газрын 2011 оны 264-дүгээр тогтоолоор “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнуудаас сонголт хийж, зээлийн дүнгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн Монгол Улсын иргэн бэлэн бусаар хүртэх нэг сая төгрөгийг “Хүний хөгжил сан”-гаас орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр авч болно гэсэн заалт байгаа. Энэ заалтаа энэ оны төсөвт 100 мянган хүнд 100 тэрбум төгрөгийг зарцуулна гээд тодоос тод зарлачихсан. Гэтэл Хөдөлмөр халамж үйлчилгээний газрынхны ярьж байгаагаар “Хүний хөгжил сан”-гаас авах үлдэгдэл нэг сая төгрөгөө иргэд орон сууцныхаа зээлэнд өгнө гэдэг бараг л үлгэр болж таарч байх шиг байна. Учир нь100 мянган иргэний орон сууцны зээлийг хаах 100 тэрбум төгрөг “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсөвт суутгагдаагүй гэсэн. Бүр нэг ч төгрөг суутгагдаагүй болохоор ээж аав, эмээ өвөө эхнэр хүүхдийнхээ мөнгийг хуугаар нь хамж аваад орон сууцныхаа зээлд өгчихнө гэж бодолтгүй юм билээ. Засгийн газрын боловсруулсан төсвийн төсөлд иргэдийн орон сууцны зээлд 100 тэрбумыг зарцуулахаар болсон нь төсвийн хэлэлцүүлгийн хаагуур нь сугараад үлдэв ээ гэдэг нэг асуулт байна. Уг нь анх алдагдал нь долоон их наядаар хэмжигдэж байсан төсвийг УИХ-аас танахдаа 4000 төрийн албан хаагчийн орон тоог хассан, хөдөө орон нутагт барих конторын барилгад зарцуулах хөрөнгийг хумьсан гэдэг тайлбар хийж байсан болохоор “Хүний хөгжил сан”-гаас иргэдийн орон сууцны зээлд зарцуулах 100 тэрбум төгрөгийг “пялчихсан” гэж хэлээгүй санагдах юм. Гэтэл төсөв батлагдсан хойно тэр мөнгө хаагуур урсаад, хэн пялаад хаясан нь ойлгомжгүй асуудал болоод хоцорлоо. Бас олон хүний орон сууцныхаа зээлийг төлөх төлөвлөгөө нурах болчихоод байна.

Сөрөг тал

Цагаан сараас өмнө нэг сая төгрөг бэлнээр авна гэсэн мэдээ хэдийгээр гоё сонсогдож байгаа ч гэлээ өдрөөс өдөрт худалдан авах чадвар нь буурч, үнийн өсөлтийг хязгаарлаж дийлэхээ больсон.  Сар бүхэн тараадаг 21 мянган төгрөгөөс бол үнийн өсөлт, инфляцийн дарамтаас иргэд өнөөг хүртэл ангижирч чадаагүй байгаа. Ямар сайндаа төв банк мөнгөний чанга бодлого баримталж, эдийн засгийг хатуу гараар барьж байх билээ. Инфляцийг нэг оронтой тоонд барих Монголбанкны төлөвлөгөө нурж өнгөрсөн оны сүүлчээр инфляци 12,3 хувьд хүрсэн. Тиймээс  эдийн засагчдын хувьд сая төгрөг бэлнээр тараавал Монголын эдийн засагт хямрал үүсч болзошгүй гэдгийг сануулсаар л байна. Тэд их мөнгөний “бэлэг” инфляцийг тэнгэрт хөөргөж болзошгүй шүү гэдгийг эртнээс анхааруулж байгаа билээ. Сар шинийн баярын өмнө тараасан сая төгрөгийн балгаас бол сар шинийн дараахан нэг килограмм мах 10 мянган төгрөгт хүрчихвэл яана гэсэн айдас л харин энгийн иргэдэд илүүтэй байх шиг.

Ж.Нямсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж