Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт:
-Ер нь гэнэтийн шийдвэр гарлаа. Миний хувьд гайхсан байдалтай хүлээн авлаа. Надад энэ талаар бүрэн мэдээлэл нь ч алга. Ер нь бол Хамтарсан Засгийн газар нь улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах зорилгоор л байгуулагдсан. Түүнээс биш ямар нэгэн улс төрийн зорилгоор байгуулагдаагүй. Шинэ цаг үед улс орны өмнө тулгарч буй бэрхшээлүүдийг хамтарч шийдвэрлэх л зорилготой байсан. Цаашид хийх ёстой ажлууд олон байгаа, зургадугаар сарын 1-нээс хойш нийгмийн халамжийн бодлогыг зорилтод бүлэгт хэрхэн хүргэх, томоохон үйлдвэрүүдийн асуудлууд гээд зүйлс байна.
Сангийн сайд С.Баярцогт:
-Энэ асуудлын талаар удирдлагаас санал оруулж байгаа юм байна. Тэгэхээр миний хувьд хэлэх зүйл одоогоор алга.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа:
-Энэ асуудлыг ҮЗХ хуралдаж байж олонхоороо шийднэ. Одоогоор шийдээгүй байна. Тус хуралдаанаар ямар шийдвэр гарна тэр нь л хэрэгжинэ.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди:
-Миний хувьд дөнгөж сая л энэ талаар сонссон. Хамтарсан Засгийн газрын үед маш олон асуудлыг шийдвэрлэсэн. Алдаа, оноо аль аль нь нэг намын гэхээс илүүтэй хамтарсан Засгийн газрын нэр дээр л бичигдэх болно.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга:
-Хамтарсан засагт анх орохдоо АН Үндэсний зөвлөлдөх хорооны олонхоор шийдвэр гаргаж байсан. Хамтарсан засгийн газраас гарч байгаа бол мөн л ҮЗХ-оор шийдвэрээ гаргуулах байх. Мөн АН тайлангаа тавьж, хамтарсан засагт ороод өнгөрсөн хугацаанд юу хийсэн, гарах болсон шалтгаанаа, хийсэн ажлаа тайлагнах байх.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар:
-Нэгдүгээрт, энэ талаар бүрэн тодорхой мэдээлэлгүй байна. Хоёрдугаарт, хамтарсан Засгийн газар нь олон ажлыг нугалсан. Ингэхээр хамтарч шийдсэн олон асуудлыг баталгаажуулах, шийдэж амжаагүй Тавантолгой зэрэг олон асуудлыг дуусгачихмаар байна. Ингэхээр үлдсэн хугацаанд хамтарч хийж байгаа ажлаа дуусгах нь илүү дээр санагдаж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар:
-АН-ын ҮЗХ энэ шийдвэрийг батлан гаргаад, асуудал цааш үргэлжилвэл хоёр талаас найм, найман хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх хороо гарч шийдвэр гаргах ёстой болно. Үүнийг Засгийн газарт хамтрах гэрээнд зааж өгсөн. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаас 15 гаруй хувь нь үлдээд байсан. Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр ингэж шийдсэн нь сонгуулийн сонирхлоор улс орны эрх ашгийг хөндөж байгаа хэрэг юм гэж харахаар байна. Аливаа ажлын төгсгөл нь үр дүнг тодорхойлоход маш чухал байдаг. Өнөөдрийн мэдэгдэл ҮЗХ-оор арай батлагдахгүй байх.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
-Өнгөрсөн оны есдүгээр сард АН Засгийн газраас гарна хэлж байсан шүү дээ. АН Засгийн газраас гарна гэдэг асуудал тэр ёсоороо л болж байна. Гэхдээ би бол сонгуулийн өмнө том улс төр хийх гэж гарч байгаа гэж харлаа. Ний нуугүй ярихад нэг гэрт ханилж суугаад нөхрөө хаяад зугатааж байгаа авгайчуудтай адилхан гэж бодож байна. Надад бол олигтой үр дүн гарахгүй юм шиг харагдаад байгаа. Одоо МАН-ыг баахан шүүмжилж, муулах л байх. Ард түмэнд ухаарч байгаа юм шиг сайхан харагдах гээ юм байлгүй.
