Д.Нямхүү: УИХ-ын гишүүнээс ч олон хууль боловсрууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.06-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: УИХ-ын гишүүнээс ч олон хууль боловсрууллаа

Сүүлийн арваад жилийн хугацаанд
“Агаарын бохирдлыг бууруулах” гэж эрх мэдэлтнүүд хэдэн сая удаа хэлснийг
мэдэхгүй юм. Ямартай ч өнөөдөр агаарын бохирдол буурсангүй. Харин ч
эсэргээрээ нийслэлийн яндангийн тоо жилээс жилд өссөөр байгаа. Янданг
бууруулахгүй байгаа нь тодорхой бүлэглэлийн агаарын бохирдлыг дагнасан
бизнестэй холбоотой гэж НИТХ-ын тэргүүлэгч Д.Нямхүү хэллээ. Засгийн
газраас Ардчилсан нам гарч буй асуудлыг  тэрээр “Хийх ажлаа хийсэн
хойно, харамсах зүйлгүй” дүгнэлээ….

Цаг үеийн асуудлыг хөндсөн түүний ярилцлагыг хүргэе.

-Ардчилсан нам Засгийн газраас гарахаа мэдэгдлээ. Тэгэхээр та дэд
сайдаасаа буух нь. Хувь хүний хувьд ямар байр суурьтай байна. Нийгмийн
хамгааллын дэд сайд байсан энэ хугацаанд та юу амжуулав аа?

-Надаа харамсах зүйл байхгүй. Миний хувьд энэ хугацаанд гарсан энэ
салбартай холбоотой бүх хуулийн төсөл дээр ажилласан. Иргэдийн төлөө
хийе, хуулиудад суулгая гэсэн бүхнээ суулгаж, хийсэн. Энэ салбартай
холбоотойгоор хуулийг дагаж гарсан журмуудыг өөрийн гараар хийлээ. Улс
төрийн албан тушаалтан бол хууль боловсруулах ажлыг л хийх ёстой. Гэтэл
манай УИХ дотор чинь нэг хууль санаачлах нь битгий хэл хэлэлцэж байгаа
хуулийнхаа нэрийг тогтоогоогүй гишүүн зөндөө л байна шүү дээ. Ямар ч
байсан тэр хүмүүсээс илүү ажилласан. УИХ-ын гишүүнээс ч олон хуулийг
боловсрууллаа.

-Хийх ажлаа хийсэн гэсэн үг үү?

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбарт хийх ажлаа хамтраад маш сайн
хийсэн. Бусад салбарын хувьд гомдолтой зүйл бий л дээ. Жишээ нь, төмөр
замын асуудал санхүүжилтээсээ болоод хойшлогдлоо. Атрын III аян гэж ямар
бантан болов.

-Ардчилсан намын амлалт яах вэ?

– Ардчилсан нам иргэн бүртээ нэг сая төгрөгийн хувьцаа амласан. Бид
амласан амлалтаа биелүүлсэн. Тэгэхээр бидэнд энэ Засгийн газрын суудлаас
зууралдаад байх шаардлага байхгүй. Та бүхэн дансаа шалгаад үзээрэй.
Хувьцаа иргэн бүрийн дансанд орсон байгаа.

-Хувьцаа эсвэл нэг сая төгрөгийнхөө аль нэгнийг нь ав гээд байгаа шүү дээ?

-Ардчилсан нам ердөө ч мөнгө өгнө гэж амлаагүй. Нэг сая төгрөгтэй
дүйцэхүйц хувьцаа амласан. Тэрийгээ өгсөн үү, өгсөн. Бүгдийнх нь дансанд
байна уу, байна. Бидний хувьцааг зараад өөрсдөө мөнгө өгнө гэж байгаа
бол иргэдийг хуурч байгаа явдал. Үүнийг хэлсэн, хэлээгүй иргэд мэдчихнэ.
Монгол Улсын эдийн засаг нэг сая төгрөгийг бэлнээр олгох ямар ч
бололцоо байхгүй.

-НИТХ өнгөрсөн оны эцэст хуралдаж төсвөө баталсан. Нэлээд хуудуутай
төсөв баталсан тухай шуугиад байсан. Замын хайс солих, тоглоомын талбай
шинэчлэхээс цааш нэг их хэтэрдэггүй төсөв голдуу батлаад байх шиг. Энэ
жилийн төсвийг батлалцсан хүний хувьд юу гэж бодож байна?

