-Мах ер нь хомсдолтой байгаа, малчид л махаа үнэтэй зараад байгаа юм байлгүй гэсэн хариултыг өгсөн юм.
-Мал 36 сая хол давсан, махны хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангадаг манай орны иргэд иймэрхүү үнээр махаа худалдаж авч, хүнсэндээ хэрэглэж байгаадаа харамсч, малчдыг хараах нь ч бий. Гэтэл үнэндээ малчид малаа үнэтэй зараад өөрсдөө баяжаад байгаа хэрэг огт биш. Энд бас хэтэрхий их үнэ өсгөдөг ченжүүдийг буруутгах нь ч бий. Харин цөөн тооны бизнес эрхлэгчдийн явуулж буй нөөцийн махны үнийг өндөр тогтоолгож өөрсдийн махаа ахиу үнээр зарах гэсэн бодлогын чанартай мөлжлөг гэх хүн ч бас байна. Үнэтэй мах худалдан авч, хүнсэндээ хэрэглэхээс халширсан ард иргэд нөөцийн мах гарч ирэхийг тэсэн ядан хүлээж байгаа нь мэдээж. Зах зээлийн үнээс харьцангуй доогуур үнээр худалдаалагддаг нөөцийн махыг хэзээ худалдаанд гаргах, ямар үнэтэй, хэдий хэр хэмжээний мах гаргах талааар Нийслэлийн захирагчийн албаны хүнсний хангамж хариуцсан мэргэжилтэн О.Уянгаас тодруулсан юм.
-Сүүлийн үед махны үнэ нэлээд өсөж иргэдийг бухимдуулаад байгаа. Зах зээлийн үнээс доогуур зарагддаг Нөөцийн мах яг хэзээнээс худалдаанд гарах юм бол. Хэдэн төгрөгөөр худалдаалахаар төлөвлөөд байгаа вэ?
-Энэ жил Нийслэлийн хэмжээнд 22 гаруй аж ахуй нэгжийн бэлтгэсэн 12 мянган тонн нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргахаар төлөвлөөд байна. Ингэхдээ нийслэл дүүргийн хороо болгонд 2-3 цэг буюу үйлчилгээний төв дэлгүүрүүдээр худалдаална. Харин хэдэн төгрөгөөр зарахыг шийдээгүй байгаа. Зах зээлийн судалгаа хийж байж шийднэ. Ямар ч байсан гадуур худалдаалж буй махны үнээс нэг мянган төгрөгөөр доогуур зарахаар төлөвлөсөн. Ирэх долоо хоногийн сүүлээр бараг үнээ тогтоочих байх.
-Худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа уг нөөцийн мах иргэдийн хэрэгцээнд хэр хүртээмжтэй байх юм бол. 12 мянган тонн махаар хэр хугацаанд иргэдийн хэрэгцээг хангаж чадах вэ?
-Өнгөрсөн жил бас 12 мянган тонн мах нөөцөлж, зургадугаар сар хүртэл худалдаалсан. Энэ жил ч мөн тийм байх болов уу гэж бодож байна.
-Нөөцийн мах удаан хугацаанд хадгалагдаж, шилэгдэн хуучирсан байдаг гэх иргэд байдаг. Үүнийг зохицуулах, иргэдэд чанартай хямд үнэтэй нөөцийн махыг худалдаалах талаар ямар нэгэн ажлыг зохион байгуулсан уу. Үүнийг яаж шийдэх вэ?
-Өнгөрсөн жил худалдаанд гарсан 12 мянган тонн мах бүгд зарагдаж дууссан. Тийм болохоор энэ жил ч тйимэрхүү асуудал гарахгүй болов уу. Нөөцийн махыг худалдаанд гаргаж буй гол зорилго нь иргэдийг хямд үнэтэй махаар хангах, махны үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх л гэсэн бодлого шүү дээ гэсэн юм.