УИХ-ын гишүүн З.Алтай:
-Хамтарсан Засгийн газар гэдэг чинь энэ хоёр намын дундаас л гарсан хүүхэд шүү дээ. Лай ганчиг, гавьяа шагналыг нь адилхан л энэ хоёр хүлээх ёстой. Хоёрын хооронд ийм улс төрийн тоглолт хийх нь хэнд ч ашигтай юм, мэдэхгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Эхнээсээ хамтарна гэж гэрээ байгуулчихаад замаасаа буцна гэдэг ойлгомжгүй л байна. Сайдын суудал авах болохоороо ард түмнийхээ төлөө гэж баахан гүйж хашгирчихаад сайд нарынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад ирэхээр больж байна. Ялангуяа тэр Н.Алтанхуяг чинь ард түмнийхээ төлөө хамтрахаар боллоо гээд л хашгираад явж байсан биз дээ. Бялуу нь дуусаад үйрмэг үлдээд ирэхээр нь одоо боллоо гээд гараад явж байгаа байхгүй юу. Миний хувьд АН хариуцлагаас зугатаж байна гэж ойлгож байгаа. Мөн яг хамтарсан Засгийн газрыг яриад байсан шигээ ажилласан гэж бодохгүй байна Хамтарсан Засгийн газрыг үнэлэх нэг шалгуур байна. 2008 онд Засгийн газар мөнгөтэй байсан уу, байсан. Ард түмний амьдрал өнөөдөр сайжирсан уу гэвэл үгүй. 2008 онд ядуурлын төвшин 35 хувьтай байсан бол АН-тай хамтарсан гурван жилийн хугацаанд 40 хувьтай болсон. Тэгэхээр эд нар муу ажилласан гэсэн үг.
УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:
-Нэг оронд орчихоод, сүүлд нь чи олигтой байж чадсангүй гээд байх нь хэр зөв юм бол, мэдэхгүй байна. Яах вэ, ард түмэнд сайхан амьтан болж харагдах гэсэн л арга нь байх.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:
-Манай намын дүрмээр бол хамтарсан засгаас гарах тухай энэ шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороогоор шийдвэрлэдэг. Манай намын удирдлагаас энэ тухай санал оруулсан л гэж ойлгож байгаа. Энэ талаар бүлгийн хуралдаан, ҮЗХ-ээр хэлэлцээгүй болохоор албан ёсны шийдвэр гаргаагүй л гэж ойлгож болно.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-2008 онд МАН УИХ-д 46 суудал авч Засгийн газрыг дангаараа бүрдүүлэх эрхзүйн орчин нь бүрдсэн байсан. Гэхдээ бид Монгол Улсын өмнө тулгараад байгаа зайлшгүй шийдвэрлэх ёстой томоохон зорилтыг шийдэхийн тулд Ардчилсан намыг Засгийн газарт орж хамтарч ажиллахыг урьж, өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хамтарч ажилласан. Бид бол улс орныхоо томоохон эрх ашгийн төлөө л ийм санал тавьсан. Намын эрх ашгийг өмнөө тавиагүй. Ардчилсан нам 2012 оныхоо сонгуульд бэлтгээд намынхаа эрх ашгийг урдаа тавиад хамтарсан Засгийн газраас гарч байгааг ойлгож байна. Гэхдээ бидний өмнө хийж дуусгах ёстой олон ажлууд байсан. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал. Мөн Засаг захиргаа, орон нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтийн асуудал байсан. Нийгмийг хамгийн их бухимдуулж байгаа баялгийн хуваарилалтын асуудал байсан. Энэ бүгдийг хамт байгаа хугацаандаа хийсэн бол гэж бодож байна. Мөн Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал байсан.
УИХ-ын гишүүн Х.Наранхүү:
-Энэ талаар шийдвэр эцэслэн гараагүй байхад байр суурь илэрхийлээд байх нь оновчтой биш байх.