-Та нар өөрсдөө харж байгаа биз дээ. Нийслэл бол хөгжих асар их
бололцоотой газар. Улаанбаатар хотыг хар л даа. Гэр хорооллын айлуудын
“00”-д хор цацна гээд 1,5 тэрбум төгрөг жорлонд хийсэн. Энэ мөнгөөр
хичнээн хүнийг ажлын байртай, аж ахуйтай болгох боломж байв. Гэтэл нэг
иргэн хоёрхон сая төгрөгийн төлөө хашаа байшин, оёдлын машинаа
барьцаалаад нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийн сангаас зээл авахын тулд
бүхэл бүтэн гурван сар гутлынхаа улыг эргэтэл гүйгээд авч чадахгүй надад
хандсан. Холбогдох хүмүүсийг нь цуглуулж байгаад яагаад энэ хүнд зээл
өгч болдоггүй юм бэ гэхээр “Уучлаарай, өнөөдөр олгочихъё” гэж байгаа юм.
Ийм байдлаар иргэдэд хандаж байна. Хэрвээ би НИТХ-ын Тэргүүлэгч гишүүн
байгаагүй бол тэр хүнд зээл өгөхгүй нь л дээ. Өмнө нь “Энэ хүн
барьцаагүй юм аа” гээд байсан нөхдүүд намайг хэлэхээр барьцаатай
болгочихож байгаа юм. Ингэж л алаг үзсэн байдлаар иргэддээ ханддаг. Энэ
орон нутгийн удирдлагууд ер нь юу хийж байгаа юм бэ?

-Харин ээ… Зам бариад байдаг шүү!

-Зам барьсан гээд байгаа. Үнэндээ энэ чинь улсын төсвийн хөрөнгөөр хийж
байгаа ажил. Тэдэнтэй, тэдэнгүй хийгээд л явах ажил. Өөрсдийнх нь
санаачлагаар хийсэн юу байна. Тайланг нь харахаар, онцлох ажлынх нь
бараг хамгийн эхэнд манай яамнаас хөрөнгийг нь гаргаж 800 хүнийг ногоо
тариулсан ажил бичигдчихсэн байгаа юм.

-Улаанбаатарын утааг бууруулахаар ихээхэн мөнгө төсөвлөж, их ч ажил хийгээд байгаа л гээд байдаг даа?

-Утаанд 60-70 тэрбум төгрөг зарцуулсан. Утаа өнөөдөр шингэрсэн үү. Улам
өтгөрсөн. Нийслэлийн төлөөлөгчийн хувьд би агаарын бохирдлыг бууруулах
төсөл хийж байгаад сая тооцоог нь хийлгэхээр батлууллаа. Тэр санаагаар
өнгөрсөн арван жилийн туршид тооцоо хийж үзсэн үү гэхэд ердөө ч
хийгээгүй байгаа юм.

-Та тэгээд утааг яаж бууруулах төлөвлөгөө санаачилж байгаа юм?

-Маш энгийн. 500 эсвэл 1000 янданг нэг яндан болгоно. Тэр нэг янданд маш
сайн шүүлтүүр суурилуулаад утааг багасгая. Энийг одоо тооцож үзэхээр
болсон. Уг нь энэ саналыг аль 2004 онд ИТХ-д сонгогдохдоо л би хэлж
байсан юм.

-Тэгээд энэ санааг судлаад яагаад ажил хэрэг болгоогүй байх уу?

-Шахмал түлш гэдэг бол тэдний хувьд маш том бизнес. Тийм учраас утааг
багасгах нь тэдэнд огтоос сонин биш. Хамгийн гол нь шахмал түлшнийхээ
бизнесийг хийж байх нь л чухал. Одоо утаагүй зуух гэдэг бизнес
санаачилаад хийж байгаа. Тиймээс л дэмжээгүй юм.

-Шахмал түлш үйлдвэрлэгчдийг нийслэлийн төсвөөс дэмждэг байх аа?

-Тийм. Би ганцхан жишээ хэлье. Хоёр жилийн өмнөөс тас эсэргүүцээд байхад
миний өмнөөс маш гоё тооцоо хэлж байгаад байгуулсан нэг үйлдвэр байгаа.
Хялганатад байгуулсан үртсэн шахмал түлшний үйлдвэр. Тухайн үед хэлэхэд
“Та битгий дэмий юм яриад бай. Хялганатад асар их хэмжээний үртэсний
нөөц байгаа” гээд байсан. Ингээд хоёр, гурван жил энэ үйлдвэрт татаас
өгч байна. Гэтэл одоо амласан бүтээгдэхүүн нь байхгүй. Асуусан чинь
“Уучлаарай, манай энэ үртэсний 60 хувь нь шороо. Тиймээс үйлдвэрлэж буй
түлшнийхээ 60 хувьд нь шинэ үртэс хийж байж шахмал түлшээ үйлдвэрлэх юм”
гэсэн утгагүй юм яриад сууж байгаа юм. Ингээд тийшээ өгсөн 2-3 тэрбум
төгрөг будаа болчихсон. “Төгрөг нуурын энержи” гээд компанид бас хоёр
тэрбум төгрөг зарсан. Тэр нь “Арваад мянган тонн шахмал түлш
үйлдвэрлэнэ” гээд телевизээр шахчихсан нүүрс шиг юм үзүүлээд байсан.
Гэтэл тэд 60-хан тонн түлш үйлдвэрлэсэн. Ийм маягаар нийслэлийн хороор
бизнес хийж амьдарч байна, цаадуул чинь. Энэ маягаар хэчнээн төгрөг
зарцуулаад ч үр дүнд хүрэхгүй. Улаанбаатар хотод нам даралтын 1200 зуух
бий. Тэдний алинаас нь ч дэмжлэг үзүүлбэл “Ойр хавийнхаа мянган айлыг
дулаанаар хангаж чадах уу” гэхэд захын компаниуд “болно” гэж байна.
Сургуулиудыг нүүрсээр халааж байгаа хэрнээ ямар ч утаа гаргадаггүй
шүүлтүүр тавиад тэд асуудлаа шийдчихэж байна. Заамар сумыг очоод
хараарай. Ямар гоё утаа гардаггүй зуух ажиллаж байна вэ. Тэр сумыг
халаахад гаргасан зардал нь хэдхэн сая төгрөг байгаа юм. Улаанбаатарыг
ийм байдлаар халаахад хэдий хугацаа хэрэгтэй вэ гэхээр цаад зах нь хоёр
жил зарцуулна гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байна. Тийм бага
мөнгөөр нийслэлийг утаагүй болгочихож болох байгаа юм. Эд тэгэхэд хөгийн
л юм яриад сууж байна. Цогцоор нь шийднэ гэдэг. Дулааны асар том
хоолойг Гачуурт хүртэл татаж, маш их зардал гаргаж Улаанбаатараас халааж
байна. Эргүүлээд асар том бохирын хоолойг Гачууртаас татсан. Налайхын
бохирыг Улаанбаатарт цэвэрлэж байна. Ийм л тэнэг бодлого барьдаг хүмүүс.
Яг үнэндээ тэнэг ч биш л дээ. Бизнес нь юм. Хамгийн амархан, ашигтай
ажил бохирын хоолой тавих байдаг. Компаниудын хувьд мөрөөдлийн ажил гэж
болно. Тийм ч учраас бохирын шугамыг их тавиад байгаа юм. Уг нь шат
дараатайгаар асуудлаа шийдчихэж болохоор байгаа юм.