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл:
-Хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг намын дарга болон бүлгийн дарга нар гаргахгүй л дээ. Энэ тухай шийдвэрийг ҮЗХ-ны хурлаар л гаргах үед нь ярих нь зөв байх.
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу:
-Хариуцлагаас зугтаж байгаа л байхгүй юу. Хамтарсан засагт орохдоо хоёр сар гаруй болж, зөвшилцөж байж шийдчихээд гарах болохоороо ганц шөнө шийдчихэж болохгүй биз дээ. Өчигдөр л гэхэд Ерөнхий сайд нь хүртэл энэ талаар мэдээгүй шал өөр зүйл яриад явж байх вэ дээ. Гэхдээ гарах нь зөв байх. Ерөнхийлөгчийн сүүлд хэлсэн илтгэлээс хойш ийм асуудал цухалзаж байгаад сая үүнийгээ хэлж байгаа юм байна л даа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Улс орны өмнө олон асуудал байна, үүнийг хамтраад шийднэ гэж эвслийн гэрээ байгуулаад явснаа дуусгах байх л гэж бодож байна. Ингэж мэдэгдсэнд нь гайхаж байна. Хийсэн гэрээгээ дуусгана, цаашид хамтран ажиллана гэж найдаж байна. ҮЗХ нь шийдэх болохоор ийм алхам хийхгүй байх аа. Хууль эрх зүйн хувьд МАН дангаараа Засгийн газраа байгуулах боломж бий. Гэхдээ хамтраад олон асуудлыг шийдэж байсан. Эдийн засгийн хямрал дохиогоо өгөөд байгаа энэ хүнд үед хамтраад явах нь зүйтэй гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Загджав:
-Бид АН-тай хамтраад Засгийн газар байгуулан дөрөв дэх жил рүүгээ явж байна. Иймд энэ асуудлаар хувь хүн гэхээс илүүтэй хамтрах болсон бүтцээрээ тайлбар өгөх нь зүйтэй байх. Яг хамтарсан засгаас гарна гэсэн шийдвэр албан ёсоор гараагүй, ҮЗХ нь хуралдаагүй байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-АН-ыг МАН үхлийн тэврэлтээр тэвэрчихлээ гэж хэлж байгаа. Бид тэр үхлийн тэврэлтээс салахыг хүсч байна. Намын олон нийтээс байнга шахаж, шаардаж байгаа шийдвэр. ҮЗХ-нд ямар асуудал оруулах нь манай удирдлагын эрх мэдлийн асуудал. Олон зүйл дээр хэл амаа ололцохгүй байгаа бололтой. Миний хувьд хариуцлагатай холбоотой олон зүйл дээр Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байгаагийн хувьд дэмжиж байна, Баяртай байна. Даргадаа баяр хүргэмээр байна. Ер нь хамтарсан Загсийн газрын гэрээний биелэлт маш учир дутагдалтай байгаа. Өнгөрөгч жилийн намраас л энэ тухай ярьж байсан. Тухайлбал, хүний эрх, шударга ёс, төрийн байгууллагын шинэтгэлтэй холбоотой шийдвэрүүд ерөөсөө гараагүй. Одоо энэ зургаан сард үүнийг хийж чадахгүй болсон гэдгээ ойлгож байх шиг байна. Тиймээс хаа хаанаа асуудал ямар байна вэ гэдгээ хоёр талд гарч ярилцсан нь дээр л дээ. Хамтарсан Засгийн газарт байсан хугацаанд хавтгайрсан халамж бол хэрээс хэтэрсэн. Бүр АН-ын нүүр царай, бодлого юу вэ гэдэг нь төөртөл хэтэрсэн. Хамтарсан гэдэг үгийн доор шүүмжлэлийг хаацайлж байсан бол одоо арай өөр ярих байлгүй дээ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хоёр нам хамтарсан л байсан. Тус тусдаа сонгуулиа явуулаад болоод л байсан. Хамтарсан Засгийн газарт ороод асуудлуудыг шийдээд яваад болж л байсан Гэтэл яагаад гэнэт ийм шийдвэр гаргав, ойлгохгүй байна. Сонгууль эхэллээ гэж улс төржөөд бүх зүйлийг гацаагаад байж боломжгүй л юм.