-НИТХ-ын МАН-ын төлөөлөгчид өөрсөддөө 20 сая төгрөг төсөвлөөд намдаа
хандивлахаар болсон гэсэн. Ардчилсан намын төлөөлөгчид ч бас тэгсэн үү.
Төсвийн мөнгийг ингэж хандивлах эрх та нарт байхгүй биз дээ?

-Нийслэлийн төсөв чинь намд хандивлах мөнгө биш шүү дээ. Тэгвэл тэд
луйвардчихсан байна. Тийм мөнгө олгох асуудал НИТХ-ын хуралдаан дээр
яригдаагүй. Дотор нь суугаад л явчихсан юм шиг байна лээ. Манайхан бол
мэдээгүй яваа. Тэд намдаа өгөх гэж л хуйвалдсан юм байна л даа.

-Энэ жил бага орлоготой өрхийг дэмжих жил болгосон. Өмнө нь ч иймэрхүү
байдлаар янз янзын жил зарлаж байсан. Багагүй хэмжээний мөнгө ч
төсөвлөдөг. Харин үр дүн нь төдийлөн мэдэгддэгүй. Яг яаж дэмжих юм бэ?

-Тийм гомдол гардаг. Төсөвлөсөн мөнгийг нь зориулсан зүйлдээ зарцуулдаггүй тохиолдол ч гардаг.

-Өнгөрсөн жил жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ. Хүү багатай зээл олгоно
л гэсэн. Харин хэрэг дээрээ баахан барьцаа нэхээд авах ёстой хүмүүс нь
авч чадаагүй гэнэ лээ?

-Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн жилийнхээ ажлаар
яамдуудаас нэгдүгээр байр эзэлсэн. Гэтэл иргэд гомдол гаргаад л байгаа.
Бодох л асуудал. Тухайн яамны асуудал хариуцсан хүмүүс нь энэ тухай илүү
ярих байх л даа. Бага орлоготой иргэдийг яаж дэмжих тухай бол ярьж
болно.

-Харин яаж дэмжих юм. Гурил, будаа тараах юм уу. Эсвэл тэтгэмж олгох уу?

-Засгийн газарт 2012 оныг бага орлоготой өрхийг дэмжих жил болгох
асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас оруулаад шийдүүллээ.
2010 онд хийсэн хүн амын тооллогоор бол өнөөдөр Монгол Улсад 724 мянга
300 гаруй өрх байна. Наймаас дээш ам бүлтэй өрхийн 73 хувь нь ядуу
байхад хоёр гишүүнтэй өрхийн 13 хувь нь л ядуу байна. Эдгээр өрхийг
судлаад үзэхээр ам бүл олуулаа болох тусмаа ядууралд өртөж байна.  Энэ
нь тэдэнд ажил олдохгүй, орлого нь бага байгаатай энэ бүхэн холбоотой.
Бага орлоготой иргэд “Ажлын байрыг нэмэгдүүлж чадахгүй бол бидэнд зээл
өгчих. Бид өөрсдөө үйлдвэрлэл эрхлээд хөл дээрээ босоод ирнэ. Үүний тулд
энэ их барьцаа, элдэв шалгуур гээд чөдөр, тушаагаа багасгаач” гэж
байна. Бэлэн мөнгө гуйхгүй байна л даа.