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл:
-Би ийм шийдвэр гарна гэдгийг анхнаас нь мэдэж байсан. Энэ шийдвэрийг маш их хүсэн хүлээсэн хүний нэг нь яах аргагүй би. Энэ бол үнэхээр түүхэн чухал шийдвэр. Монголын ардчилсан парламентат ёсыг аварсан улс төрийн чухал шийдвэр боллоо. Хамгийн гол нь АН-ын гишүүд албан тушаалаас илүү өөрийн эрхэмлэдэг үнэт зүйлээ өргөж явдаг гэдгээ харууллаа. Өмнө нь хамтрах шийдвэрийг ҮЗХ-ны олонхоор гаргаж байсан. Стратегийн ордуудыг хөдөлгөөнд оруулах, сонгуулийн хуулийг гаргахад шаардлагатай байсан тул улс төрийн зөвшилцөл хэрэгтэй болсон тул тэр. Одоо ҮЗХ энэ саналыг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.
УИХ-ын гишүүн С.Оюун:
-Нарийн сайн мэдээллийг аваагүй болохоор дүгнэлт хэлэхэд эрт байна. Яах вэ, сонгууль болохоор салчихаад дуусахаар нь эргэж нэгдэнэ гэсэн санаагаар хийж байгаа бол зохисгүй юм. Хамтарч ажиллаад ийм зүйл нь болсонгүй гэж байгаа бол асуудал өөр байх.
УИХ-ын гишүүн Д.Энхбат:
-Энэ асуудлыг би гурван жилийн турш ярьсан. Стандарт бус засаглал Монголд байх ёсгүй гэж, Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн зарчмаар л байгуулагдах ёстой тухай. МАН-ыг иргэд өөрсдөө сонгосон. Гэтэл Засгийн газарт орохыг МАН-ын ҮЗХ удирдах зөвлөл өөрсдөө шийдсэн. Тэр үед улс төр тогтворгүй, эдийн засгийн байдал хүнд байсан. Тиймээс олон нийт хүлээцтэй хандсан юм. Нэгэнт АН засгаас гарч байгаа бол хамтарсан тайлангаа тавих ёстой. Тайлангаа тавиад стандарт засагт ороход буруу зүйл байхгүй. Зарчмын хувьд зөв алхам. Гэхдээ сонгууль дөхөхөөр хэн хэндээ буруугаа чихээд хийгээгүй ажлаа эзэнгүй орхихгүй байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Одбаяр:
-АН-ынхан энэ асуудлыг ҮЗХ-оороо хэлэлцэн шийдвэрлэх юм байна билээ. Ингэж салж байгаа гэхээр таатай санагдахгүй л байна. Хамтарсан Засгийн газарт хийж амжуулсан зүйл их бий л дээ, хийх гэж оролдсон зүйл ч бий, болж бүтээгүй нь ч бий. Гэхдээ Монголын ард түмэн ухаан бодлоо нэгтгээд, улс төрөө багасгаад юм хийх ёстой гэж бодох болсон л гэж бодож байгаа байх.
УИХ-ын гишүүн Ч.Улаан:
-Нэгэнт хамтрахгүй гээд байгаа юм бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэхдээ яагаад ингэв гэдэг шалтгааныг судлах хэрэгтэй. Анхнаасаа ийм бодолтой байсан уу, эсвэл ийн шийдэхэд хүргэсэн нөхцөл байдал бий болов уу гээд. Цаашид яах вэ гэдгийг ч ул суурьтай харах ёстой. Ингэлээ гээд МАН-д цааш нь Засгийн газраа бүрдүүлээд цааш явах боломж бий. Яах вэ “салж нийлдэг хорвоо санаагаар болдоггүй амьдрал” гэдэг үг байдаг биз дээ.