-Иргэд зээл авах сонирхолтой ч шалгуурт нь тэнцэхгүй байна гэсэн үг үү. Банк ч бас эрсдэлээ боддог байх л даа?

-Жижиг, дунд үйлдвэрийн сангаас олгодог зээл бага орлоготой, барьцаалах
хөрөнгөгүй хүмүүст хүрдэггүй. Зах дээр наймаа хийдэг, жижиг цайны газар
ажиллуулдаг,  малчид, ногоо тарьдаг хүмүүст таван сая төгрөг гэдэг бол
маш том дэмжлэг байдаг. Гэтэл энэ зээлийг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих
сангаас олгох боломжгүй. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ийм
төрлийн жижиг зээлийг өгдөг. Гэхдээ бас л ялгаагүй. Тэр жижиг зээлийг
авахын тулд маш олон даваагаар давдаг байсан. Бараг бүтэшгүй шалгууртай
гэж болно. Тэгээд ч хугацаа их шаарддаг учраас иргэд төдийлөн авч
чаддаггүй. Банкинд байршуулсан энэ сангийн мөнгийг зээл авахыг хүссэн
иргэдийн эрэлттэй харьцуулаад харвал маш бага мөнгө. 2009 он хүртэл 7,5
тэрбум төгрөг л байршуулж байсан юм. Түүнийг банк жилийн хугацаатай
зээлээд эргэлдүүлээд явж байлаа. Энэ эргэлтийг дэмжихийн тулд 2010 оноос
долоо, найман тэрбум төгрөг нэмээд 15 тэрбум төгрөгийг банкуудад
байршуулсан. Өнгөрсөн оны эцсийн байдлаар харахад 15 тэрбум төгрөг зээл
болж гараад буцаад төлөгдчихсөн байна. Эндээс тэдгээр хүмүүс зээл авах
сонирхол байна. Тэгэхийн тулд банкны зээлийн түүхээ муу байлгахыг
хүсэхгүй байна. Бүгдээрээ эргүүлээд төлчихөж. Шударгаар ажиллах
сонирхолтой, эрсдэлээ бүрэн тооцоолж ажиллаж чадаж байна гэсэн үг. Харин
зээлийн мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байгаа юм. Зээлийн эрэлт их байна
гэсэн тооцоо гарсан. Тиймээс төсвийн тодотголоор өмнөх 15 тэрбум дээр 22
тэрбум төгрөгийг нэмж банкуудад байршуулсан.

-Банкуудыг яаж сонгож байгаа юм бэ. Сонгогдсон банкууд чинь эрсдэлээ
бодоод нөгөө зээлийг чинь олгохгүй өөрсдөө эргэлдүүлээд байх вий дээ?

– Хуучин бол 1,25 хувийн хүүтэйгээр цаашаа зээлдүүлэх ёстой гэдэг
шалгуур тавьдаг байсан юм. Банкуудыг сонгон шалгаруулахдаа нэг том
шалгуур тавьсан нь 1,25 хувийн хүүгээс хамгийн бага хүү санал болгосон
банкинд өгөхөөр болсон. Ингэснээр банкууд иргэдэд 0,6-0,8 хувийн
хүүтэйгээр олгоё гэсэн санал тавилаа. Үүний үр дүнд 22 тэрбум төгрөгийг
0,6-0,8 хувийн хүүтэй гаргана гэсэн үг. Өмнө нь ганцхан жилийн
хугацаатай зээл өгдөг байсан бол одоо хоёр жилийн хугацаатай олгоно.
Өмнө нь дээд тал нь иргэдэд гуравхан сая төгрөг, аж ахуйн нэгжид таван
сая төгрөгийн зээл олгодог байлаа. Одоо иргэдэд тав, аж ахуйн нэгжид 10
сая хүртэлх төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай бага хүүтэй авах
бололцоог олголоо.

-Банкууд мөнгийг чинь авчихаад иргэдэд өндөр хүүтэй олгоод байх юм биш биз дээ. Тэдэнд энэ зээлийг олгосноор ямар ашигтай юм бэ?

-Бид банктай гэрээ хийчихсэн. Хэлснээсээ дээш хүүтэй олгохгүй шүү гээд.
Банк бол иргэдэд олгож буй зээлийнхээ 0,8 хувийн хүүг өөрсдөө ашиг
болгож авна. Бид тэднээс хүү авахгүй. Харин мөнгөө эргүүлж аваад
буцаагаад байршуулаад зээлдүүлнэ. Ийм л системээр явж байгаа. Өмнө нь
байсан 15, төсвийн тодотголоор нэмсэн 22, дээр нь Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих сангаас ахиад 15 тэрбумыг нэмээд нийт 52 тэрбум төгрөгийг бага
орлоготой иргэдэд хүү багатай зээл олгоход зориулна. Маш их хэмжээний
зээл шүү.

-Энэ 52 тэрбумыг улсын хэмжээнд тараах юм уу. Эсвэл…?

-Үүнээс гадна Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 24 тэрбум төгрөгийг
иймэрхүү байдлаар байршуулна. Ингэснээр малчдад зээл авах боломж бүрдэх
юм.

-Өмнө нь олгож байсан 15 тэрбум төгрөгийг нийт хэдэн хүнд хүртээж байсан юм бол?

-Нийт 40 орчим мянган хүнд энэ мөнгө зээл болон очсон.

-Иргэд энэ зээлийг барьцаагүйгээр авах боломжтой юу. Тийм бол яаж зохицуулах юм?

-Бид шинэ хуульд Баталгааны сан, эрсдэлийн сан урамшууллын сан гэсэн
гурван санг байгуулахаар тусгасан, журмыг нь Засгийн газарт оруулсан.
Гэтэл Сангийн яамнаас Банкнаас авах зээлийн даатгалын хуулийн төслийг
боловсруулж байгаа гэсэн. Үүнтэй нэгтгэж шийднэ гээд хойшлуулчихлаа.
Гэхдээ энэ сангууд тухайн хуулиас огт өөр л дөө.

-Бас багагүй хугацаа алдах нь ээ?

-Бид аль болох хурдлуулах талаас нь шамдуулна. Үүнийг шийдсэнээр зээл
авч чадахгүй байгаа барьцаагүй хүмүүст нэлээд боломж гарч ирнэ. Банк
өөрсдийн олгож байгаа зээлдээ санаа зовохгүй болно гэсэн үг.

-Яагаад?

-Яагаад гэвэл төр баталгаа гаргаад өгчихөж байгаа болохоор санаа зовохгүй болно.

-Зээл авсан хүмүүс ямар нэгэн байдлаар эрсдэлд орж, зээлээ төлж чадахгүй болчихвол яах вэ?

-Магадгүй тийм тохиолдол гарна. Зээл аваад ногоо тарьж. Гэтэл ган
болоод, эсвэл үерт урсчихсан гээд давагдашгүй хүчин зүйл гарч болно. Ийм
нөхцөл байдлыг үндэслээд эрсдэлийн сан гэж байгуулна. Энэ сангаас тийм
хүмүүсийн зээлийн тодорхой хэмжээг төлж өгнө.

-Магадгүй түүнд бүгд л хамрагдах гээд янз бүрийн шалтаг, шалтгаан тоочоод байх юм биш үү?

-Тийм үзэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Түүнийг тооцсон. Орон нутагт энэ
асуудлыг хариуцсан зөвлөл байгуулах юм. Тэр зөвлөл ажлын хэсэг гаргаад
асуудлыг шалгаад бодит эсэхийг нь тогтоох юм.

-Орон нутагт нэлээд эрх мэдэл төвлөрөх нь. Нөгөөдүүл маань хамаатан садан, танил талдаа зээл тараагаад байх вий дээ?

-Өмнө нь орон нутгийн удирдлагуудтай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
ажилгүйдлийг арилгана, ядуурлыг бууруулна гээд гэрээ хийдэг ч дээрээс
хуваарилсан мөнгийг зөвхөн орон нутаг дахь Хөдөлмөр халамжийн хэлтсээр
тараагдаад явчихдаг байсан юм. Тиймээс үүнд орон нутгийн удирдлагууд
бараг оролцоогүй байсан гэж болно. Харин одоо өөрчлөөд Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих сангаас хуваарилдаг мөнгийг орон нутгийн удирдлагад
өгье гэж байгаа юм. Орон нутгийн удирдлагууд энэ мөнгийг хөдөлмөр
эрхлэлтийн дэд сан байгуулж байршуулаад төсвийн мөнгөө нэмэрлээд
ядууралтай тэмцэж, ажлын байраа нэмэгдүүлэх ажлаа хийх юм. Үүнээс гадна
Хөдөлмөр эрхлэх сангийн мөнгийг  хөтөлбөр рүү шилжүүлчихсэн байгаа.
Ингэснээр үр дүнтэй жижиг, жижиг хөтөлбөрүүдийг дэмжих боломжтой болно.
Хуучин хуулиар ямар нэгэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд заавал ядуу,
хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэх ёстой гэхчилэн олон шалгууртай
байсан. Одоо бол ажил олох сонирхолтой иргэдэд зориулсан, 40-өөс дээш
насныхан зориулсан, хөдөлмөрийн чадвараа алдагдсдад зориулсан, тэтгэвэрт
гарсан эмч, багш нарт зориулсан гэхчилэн орон нутагтаа тохирсон
хөтөлбөрүүд хэрэгжүүлэх бололцоотой болсон. Тэгэхээр бага орлоготой
иргэдийг дэмжих хамгийн том хуулийн орчинг бүрдүүлсэн.

-Энэ бүхнийг төрийн байгууллагууд л дангаараа хариуцаад хийх үү?

-Энэ ажилд Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдыг татан оролцуулна. Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих хуулиар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл байгуулсан.
Энэ зөвлөлд ажил олгогч, үйлдвэрчин гээд бүгдийнх нь төлөөлөл орж
байгаа.

-Энэ зөвлөлийг тэгээд хэн толгойлох вэ?

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд. Энэ зөвлөл Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих сангийн хөрөнгийг орон нутагт хуваарилах хуваарийг хийнэ. Харин
жилийн эцэст орон нутагт өгсөн мөнгийг удирдлагууд нь хэрхэн үр дүнтэй
зарцуулав гэдгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хяналт,
мониторонгийн газраас хянана. Үүний дараа үр дүнтэй ажилласан эсэхээс
шалтгаалаад орон нутгийн ирэх оны мөнгийг нэмэх эсвэл хасахыг дээрх
зөвлөл шийднэ. Үр дүнгээс шууд хамаарна гэсэн үг. Үр дүнтэй ажиллах
тусам тухайн аймаг, орон нутагт хуваарилах мөнгө нэмэгдэнэ. Муу
ажилласан бол багасна. Муу ажилласан орон нутгийн удирдлагыг Засгийн
газрын хэрэг эрхлэх газар, орон нутгийн ИТХ-д нь дүнг нь тавиад явуулна.
Тэд асуудлаа шийднэ гэсэн үг. Ингэхээр Засаг дарга сайн, муу ажилласан
тухай бус Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдтай байгуулсан гэрээний
дагуу ядуурлыг бууруулж чадсан уу, өгсөн мөнгийг зөв зарцуулан ажлын
байр бий болгосон уу гэдгээр асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, орон нутагт
эрх мэдлийг нь өгөөд хяналтаа дээрээс бодлогоор тавьдаг болж байна
гэсэн үг. Үүн рүү шилжих бүх алхмыг хийчихлээ.

-Хөдөлмөр эрхлэх сан хаанаас ийм их хөрөнгөтэй болчихсон юм бэ?

-Энэ ажлыг хийхээс өмнө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд орох ёстой
орлогууд яагаад ийм бага байна вэ гэдгийг бид тооцож үзсэн. Ингээд
судалж үзэхэд, Монголд ажиллаж буй гадаад, ялангуяа Хятад ажиллах хүчинд
ажил олгосон төлбөрүүдийг хэдэн мянгаар нь Засгийн газрын хуралдаанаар
чөлөөлчихдөг байсан юм билээ.

-Улстөрчдийн компаниудын ятгалгаар гэж ойлгож болох уу?

-Нэг ёсондоо компаниуд лобби хийж Засгийн газрын хуралдаанаар асуудлаа
оруулж төлбөрөөс чөлөөлөгдөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд мөнгө
ордоггүй байсан юм билээ. Үүнээс болоод Монгол ажилчдын ажлын байранд
гадныхан ажиллаж өөрсдөө ажилгүй хоцордог. Монголчуудыг ажлын байртай
болгох санд нь мөнгө байхгүй, асуудлаа шийдэж чаддаггүй байсан гэсэн үг.
Тиймээс хуулийн хүрээнд ийм утгагүй байдал үүсэх бололцоо олгож буй
журмуудыг түдгэлзүүлсэн. Шинээр боловсруулсан журманд гадныханд найр
тавьдаг тэр бүх замыг хаасан. Монголд ажиллаж буй гадны ажилчдаас
бүгдээс нь төлбөр аваад эхэлсэн чинь Хөдөлмөр эрхлэх санд өмнө нь 20
орчим тэрбум төгрөг цугладаг байснаа 76 тэрбум төгрөг боллоо. Үүний 57
тэрбум төгрөг дан ажлын байрны төлбөр нийлбэр. Үлдсэн нь Жижиг зээлийн
сангийн эргэн төлөлт. Энэ бүхнийг бодоод үзэхээр шинэ журам асар их үр
дүн авчирч байгаа биз.

-Тухайн компани гадаадын нэг хүнийг ажиллуулснаар хэдэн төгрөг төлдөг юм бэ?

-Нэг хүн ажиллуулсны төлөө 280 мянга 800 төгрөгийг сар бүхэн төлдөг.
Одоо тэр болгоныг авдаг болсон болохоор манай компаниуд гадны ажиллах
хүчийг авчраад сар болгон 280 мянган төгрөг төлөөд дээр нь цалин өгнө
гэдэг ямар ч ашиггүй болсон. Ингэснээр монгол хүнийг ажиллуулах
сонирхолтой болж байна. Нөгөөтэйгүүр зөвхөн ядуу өрхийг бид дэмжээд
байгаа юм биш. Энэ гаргаж буй зээл ажлынхаа чөлөөгөөр аж ахуй эрхлээд
орлогоо нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Бага цалинтай хүмүүсийг ч
дэмжинэ. Үүгээрээ зөвхөн ядуу хүмүүст бус амьдрал ахуйгаа өөдөө татаж,
орлогоо нэмэгдүүлье гэсэн бүхий л хүнд чиглэнэ. Тэр ч утгаараа техник,
тоног төхөөрөмж, туслах материал худалдаж авч байгаа тохиолдолд хоёр сая
төгрөгийн зээл авсан байлаа гэхэд зээлийнх нь хүүг Хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих сангаас төлдөг тогтолцоог хийж өгсөн.

Хэрвээ энэ зээлийг аваад ажлын байраа хадгалаад, өөрийн ажлын байраа өөд
нь татаад маш сайн ажиллаж байгаа бол тухайн хүнд урамшуулал өгдөг санг
байгуулсан. Энэ мэтчилэнгээр бүхий л бололцоо, эрсдэлийг зохицуулж
өгсөн.

-Үүнээс гадна бодит ажлын байранд зуучилж байгаа эсэх нь эргэлзээ
төрүүлдэг. Мянга мянгаар нь ажилд зуучиллаа гээд л ярьдаг. Гэтэл
ажилгүйдэл улам өссөн үзүүлэлт гараад байдаг шүү дээ. Хөдөлмөр, халамж
үйлчилгээний хэлтсүүд ажлын байранд зуучлахдаа хойрго байна уу?

-Хүмүүс ажил хайгаад очдог. Гэтэл Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс
нь Хүний хөгжил сангийн мөнгийг тараагаад завгүй байдаг. Ажлын байранд
зуучилдаг нарийн систем байдаггүй байсан гэж болно. Өөрөөр хэлбэл,
ажилгүй иргэдийн өмнөөс ажлын байр хөөцөлдөж гүйдэг хүн алга. Тиймээс
бид орон даяар хувийн зуучлалын алба гэдгийг гаргаж ирнэ. Хувийн
зуучлалын албад тусгай эрх олгоно. Тэдэнтэй бид гэрээ байгуулна. Хэрэв
тухайн алба ажилгүй хүнийг зуучлаад ажилд оруулсан бол тодорхой мөнгө
өгнө. Хэрвээ тухайн хүнийг гурван сар хүртэл хугацаатай ажиллуулахаар
зуучилсан бол ахиад дээр нь тодорхой хэмжээний мөнгө өгнө. Түүнээс дээш
буюу зургаан сараас илүү хугацаатай ажиллах ажилд зуучилсан бол дахиад
60-70 мянган төгрөг өгнө ч гэдэг юм уу ийм урамшууллын журамтай болгож
байна. Энэ журмыг миний бие ахлаж боловсруулаад сайдын зөвлөлд
оруулахаар өгсөн. Энэ батлагдсаны дараа хувийн зуучлалын албыг хэн ч
байгуулж болно. Тэр алба хүмүүсийг ажилд оруулж, ажил олгогчид ажиллах
хүчтэй болно. Өмнөх зуучлалын албан ажилд зуучилсныхаа төлөө сайндаа
5000 төгрөг авдаг байсан бол одоо хийсэн ажлаасаа хамаараад дээд тал нь
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх мөнгө авна. Энэ мөнгийг авахын
тулд зуучлалын алба сайн ажиллана. Энэ албууд сайн ажиллана гэдэг бол
өөрөө ажлын байр бий болгох маш том тогтолцоо.

-Зуучлалын албанд харин ямар шаардлага тавих вэ?

-Зуучлах алба Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авахын тулд
зуучилсан хүн нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх ёстой.
Хоёрдугаарт, Хөдөлмөрийн төв биржид тухайн хүнээ бүртгүүлж, Хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих санд давхар бүрдүүлсэн байх ёстой. Ингэснээр хоёр том
ажлыг давхар хийж байгаа юм. Ажилтай болж байгаа иргэд Монгол Улсын
ажиллах хүчний нэгдсэн бүртгэлд бүртгэгдчихэж байна. Нөгөөтэйгүүр
нийгмийн даатгалд хамрагдчихаж байна гэсэн үг. Жишээлэхэд, бага
орлоготой өрхөд тэтгэвэртээ гарчихсан, өндөр чадвартай гишүүн байлаа
гэхэд ажлын байранд хүн зуучлах алба байгуулж болно гэсэн үг. Ингэснээр
ажил олдохгүй байгаа хэсэг өөрсдөө ажлын байр бий болгох боломж гарч ирж
байна. Энэ ажлын байраа босгохын тулд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
сангаас жижиг зээл авч болно. Ингэснээр цаашдаа энэ сангийн мөнгийг
нэгжийг хамарсан ажил, эсвэл хоёр, гурван цагаар хүмүүсийг нэг удаад
ажиллуулаад юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй цацдаг ийм тогтолцоог халж
байна. Хүнийг байнгын ажилтай, орлоготой болгох тэр систем рүү явна.

-Нийгмийн даатгалын тогтолцоог үүнтэй холбоотойгоор шинэчлэх үү?

-Нийгмийн даатгалын тогтолцоогоор дамжуулаад ажлын байр бий болгох, орон
сууцтай болгох бодлогыг яг хийж байна. Хөдөлмөр эрхлүүлэх, ажлын байр
бий болгох нь зөвхөн манай яамны хариуцах ажил биш. Төрийн өмчит том,
том үйлдвэр байгуулж буй яамдууд, жижиг үйлдвэрүүдийг дэмжиж буй,
байгаль орчныг дэмжсэн төслүүд гээд бүгд бидэнтэй хамтарч ажиллах ёстой.
Ингэснээр асуудлыг цогцоор нь шийдэж чадна. Дараагийн шатанд,
мэргэжлийн ажилтан бэлтгэх сургалтын тогтолцоог орхичихсон байсныг дахин
сэргээнэ. Боловсролын яам, Мянганы сорилтын сан, “Оюутолгой” гэх мэт
томоохон компаниудтай хамтарч шинэ сургалтын системийг бий болгоно.
Иргэний нийгмийн байгууллагуудтай ч ажиллана. Бидний хийж буй бас нэг
шинэ бодлого бол нийгмийн үнэлгээний талаар уул уурхайн компаниудтай
манай яам гэрээ хийнэ.

-Энэ нь ямар гэрээ байх вэ?

-Тухайн уул уурхайн компанийг дагаад нийгмийн асуудал давхар шийдэгдэх
ёстой. Жишээ нь, Оюутолгойд цэргийн алба хаагчид шиг ч юм уу, намрын
ажилд явж байгаа оюутнууд шиг түр хуаран байгуулахгүй. Тэнд хотхон байх
ёстой. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг бүгд байх ёстой. Энэ мэтээр уул
уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниуд ямар ч газар байсан
нийгмийнхээ асуудлыг яаж шийдэх тухай цогц төлөвлөгөөгөө өг гэдэг
шаардлагыг тавьж эхэлсэн. Ингэснээр Монгол Улсад шинэ хот суурин
байгуулагдана. Үйлдвэр дагасан амьдралын орчин бий болгоно гэсэн үг.
Үүнийг уул уурхайн салбарт ажиллаж байгаа бүхий компанид тавина.    

-Нийслэлийнхээ асуудал руу эргээд орьё. Нийслэлийг хөгжүүлэх гэхээр
төсөв хүрэлцэхгүй байна гэж байнга л хотын удирдлагууд гомдоллодог шүү
дээ. Үнэхээр юундаа ч хүрэлцдэггүй хэрэг үү?

-Нийслэл газраа зарж байна. Нэг га газар сая доллар хүрч байна шүү дээ.
Гэтэл тэр мөнгө нь орж ирэхгүй байна шүү дээ. Хэрэв энэ мөнгө орж ирвэл
манай яамны гаднаас ирэх ажиллах хүчийг авахыг хааж байгаа шиг сан
байгуулж байгаад ажлын байр бий болгохоор зарцуулахгүй байгаа юм.
Хоёрдугаарт, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас өгч байгаа энэ их
мөнгө хаашаа алга болчихоод байна вэ?

-Мэдэхгүй л дээ. Хаашаа алга болчихдог юм бол?

-Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид явцуу хүрээнд тэр мөнгийг нь өөрсдийнхөө
компаниудад хуваагаад л авчихаж байна. Нийслэлийн иргэдийг ажлын байртай
болгохыг дэмжихгүй байгаа. Орон нутгийн удирдлагуудын хувиа хичээж,
намаа бодсон эсвэл нэг жижигхэн ажил хийнгүүтээ түүнийгээ рекламдсан ийм
байдлаас болоод ямар ч дэмшил гарахгүй байна.

-Жишээ нь ямар гарц байна гэж та харж байна?

-НХХЯ-ны харъяанд байдаг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийслэлд
хөрөнгө гаргаж өгч байж 800-гаад хүнийг ногоо тариулсан. Энэ ажлыг бүтэн
жилийн турш нийслэлийн удирдлагууд өөрсдийнхөө хийсэн ажил болгож
рекламдлаа. Нийслэлд мөнгө байхгүйдээ 800 хүнийг ажлын байраар
хангачихаж чадахгүй байгаа юм уу. Үгүй л дээ, харин ч бид мөнгө өгчихөөд
ногоо тариулах газрыг гаргуулахаар бөөн хэрүүл, уруул болж байж
шийдүүлсэн. Хэрвээ манайхаас тэгж мөнгө өгөөгүй бол нийслэлийнхэн хэзээ ч
ийм ажил хийхгүй л байсан. Орон нутгийн удирдлагуудын санаачилга гэж
чухал асуудал байдгийг энэ жишээ харуулна. Тэд жижигхэн ажлаа уулын
чинээ болтол рекламдахыг л мэднэ. Хуучны коммунист үзэл суртлынх нь
үлдэгдэл шүү дээ.

-Тэгээд мөнгөө юунд зарцуулдаг юм бэ?

-Хамаг мөнгөө баахан зөвлөгөөн зохион байгуулахад зарцуулна. Иргэдийн,
албан хаагчдын, өөр юу ч гэнэ үү баахан хүмүүсийн үгийг сонсоно л гэнэ.
Тэгээд тэр олон зөвлөгөөн, хурал хуйнаас нь гарсан үр дүн байдаггүй.
Гэтэл бид тийм хурал, зөвлөгөөн хийгээгүй. Бид зүгээр л юу хийж болохыг
төлөвлөж байгаад л төвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Улаанбаатар
хотоос эхлээд, аймгуудын удирдлагууд энд ирээд л баахан л хуралдаад л
яваад байх юм. Тэрнийхээ эцэст засаг руу баахан шалтаг тоочиж байгаад
мөнгө хуваарилуулна. Түүнийгээ хуваагаад авчихдаг. Иргэдийнхээ нэрээр
хувийнхаа бизнесийг хөгжүүлдэг бохир ажил хийгээд л сууж байгаа.

Л.Нарантөгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж